Улаанбаатар хот 15 дагуул хоттой болно
“Блумберг ТВ Монголиа” болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Утаагүй Улаанбаатар” форумын үеэр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга “Улаанбаатар хотыг 15 дагуул хоттой хөгжүүлнэ хэмээн мэдээллээ. Тэрбээр “Улаанбаатар хотын төвлөрөл хэт их болж, гэр хороолол тэлснээр жилээс жилд агаарын бохирдол ихэссээр байгаа. УИХ-аас “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг” гэж баталсан. Уг баримт бичиг Улаанбаатар хотыг 15 дагуул хоттой хөгжүүлэхээр тусгасан. Ингэхдээ тухайн хот болгон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, барилгын материалыг хөгжүүлэх зэрэг өөрсдийн гэсэн чиг үүрэгтэйгээр хөгжинө. Одоогоор 15 дагуул хотын наймынх нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан. Үлдсэнийг нь боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Ерөнхий төлөвлөгөөг нь баталсан дагуул хотуудын байршлын хувьд Жаргалант, Эмээлт, Хөшигтийн хөндий, Туул, Сонгино, Өлзийт, Гачуурт орчим болоод Багануур, Багахангай, Налайх зэрэг алслагдсан дүүрэг багтсан” гэв.
Форумын үеэр Нийслэлийн Засаг дарга С.Батболд “2019 оны дөрөвдүгээр сар гэхэд нийслэл хот түүхий нүүрсний хэрэглээг зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ ажлын бэлтгэл болгон салбарын яамтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж, сайжруулсан түлш үйлдвэрлэх, худалдаалах, үнэ тарифыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Улаанбаатар хотод 202 мянган өрх гэр хороололд амьдарч, жилдээ нэг сая 200 мянган тонн нүүрс түлдэг. Үүнийг сайжруулсан түлшээр хангая гэж тооцвол жилийн хэрэглээ 600 мянган тонн болж байна. Хоёрдугаар дулааны цахилгаан станцын дэргэдэх үйлдвэр жилдээ 300 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх бол энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжүүд үлдсэн 300 мянган тонныг нийлүүлнэ. Энэхүү станцын хажууд баригдсан 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий жилд 200-300 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай түлшний үйлдвэрийн туршилтын ажлууд эхэлсэн. Нөгөө талаар үнэ тарифыг бууруулах нь чухал асуудал юм. Ер нь сайжруулсан түлш түлээд утаагүй болчихно гэсэн үг биш. Утааг бууруулах өөр нэг гол арга зам нь орон сууцжуулах юм. Тиймээс “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг НИТХ-ын ээлжит XIV хуралдаанаар батлуулсан. Энэ хөтөлбөр олон талын ач холбогдол авчрахын зэрэгцээ, өндөр үр дүн өгөх учиртай. “Сервис центр” байгуулах ажил энэ хавраас эхэлнэ. Нийслэлээс нэгийг, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус бүр нэг нэгийг барина. Намар гэхэд эхний “Сервис центр”- ын бүтээн байгуулалт дуусна” гэлээ.
Мөн энэ үеэр түлш боловсруулах, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж орон сууцжуулах, цахилгаан халаагуурын хэрэглээг нэмж, автомашины хэрэглээг бууруулах, бүсчилсэн төлөвлөлт хийх зэрэг шийдлийг хэлэлцсэн юм. Манай улс агаарын бохирдлыг 2025 гэхэд 80 хувь бууруулах зорилт тавьсан. Энэ хугацааны тал буюу 2022 он хүртэл 10 их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 208 тэрбум төгрөг зарцуулсан гэдгийг форумд оролцогчид онцолж байв.