Үнэгүй газар өмчлүүлэх хуулийн ЗААЛТЫГ хугацаагүй болгоно
“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль 2002 оны зургадугаар сарын 27-нд батлагдаж, 2003 оноос мөрдөгдөж эхэлсэн. Уг хуульд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлүүлэх хугацааг зааж өгсөн бөгөөд 2005 онд гурван жилээр 2008, 2013 онд таван жилээр сунгасан байдаг. Тэгвэл уг хуулийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусахаар болсон. Энэхүү хуулийн хугацаа дууссанаар иргэд гэр бүлийн зориулалттай 0.7 га газраа есөн сая 240 мянган төгрөгөөр өмчилж авах юм.
Одоогоор нийт иргэдийн 14 хувь нь газраа өмчилж авсан гэсэн албан ёсны мэдээллийг Нийслэлийн газрын албанаас өгсөн. Мөн нийслэлийн хэмжээнд иргэдийн эзэмшилд байгаа хашааны газруудад тооллого хийсэн байна. Ингэхэд 86.4 хувь нь газраа өмчилж авсан аж. “Улсын хэмжээнд газар өмчлөл хангалтгүй хэмжээнд байгаа. Тиймээс иргэнд гэр бүлийн зориулалттай газрыг нэг удаа үнэ төлбөргүй олгох хуулийн хугацааг сунгах шаардлагатай” хэмээн Газрын албанаас сануулж байгаа юм.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Нийслэлийн газрын албанд “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх хуулийн заалтыг хугацаагүй болгох тухай хуулийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байна.