Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд хяналт шалгалт хийгдлээ
Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэрт хийж буй хяналт шалгалтын ажлын явцад нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд нь 2005 онд үйлдвэрлэгдсэн их багтаамжийн автобуснуудыг үйлчилгээнд ашиглаж, автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа зөрчил илэрлээ.
Нийслэлийн Тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 аж ахуйн нэгжийн 173 их багтаамжийн автобус нь “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS5012:2011 улсын стандартын 7.4 /Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд үйлдвэрлэснээс хойш 12-оос дээш жил ашигласан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглоно./-т заасан шаардлагыг хангахгүй болсон, үйлдвэрлэгдсэнээс хойш 13 жил ашиглагдсан тул автобуснуудыг нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох тухай улсын ахлах байцаагчийн акт гаргав.
Улсын ахлах байцаагчийн актыг хэрэгжүүлж, автобуснуудыг “Бүртгэлийн сан”-гаас хасч, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ашиглахыг зогсоох талаар Нийслэлийн Тээврийн газарт, автобуснуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар Замын Цагдаагийн албанд албан бичиг тус тус хүргүүлсэн болно.