Олимпийн гудамжинд барих гүүрэн гарц 2019 онд ашиглалтад орно
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Замын цагдаагийн газрын ойролцоо үндсэн гүүр, 2 эгнээ зам, туслах замаас бүрдэх гүүрэн гарц барих төсөл хэрэгжиж эхэллээ.
Төслийн хүрээнд цахилгаан, холбооны шугам сүлжээний ажил эхлэхтэй холбогдуулан трасст орсон мод, бут, ногоон байгууламжийг зайлуулж, шилжүүлэх ажлыг зохион байгуулсан бөгөөд Олимпийн гудамж дахь 157 мод шилжүүлжээ. Үүнээс 107 модыг 10 дугаар сараас эхлэн зөөж, Бээжингийн гудамж, Хот тохижуулах газрын Мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгасан бөгөөд насжилт өндөртэй, үндэс нь гүн суусан, шилжүүлэн суулгах боломжгүй 50 модыг 11- сарын 16-17–ны өдрүүдэд тайрч авсан байна.
Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил 2019 онд бүрэн хэрэгжиж, ашиглалтад орох бөгөөд дараах зургаан хэсгээс бүрдэнэ.
-Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр,
-Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны замруу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт,
-Нарны замын зүүн талаас ирэх автомашин үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамжруу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай,
-Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамжруу буух “А” рампын гүүр нь 8.5м ергөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай,
-Төмөр зам дээгүүр явган хүний гүүр
-Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр.