Салютад болгоомжтой хандахыг анхааруулав
Нийслэлийн Онцгой байдлын алба хаагчид арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдрийн 09:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Шинэ жилийн баярын цэнгүүнийг тэмдэглэх арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн шөнө Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Маахуур толгой зэрэг таван газарт албан ёсны зөвшөөрөлтэй компаниас пиротехникийн хэрэгслийг ашиглах, буудуулах ажиллагааны үеэр нийслэлийн Онцгой байдлын газраас галын аюулгүй байдлыг хангуулж, хамгаалалтанд үүрэг гүйцэтгэн ажиллах техник, хүн хэрэгслийг томилгоожуулан, бэлэн байдлыг хангуулаад байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглосон мөн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг тус тус хориглосон байдаг аж.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд зохих зөвшөөрөлгүй газраас болон иргэдиийн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл буюу бидний хэлдэгээр салютыг худалдан авч ашиглах, хэрэглэх, буудуулахгүй байх тал дээр онцгойлон анхаарч, өөрсдийн болон бусдын эрүүл мэндэд хохирох учруулахгүй байх, түлэгдэж гэмтэх, бэртэх зэрэг эрсдэл үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас нийт иргэдэд анхааруулж байна.