“Нийслэл зоригтой, ЗӨВ АЛХМУУДЫГ гаргахад эмээх зүйл байхгүй“
-Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр олон ажил төлөвлөсөн. Энэ асуудлыг хариуцдаг орлогчийн хувьд өнөө жил нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудаас онцолж дурдана уу?
-Энэ жил Сонсголонгийн гүүр, Замын цагдаагийн газрын урд талын олон огтлолцолтой гүүр, Баянзүрхийн гүүр болон Баянзүрх–Налайх чиглэлийн 20.9 км замын ажлуудыг бид эхлүүлэх юм. Түүнчлэн нийслэлийн уулзвар замуудаас дөрвийг нь шинэчлэн өргөтгөхөөр төлөвлөсөн байгаа. Мөн хорооллуудын дундах авто замуудын нэвтрэх чадвар, орц гарцыг сайжруулах үүднээс 10 гаруй км замыг өргөтгөн, нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр жолооч нар зөвхөн гол замууд болон Энхтайваны өргөн чөлөөгөөр л зорчих бус орон сууцнууд, байшин барилгууд, хорооллын дундах замаар чөлөөтэй явж, дараагийн чиглэл, зам руугаа шилжих боломжтой болох юм. Бид нэлээд тулхтай судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Улаанбаатар хотын “Автозамын мастер төлөвлөгөө”-тэй болж байгаа. Уг ажил ерөнхийдөө дуусах шатандаа явж байна. Товчхондоо цаашид хаана, ямар авто замуудыг нийслэлд шинээр барих вэ гэдгийг тодорхойлсон томоохон бодлогын баримт бичигтэй болж буйгаараа онцлог юм. Өмнө нь бол энэ ажил ямар ч төлөвлөлтгүй явж ирсэн байдаг. Хэн нэгэн эрх мэдэлтэн “энд зам тавья” гээд л бараг шийдэгдэх маягаар асуудлыг эмх замбараагүй байдалд явуулж байсан аж. Харин одоо энэхүү бодлогын баримт бичиг батлагдсанаар хариуцлагагүй, салан задгай байдал өөрчлөгдөнө гэж бодож байна.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ямар байдалтай явагдаж байгаа вэ. Орон сууцанд орно гэж итгээд өмнө нь газраа өгчихсөн олон хүн бий гэдэг. Тэдгээр иргэдийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа бол?
-Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор үүссэн хүндрэл, бэрхшээл, асуудал их байгаа ч бид эхнээс нь шийдээд л явж байна. Амбаарт амьдарч байгаа айл өрх ч бий. Аливааг шийдэх л гэж ажилд томилогдсон болохоор аль болох боломжит арга зам олохыг бид чухалчилж байна. Ингээд эхний ээлжинд орон гэргүй болсон 180 гаруй өрх, айлыг Ахмадын орон сууцанд түрээсээр оруулсан. Цаана нь дахиад орон байргүй болсон 500 шахам айл үлдчихээд байна. Бид барилгын компаниудын удирдлага, захирлуудтай уулзаж тэдгээр айлуудыг түр орон сууцаар хангах, түрээсийн мөнгийг нь шийдэх зэргээр асуудлыг боломжоороо түргэвчлэн шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна.
-Түрээсийн орон сууцны талаарх өмнө нь хэрэгжсэн хөтөлбөрт ямар алдаа дутагдал байсан бэ. Цаашид иргэдээ орон сууцаар хангах асуудлыг ямар зарчмаар явуулах нь оновчтой гэж үзэж байна вэ?
-Бидний хамгийн их хүсч, мөрөөдөж байгаа нэг л зүйл байна. Энэ нь залуус, ахмадуудад түрээсийн орон сууцыг хямд өртгөөр, урт хугацаанд түрээслүүлэх. Үүний тулд байрны сарын түрээсийн төлбөр 250-350 мянган төгрөг байхаар, 15-20 жилийн дараа тухайн айл байраа өмчилж авах боломжийг судалж байна. Цаашид орон сууцжуулах хөтөлбөр олон янзын хэлбэрээр явагдана. Иргэдэд нэг л төрлийн санал дэвшүүлэх нь учир дутагдалтай.
Одоогийн байдлаар бид долоон төрлийн сонголтыг санал болгохоор боловсруулчихсан байгаа. Эхлээд өмнөх маргаан дагуулсан дахин төлөвлөлтийн асуудлыг дуусгаж, хүнд нөхцөлд байгаа иргэдийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Энэ чигээрээ цаашаа явж таарахгүй. Түрээсийн орон сууц, иргэдийн орлогод нь тохирсон хямд өртөгтэй орон сууц гэх зэрэг хэлбэрээр асуудлыг зохицуулж болно. Гэр хороололд амьдардаг иргэн Бат өөрийн хашаандаа байшингаа бариад, цаашид ипотекийн найман хувийн зээлд хамрагдаад явах тэр боломж юм. Ингэхдээ мэдээж дагалдах дэд бүтцийг нь хотоос шийдэж өгнө. Төвлөрсөн шугамаас алслагдмал гэр хорооллуудын 200-300 өрхийн дунд нь бохир болон цэвэр усны шугамыг шийдэх боломж гэж бий. Энэ бүхэн Нийслэлийг орон сууцжуулах том хөтөлбөр дотор багтаж байгаа. Мэдээж дөрвөн жилийн хугацаанд бүрэн хэрэгжихэд хүндрэлтэй. 20, 30 жилийн хугацаанд үргэлжлэх томоохон хөтөлбөр. Эхлэл, суурийг нь сайн тавьж, цаашид зөв голдирлоор явах нөхцлийг бүрдүүлэх нь л чухал юм.









