Ц.Цэрэнпунцаг: “Хуулийн хэрэгжилт” арга хэмжээний хүрээнд 1520 гаруй ААН-үүдэд шалгалт хийлээ
Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн байгууллагаас нийт гэмт хэргийн 30 гаруй хувийг дангаар эзэлдэг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж байгаа ажээ. Энэ хүрээнд том оврын авто машины аккумлятор, приүс авто машины хөнгөн яндан хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ.
Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг:
“Цагдаагийн байгууллагаас энэ гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 01 хүртэл “Хуулийн хэрэгжилт” нэгсдэн арга хэмжээ зохион байгуулж байна. Арга хэмжээний гол зорилго нь архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурах явдлыг бууруулах, архины хор уршгаас урьдчилан сэргийлэх, архидан согтуурсан үедээ үйлдэж буй гэмт хэргийг багасгах чиглэлээр зохион байгуулж байна.
“Хуулийн хэрэгжилт” арга хэмжээ эхэлснээс хойш 14 хоногт цагдаагийн байгууллагаас өдөр бүр хяналт шалгалт зохион байгуулж байна. Үүний хүрээнд 1520 гаруй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хийж , 65 иргэнийг 500 гаруй сая төгрөгөөр торгосон.
Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Мөн их дээд сургууль, томоохон аж ахуй нэгж байгууллагуудад гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр ухуулга, яриа таниулга хийж байна” хэмээлээ.
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга М.Болдбаатар:
"Сүүлийн үед авто машины эд анги тэр дундаа том оврын машины аккумлятор, приүс авто машины зөөлөн яндан хулгайлах гэмт хэрэг нэмэгдэж байна. Тиймээс эргүүл хяналтын ажиллагааг эрчимжүүлж 150 гаруй аккумляторыг удаа дараагийн үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан бүлэг этгээдийг олж тогтоон баримтжуулан шалгаж байна. 17-23 насны зургаан залуу хоёр автомашинтайгаар Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нийт 150 аккумлятор хулгайлсан нь тогтоогдоод байна. Хулгайн аккумляторуудаа зургаан түүхий эдийн цэгт зарж борлуулж байсныг тогтоосон шалгаж байгаа. Тус зургаан түүхий эд авах цэгт хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн" хэмээлээ.
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү
“Жи таймс” сүлжээтэй сүлжээтэй холбоотой хэргийг та бүхэн мэдэж байгаа байх. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгах ажиллагаа дуусах шатанд явж байна. Тиймээс “Жи таймс” сүлжээний хохирогчдыг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн байцаах албанд энэ сарын 20-оос өмнө ирж хэргийн материалтай танилцана уу”хэмээлээ.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|