С.МӨНХЧУЛУУН: Миний сонссоноор ТОГЛООМОН СЭЛЭМ гэсэн
Өнгөрсөн Ням гарагийн шөнө Баянгол дүүргийн I хороонд байрлах "Castle" баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, нэг нь сэлэм эргүүлэн бусдын бие махбодод халдахыг завдсан хэрэг гарсан. Тэгвэл дээрх сэлэм эргүүлсэн залууг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт хэмээх мэдээлэл тарсан юм. Тиймээс С.Мөнхчулуунтай уулзаж энэ талаар тодрууллаа.
-Таны төрсөн дүүг олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан гэх мэдээлэл цацагдсан. Дүүгээсээ болсон явдлын талаар асуусан уу?
-Гар утас руу нь залгахаар утсаа авахгүй байна лээ. Яг юу болсныг сошиалаас олж мэдсэн.
-Шөнийн цэнгээний газраа нээснийхээ орой ийм хэрэгт холбогдсон юм биш үү?
-Насанд хүрсэн хүний хаана, юу хийж явахыг би цагдана гэж байхгүй. Шөнийн цэнгээний газар нээсэн эсэхийг мэдэхгүй. Миний мэдэж байгаагаар тийм газар ажиллуулдаггүй. Өнгөрсөн Ням гарагт ийм зүйлтэй холбогдсон гэж сонссон. Тус тусын амьдралаар амьдардаг хүмүүс шүү дээ.
“Садан муу ч салаад явж болдоггүй” гэдэг шиг зарим нэг зүйлийн талаар ярилцахаас цааш хэтэрдэггүй. Юу болсон талаар надад хэлээгүй. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь үнэн бол хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоох биз.
-Өмнө нь таны ажиллуулж байсан хамгаалалтын компанийг одоо ажиллуулдаг. Хэрэг гардаг орой тэнд ажилладаг хүмүүстэй хамт байсан гэсэн мэдээлэл байсан?
-Анхнаасаа дүүгийн нэр дээр бүртгэлтэй компани. Одоо ч энэ компаниа ажиллуулдаг. Би энэ компанитай огт холбоогүй. Миний сонссоноор, найз нөхдийнх нь хэлснээр “Сүнсний баяр”-аар хэрэглэдэг тоглоомон сэлэм гэсэн. Үнэхээр мэдэх юм алга. Тэгээд ч энэ мэдээлэлд итгэхгүй байна.
Хувь хүний гаргасан авирыг надтай холбох ямар шаардлага байна. Тус тусдаа амьдралтай хүмүүс байхад "Мөнхчулууны төрсөн дүү” гэж хамаатуулах юм. Би зөвхөн ажлаа хийгээд явж байгаа хүн.