Дүүргийн Газрын албад улирал тутам хэлэлцүүлэг хийж, иргэдэд мэдээлэл өгдөг болно
Иргэд газрын харилцааны талаар мэдлэг, мэдээлэл муу, тэр бүр дүүргүүдийн Газрын албанд ирж мэдээлэл авч чаддаггүй. Энэ байдлаасаа болж хохирох явдал ч цөөнгүй гардаг. Тэгвэл энэ байдлыг арилгах үүднээс Дүүргийн газрын албад улирал тутамд “Газрын харилцаа” сэдэвт хэлэлцүүлгийг тухайн дүүрэг дээрээ хийж байхаар болжээ.
Нийслэлийн Газрын албанаас өнгөргсөн нэгдүгээр сард “Газрын харилцаа” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун өчигдөр мэдээлэл хийхдээ энэ талаар мэдэгдсэн юм.
Иргэдийг чирэгдүүлэхгүй түргэн шуурхай үйлчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор үнэн зөв мэдээллийн иргэдэд хамгийн ойроос мэргэжлийн байгууллага цаг тухайд нь хүргэх боломж бүрдэнэ.
Нэгдүгээр сард болсон хэлэлцүүлгээс нийслэлийн газрын албанд нийт 560 гомдол санал ирснийг тэрээр Дүүргүүдийн газрын албадад танилцуулсан юм. Ирсэн өргөдөл, гомдлын 41 хувь буюу 230 нь газар шинээр хүссэн, 20 хувь буюу 112 нь газрын маргаан шийдвэрлүүлэх, 14 хувь буюу 80 нь орц, гарч чөлөөлөх, 8 хувь буюу 45 нь эрх шилжүүлэх, хугацаа сунгах, 7 хувь буюу 38 нь газар өмчлөх хүсэлт, 1 хувь буюу 6 нь албан хаагчтай холбоотой асуудал, 9 хувь буюу 49 нь санал хүсэлт, лавлагаа авах, газрын хэмжээ байршил өөрчлөх хүсэлт байна. Дээрх 560 өргөдөл гомдлын 56-г шийдвэрлэсэн, 39 нь шийдвэрлэх шатандаа, 313 нь шийдвэрлэх боломжтой, 152 нь судлагдан хүлээгдэж байгаа болохыг тэрээр танилцуулж, нийслэлийн төвийн зургаан дүүргийн Газрын албад дүүрэг тус бүр дээр улирал тутам "Газрын харилцаа" хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.
Ингэснээр иргэдийг чирэгдүүлэхгүй түргэн шуурхай үйлчлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилгоор үнэн зөв мэдээллийн иргэдэд хамгийн ойроос мэргэжлийн байгууллага цаг тухайд нь хүргэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм байна.