ДЭМБ Дэлхийн хотуудын агаарын бохирдлын хэмжээг тогтоожээ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар Агаарын бохирдол жилд 3 сая хүний нас баралтын шалтгаан болж байна. Хятад улс агаарын бохирдлоос болж жилд 1 сая орчим хүн нас барж байгаагаараа хар жагсаалтын тэргүүнд бичигдэж байна. Энэтхэгт энэ тоо 600 мянгад хүрдэг бөгөөд агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтаараа тэргүүлэгч 2 дахь орон болдог байна. Бензин, дизель хөдөлгүүрт автомашины утаа болон нүүрсхүчлийн хийн хаягдлын уршгаар өнөөдөр дэлхийн 2100 гаруй хотод агаарын бохирдол хэвийн түвшнээс даваад байгааг тэд сануулсан байна.
Тухайлбал Их Британийн 44 хотын агаар мандал дахь хорт хийн хаягдлын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон хэмжээнээс их байна. 1990 оноос хойш хатуу түлшийг хязгаарлах арга хэмжээ аваагүйтэй холбоотойгоор агаарын бохирдлын хэмжээ 11.2 хувиар өссөн. 2015 оны байдлаар Азийн 21 оронд 803 мянган хүн нүүрсний хорт хий ялгарлын уршгаар амиа алдсан. Түүнчлэн 2000-2016 оны хооронд агаарын хэм 0.9 цельсээр нэмэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд эх газар далайгаас хурдан дулаарч байгааг онцолж байна. Агаарын дулааралтай холбоотойгоор өндөр настнуудын өвчлөл 125 саяар нэмэгдсэний зэрэгцээ гадаа ажиллах боломж 5.3 хувиар буурчээ. Цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч буй улс орон нэмэгдэж байгаа боловч тэдний ихэнх хувийг өндөр хөгжилтэй орнууд эзэлж байгаа юм байна.
Улс орнууд цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийн тулд тээврийн хэрэгсэл, эрчим хүч, эрүүл мэндийн үйлчилгээгээ сайжруулж байгаа. Энэ ажлын хүрээнд хатуу түлшний хэрэглээг багасгаж, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлж, дахин сэргээгдэх эрчим хүч ашиглах болсон. Цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт жил бүр 77 сая нэмэгдэж байгаа боловч дэлхий дахинд ердийн бензин болон дизель хөдөлгүүртэй 1.2 тэрбум машин байгаа юм байна.
Эх сурвалж: MNB.mn