Дагуул хотод барилга баривал 10 жил татвараас чөлөөлнө
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьжээ.
Одоо мөрдөж буй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь 1994 оны долдугаар сарын 5-нд батлагдаж байсан таван бүлэг 23 зүйл заалт бүхий хууль ю. Харин шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулж нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг системтэйгээр шийдвэрлэхээр тусгасан байна.
-Нийслэлийн дагуул хотод шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 10 жилийн хугацаагаар, нийслэлийн дэд төвүүдэд шинээр барьж ашиглалтад оруулсан барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас 10 жилийн хугацаагаар тус тус чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан аж. Мөн дагуул хотод шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 20 жилийн хугацаанд 50 хувиар, нийслэлийн дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 50 хувиар тус, тус хөнгөлөх гэнэ.
-Мөн шинээр барьж ашиглалтанд оруулж буй автозамыг ус зайлуулах хоолойгүй бол хүлээн авахгүй бөгөөд авто замыг өмчлөх, эзэмших эрхийг цаашид иргэдээ төлөөлж Нийслэлийн иргэдийн Хурал, Засаг дарга хэрэгжүүлэх аж.
-НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагын бүс нутаг хариуцсан салбар, төлөөлөгчийн газар, олон улсын бусад байгууллагын байрлаж байгаа байрыг үл хөдлөх хөрөнгийн татваргүй болгож, тэнд ажиллаж буй иргэдэд олгосон цалин хөлс, шагнал урамшууллыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх заалтуудыг шинээр нэмэх саналыг багтаажээ.
-Жуулчны визтэй, гадаадын иргэний Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдох албан татварыг дараах тохиолдолд буцаан олгож болох аж.
-Бараа, бүтээгдэхүүнийг худалдан авснаас хойш 1 сарын хугацаа өнгөрөөгүй;
-Худалдан авсан бараа, бүтээгдэхүүний нийт үнийн дүн 500.000 төгрөгөөс багагүй;
-Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдахыг хориглоогүй бараа, бүтээгдэхүүн байх юм.
-Нийслэл нь хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргаж болохоор хуулийн төсөлд тусгасан бөгөөд тухайн төсөл, хөтөлбөр нь дараах шаардлагыг хангасан байна.
-Шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй байх;
-Төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх;
-Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эсхүл олон улсын болон Европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байхаар заажээ
-Агаарыг бохирдуулагчаас салахын тулд агаарыг цэвэршүүлэгч төхөөрөмж, эрчим хүчний хэмнэлттэй халаагч төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр тусгайлан зүйлчилжээ.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт дараах тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахыг хориглож зааж өгчээ-
-Төлөвлөлтгүй газар суурьшил үүсгэх болон суурьших;
-Хуульд заасан зөвшөөрөлгүйгээр газар эзэмших, ашиглах, барилга угсралтын ажил явуулах, газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх ашигт халдах, бусдын орц, гарцыг хаах;
-Инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр ашиглах, гэмтэл учруулах;
-Хотын ногоон байгууламж, байгалийн болон таримал мод, бут, сөөгийг хугалах, устгах, сүйтгэх;
-Байгаль орчин, нуур, цөөрөм, гол, горхи, булаг, шандыг ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаар бохирдуулах;
-Хий, шахмал болон боловсруулсан түлш, нүүрс, мод, цаас, малын гаралтай түлшнээс өөр хорт утаа ялгаруулдаг зүйлсийг түлшинд хэрэглэх;
-Суурьшлын зөвшөөрөгдөөгүй бүсэд мал аж ахуй эрхлэхийг хориглохоор заажээ. Хориглосон зүйлс болоод хуулийн бусад заалтыг зөрчвөл Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх зэргээр бусад хууль тогтоомжтой уялдуулан боловсруулсан хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна.









