ШӨНИЙН ТАРИФЫН хөнгөлөлтийн дүнд нэг ӨРХ сард 10 мянган ТӨГРӨГ хэмнэнэ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үүднээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж эхэлсэн бөгөөд энэ хөтөлбөрт Засгийн газар сард 30 тэрбум төгрөгийн алдагдал хүлээх тооцоо гарсан байна. Харин гэр хорооллын нэг өрх сард 10 мянган төгрөг хэмнэх юм. Цахилгааны шөнийн тариф тэглэх шийдвэр гарснаас хойш нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн тоо нэмэгдэж, 146 мянган өрхөд хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Шинээр гэр хороололд шилжсэн өрхүүдийн 45 хувь нь бизнесийн зорилготой байгааг анзаарч болохоор байна. Тухайлбал, шөнийн цагаар ажилладаг халуун усны газар, мөн үйлдвэрлэл эрхлэгчид Сонгинохайрхан дүүрэгт нэмэгджээ.
Үүнээс гадна шөнийн цагаар цахилгаанаа хуримтлуулж, өдрийн цагаар дулаанаа хадгалах шийдэл бүхий бизнес эрхлэгчдийн тоо сүүлийн нэг жилд 22-оор нэмэгдсэн талаар МҮХАҮТ мэдээллээ. Эдгээрийн 18 нь импортын халаагуур худалдаалдаг бол дөрөв нь дотоодод үйлдвэрлэж байна. Дотоодод үйлдвэрлэсэн цахилгаан халаагуур 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй. Харин импортын дулаан хадгалдаггүй жирийн халаагуурын үнэ 49 мянган төгрөгөөс эхэлж байна. Тухайлбал, “Кореан кабль” компани дулаан хадгалах шалны халаалт худалдаалж байгаа бөгөөд нэг ам метр нь 25-45 мянган төгрөгийн үнэтэй аж. Одоогоор 45 өрхөд борлуулжээ. Харин "МББ" компани нано технологи бүхий цахилгаан халаагуур импортолж байна. Нано халаагуур нэг м ам метр нь 68 мянган төгрөгийн үнэтэй. Сүүлийн гурван сард 50 орчим өрхөд суурилуулжээ. Түүнчлэн дотоодын үйлдвэрлэгчдийн нэг "Ach SVS" компани зөвхөн монгол гэрт ашиглаж болох шөнийн цагаар цэнэглээд өдрийн турш дулаанаа хадгалах халдаг шал үйлдвэрлэж байна. Шинэ бүтээгдэхүүн 1.9 сая төгрөгийн үнэтэй. Одоогоор гурван өрх худалдан авчээ.









