2020 он гэхэд Улаанбаатар хот 100 “СЕРВИС ЦЕНТЕР” төвтэй болно
Гэр хорооллын дэд төв буюу “Сервис центр”-ийн загвар төслийг Чингэлтэй дүүргийн VII хороонд хэрэгжүүлэхээр болсон байна. Барилгын ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлж, 11 дүгээр сард хүлээлгэж өгнө гэдгийг Гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээллээ. Нэг “Сервис центр” барих дундаж өртөг таван тэрбум орчим төгрөг бөгөөд эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг Нийслэлийн төсвөөс гаргахаар болсон байна. Цаашид 2020 он гэхэд Улаанбаатар хотод 100 орчим “Сервис центр”-ийг барьж ашиглалтад оруулж, 20 мянган хашааг дэд төвд холбохоор тооцжээ. Эхний ээлжид төсөл хэрэгжих боломжтой 11 байршлыг тодорхойлоод байгаа юм. Дараагийн дэд төвийг Сүхбаатар дүүргийн XVIII хороонд барих бөгөөд төслийн санхүүжилт одоогоор шийдэгдээгүй байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгийн мэдээлснээр “Энэ онд нийслэлийн хөрөнгөөр нэг дэд төвийг барихаас гадна Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хөрөнгөөр нэг нэг “Сервис центр”-ийг ашиглалтад оруулна. Ирэх 2019, 2020 онд барих “Сервис центр”-үүдээ бүгдийг нь төлөвлөсөн. Нэг “Сервис центр” барихад 6-7 сар болно гэж бодож бүх ажлаа төлөвлөчихсөн байна. 2020 он гэхэд Улаанбаатар хотод нийт 100 “Сервис центр”-тэй болно. Иргэд зөвшөөрөөд төсөв санхүү асуудалгүй шийдэгдэх юм бол бүх ажил боломжтой” гэжээ. Нэг дэд төв буюу “Сервис центр”-ийг байгуулснаар 200-300 өрхөд түгээлт хийх боломжтой болох юм байна. Эдгээр “Сервис центр” бүхий орон сууцны бичил хорооллуудыг байгуулснаар хотын агаарын бохирдол 30-40 хувиар буурч, 11.5 мянган га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгах эерэг талтай гэдгийг Гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээллээ.