ДЭД БҮТЦЭД дэвшил гаргасан НЭГ ЖИЛ

2017 оны 12 сарын 07

Arslan.mn

Тулгын гурван чулуу

Хотын дэд бүтцийн тулгын гурван чулуу нь орон сууц, авто зам, нийтийн тээвэр. Улаанбаатар хотын хувьд ч гэсэн энэ гурван чиглэлд илүү анхаарч, томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Эдгээрээс гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууц хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр өрнөсөн бүтээн байгуулалтын талаар онцолъё. 

Нийслэлийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө орлогод нийцсэн орон сууцыг дэмжих хууль, эрх зүйн зохистой орчин бүрдүүлж, институцийг бэхжүүлнэ гэж тусгажээ.

...Нийслэлийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлнэ. Улаанбаатар хотод сэргээгдэх болон эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгож, газар зохион байгуулалтыг шинэчилж, дэд бүтцийн салбарт шинжлэх ухаанд суурилсан, ухаалаг шийдэл бүхий шинэ техник, технологи нутагшуулна.

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс 

Нийслэлийн инженерийн хангамжтай орон сууцны хүрэлцээг 2030 онд 79 хувьд хүргэнэ. Нэг хүнд ногдох орон сууцны талбайг 13.5 ам метр хүргэнэ.

232 өрх түрээсийн орон сууцанд оров.

Дахин барилгажуулах төслөөр 24 өрх шинэ орон сууцтай болов.

Дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд шинээр 611 айлын орон сууц ашиглалтад орж, 1000 айлын орон сууцны шав тавилаа.

2017 онд нийслэлийн хэмжээнд 677 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийсэн гэсэн дүн мэдээ байна. Энэ хөрөнгөөр ямар ажлууд хийснээ нийслэлийн Засаг дарга саяхан тайлагнажээ. Голлох хөрөнгө оруулалт нь гэр хорооллын дахин төлөвлөлт, шинээр орон сууц барих, зам тавих, өргөтгөх шинэчлэх ажилд зориулагдсан байна.

Дахин төлөвлөлтийн шинэ хөрс

Дэд бүтцэд дэвшил гаргасан нэг жил

Нийслэлийн зүгээс Улаанбаатар хот доторхи төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болохоор зорьж байгаа. Энэ зорилтоо биелүүлэхэд Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төсөл чухал үүрэгтэй. Азийн хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй уг төслийн II үе шат эхлээд байгаа юм. Дээрх төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн 320 сая ам.долларын хөрөнгөөр нийслэлийн зургаан дэд төвийг гурван үе шаттайгаар барьж байгуулахаар төлөвлөсөн байна. 

Эдгээр төвүүдэд төрийн үйлчилгээ, худалдаа банк, санхүү, даатгал бусад үйлчилгээ төвлөрч, хотын чанартай олон нийтийн төвүүд болох юм. Төслийн хүрээнд “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвийн дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэн дараагийн шатны Дамбадаржаа, Дэнжийн мянгын дэд төвийн ажлыг эхлүүлээд байна. 

Бүр тодруулах юм бол “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвүүдэд цэвэр, бохир усны инженерийн шугам, сүлжээний барилга, угсралтын ажил, үерийн хамгаалалтын далан суваг болон шинээр авто зам, гүүр барих ажил мөн 240 ортой хоёр хүүхдийн цэцэрлэг, хоёр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг инженерийн болон нийгмийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ. Мөн “Сэлбэ” дэд төвийг дулаанаар хангахаар дулааны станцыг шинээр барих ажлыг эхлүүлээд байгаа юм. Үүнээс гадна “Сэлбэ”, “Баянхошуу” дэд төвүүдэд нийт 8,6 км бохирын коллектор шугамын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгаад байгаа аж.

“Сэлбэ” дэд төвд 3,694 өрх айл, 136 аж ахуйн нэгж байгууллага, “Баянхошуу” дэд төвд 3,526 өрх, 137 аж ахуйн нэгж байгууллага төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжтой болж байна. 

Дэд бүтцэд дэвшил гаргасан нэг жил

НИТХ-ын тогтоолоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн нийт 24 байршил батлагдсан. Батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлыг төсөл хэрэгжүүлэх 75 хэсэгчилсэн талбайд хуваасан бөгөөд эдгээр нь нийт 1506,1 га талбай, 16109 нэгж талбарыг хамарч байгаа аж. Энэ нь нийт гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувийг хамарч байгаа юм. Гэр хорооллын дундын бүсэд цогц шийдэл бүхий хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх Дэд бүтцийн төвүүд буюу Сервис центрүүдийг барьж байгуулснаар дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх таатай нөхцөл, шинэ хөрс бүрдэж байгаа ажээ.

Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны 7 дугаар хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн 60 айлын орон сууц ашиглалтад оров. Цаашид үе шаттайгаар 2.5 жилийн хугацаанд 660 айлын орон сууц барина. 

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах төслийн гурав дахь барилга ашиглалтад оров. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулах төслийн хүрээнд Хан-Уул , Баянгол дүүргүүдэд 301 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулжээ.

Нүдээ олсон ажил Гэр хорооллыг дэмжих сан

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлан хэрэгжүүлж буй Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Энэхүү сан нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрийг санхүүжүүлж, гэр хорооллын бүсийн иргэдээ орон сууцжуулах замаар барилга, банк санхүүгийн салбараа бодитоор дэмжих үр дүнтэй ажил болж чадаж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Цэрмаа:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн удирдлагын багт ийм сайхан ажил санаачлан хийж байгаад талархаж байна. Гэр хорооллыг орон сууцжуулах хамгийн нүдээ олсон ажил болсон байна. Та бүхний цаашдын ажил, амьдралд амжилт хүсье. 

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Батсайхан:

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас зохион байгуулж байгаа энэ ажил бол үр дүнтэй сайн ажил болж байна. Залуу гэр бүл өөрийн гэсэн орон байртай болно гэдэг амьдралын маш том баталгаа. Маш их баяртай байна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын хамт олонд талархсанаа илэрхийлмээр байна. 

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас анхны иргэн долдугаар сард зээл авч байрны түлхүүрээ гардан авч байсан бол түүнээс хойш олон арван иргэн уг сангийн дэмжлэгээр байртай болжээ. Тухайлбал, есдүгээр сарын 29-нд дөрвөн иргэн сангийн шаардлагыг хангаж орон сууцны түлхүүрээ гардан авсан бол аравдугаар сарын 24-нд Сонгинохайрхан дүүргээс 7 иргэн, Сүхбаатар дүүргээс 4 иргэн, Чингэлтэй дүүргээс 2 иргэн, Баянзүрх дүүргээс 2 иргэн, Баянгол дүүргээс 1 иргэн тус тус урьдчилгаа төлбөрийн санхүүжилт авах шаардлага хангаж, нийт 16 иргэн орон сууцныхаа түлхүүрийг хотын даргаас гардан авчээ.

Түрээсийн орон сууц буюу хүүгийн дарамтгүй ипотек

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Түрээсийн орон сууц хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр батлагдсанаар тухайн иргэн түрээсээр амьдарч байгаа орон сууцаа 15 жилийн дараа өөрийн болгох боломж бүрджээ. Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материалын үйлдвэрийн газарт 1002 айлын түрээсийн орон сууцны хотхоныг ирэх онд шинээр барина. 

2017 онд дахин төлөвлөлтийн хүрээнд Баянгол, Хан-Уул дүүрэгт 287 айлын 3 орон сууц ашиглалтад орж, 12 дугаар сард 140 айлын 1 орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт нийт 15 барилгыг буулган, барилга угсралтын ажил хийгдэж байна.

Arslan.mn

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү:

Иргэд сар бүр түрээсийн 300-350 мянган төгрөг төлөөд 15 жилийн дараа байраа өмчлөх боломжтой. Өөрөөр хэлбэр байрны үндсэн төлбөрөөс сар болгон төлөх төлбөр хасагдах хэлбэрээр тооцсон. Мөн сар болгон түрээсийн төлбөр төлөөд байрны 30 хувьд хүрсний дараа ипотекийн найман хувийн зээлд хамрагдах боломжтой. 

Түрээслээд өмчлөх зарчмаар хэрэгжих энэхүү төслийн орон сууцны ам метр талбайн үнэ 1.1 сая төгрөг байх юм байна. Мэдээж энэ бол хамгийн доод хязгаар. Ийнхүү иргэддээ хамгийн боломжит таатай болзол, нөхцөлийг санал болгож байгаагаараа Түрээсийн орон сууц хөтөлбөр онцлог юм. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр гэр хорооллын иргэд орон сууцанд ороход хамгийн хатуу шалгуур, өндөр босго болдог урьдчилгаа төлбөр үгүй болно. Мөн иргэдийн нуруун дээр буудаг ипотекийн зээлийн дарамт арилна. Орон сууцны байрын талбайн үнийн хэт хөөрөгдөл ч хөрсөн дээрээ бууна. Аль болох олон айл өрхийг орон сууцанд хамруулж чадсанаар утааны эх үүсвэр болсон яндангууд цөөрч, Улаанбаатарын агаарын бохирдол бодитой буурах болно. 

Түүнчлэн ирэх онд өрнөх том бүтээн байгуулалт бол Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах “Ногоон нуур” хороолол. Гэр хорооллын газрыг чөлөөлсөн 4,2 га талбайд 1008 айлын орон сууцны цогцолбор хотхон баригдана. 960 хүүхдийн суудал бүхий сургууль болон цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, инженерийн байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Энэ 1008 айлын орон сууцны 50 хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдийг өөрийн орон сууцандаа ортол газрыг орон сууцаар солих нөхцөлтэйгөөр оруулах юм байна. Үлдсэн 50 хувьд агаарын бохирдол хамгийн өндөртэйд тооцогддог нэг, хоёрдугаар бүсийн 182612 өрхөөс оруулахаар шийджээ. 

Хотын дэд төвүүд, шинэ суурьшлын бүсийг цогцоор нь хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр ийнхүү амжилттай хэрэгжих зөв эхлэлээ тавьжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
50797
0 эможи
keyboard_arrow_up