НГА: Монгол Улсын нийт хүн амын 15 хувь нь газар өмчилсөн
Монгол Улсын нийт хүн амын 15 хувь нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан талаар Нийслэлийн газрын алба мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд 2003-2018 онд нийт 191 мянга 200 гаруй иргэнд 10 мянга гаруй га газар өмчлүүлжээ. Одоогоор хотын суурьшлын бүсийн газар өмчлөл 80 хувьтай байгаа юм байна. Гэр бүлийн хэрэгцээнд нэг удаа газар үнэгүй өмчлүүлэх хугацаа энэ оны V сарын 1-нд дуусна. Харин энэ хугацааг сунгах хүсэлтийг холбогдох байгууллагаас Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байна. Тус асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм. Түүнчлэн Нийслэлийн газрын алба газар өмчлүүлэх аяны хүрээнд V сарын 1 хүртэл хоёр сарын хугацаанд иргэдэд 13 мянга гаруй нэгж талбарыг өмчлүүлэх зорилттой байгаа. Нийслэлийн суурьшлын бүсэд 51 мянга гаруй нэгж талбарыг өмчлүүлэх боломжтой юм байна. Үүнээс гадна цахим газар өмчлөл одоогоор зогссон. Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулууны мэдээлснээр цахим өмчлөлийн хүрээнд 69 мянга 800 гаруй иргэн бүртгүүлжээ. Харин хүсэлтээ цахимаар хүргүүлсэн нэг ч иргэн газраа эзэмшээгүй байна. Эдгээр газрын хувьд, зураглалыг нь гаргахдаа төлөвлөлт дутмаг хийсний улмаас дэд бүтцэд холбогдоогүй мөн гэр бүлийн хэрэгцээнд ашиглах боломжгүй байжээ. Дашрамд мэдээлэхэд, Монгол Улсын иргэн газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу нийслэлд 0.07 га, аймгийн төвд 0.35 хүртэл га харин сумын төв, тосгонд 0.5 га газар өмчлөх боломжтой.
Эх сурвалж: bloombergtv.mn
|