Иргэдийг хот төлөвлөлтийн нэгдсэн мэдээллээр хангана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилт тусгагдсан. Уг зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаа болон төрөл бүрийн өгөгдөл мэдээллийг газар зүйн мэдээлэлд боловсруулан багтаасан “Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн сан”-г бий болгож, иргэдийг мэдээ мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэх зорилготой онлайн системийг хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн боллоо.
Орон зайн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санг https://ulaanbaatar.maps.arcgis.com цахим хаягаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад болон иргэд олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ ирэх баасан гаригт буюу энэ сарын 22-ны 09.00 цагаас Нийслэлийн Иргэний танхимын хурлын зааланд болно гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.