С.Батболд: Иргэдийн гаргасан саналыг дэмжиж ажиллавал үр дүнд хүрдэг

2017 оны 11 сарын 08

Нийслэлийн Засаг дарга С.Батболд иргэдийн төлөөллийг 14 хоногт нэг удаа хүлээн авч уулздаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалт өчигдөр болж, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн иргэд хотынхоо даргатай санал бодлоо солилцож, өөрсдийн зохион бүтээсэн бүтээл болон нийслэлчүүддээ хэрэг болох шинэлэг санал санаачлагыг танилцууллаа.

Тэдгээрээс олны анхаарал татахын зэрэгцээ цаг үеийн, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хөндсөн нь Баянгол дүүргийн иргэн С.Түвдэндорж, Баянзүрх дүүргийн иргэн Ш.Нарантуяа нар байв. Нийслэлийн Засаг дарга иргэдийн санал санаачлагыг сонсч, дэмжиж ажиллах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот маань өндөр барилга, өргөн замаар өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа хэдий ч агаар, хөрсний бохирдол тулгамдсан асуудал хэвээр байна. Иймд жирийн нэгэн иргэнээс шийдвэр гаргах төвшнийхөн хүртэл үүнийг шийдвэрлэх арга зам, шинэлэг санал санаачлагыг дор бүрнээ гаргаж, томоохныг нь ажил хэрэг болгож байгаа ч агаар, хөрсний бохирдол төдийлөн үр дүнтэй буурахгүй байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ төрлийн бохирдол байх ёстой хэмжээнээсээ хэд дахин хэтэрсэн тул сүүлийн үед үүнээс үүдэлтэй элдэв өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон. Тиймээс шийдвэр гаргах төвшнийхөн энэ талд анхаарал хандуулж, зарим чухал шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга С.Батболд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гурван захирамжийг энэ оны нэгдүгээр сард гаргасан нь тухайн үедээ эсэргүүцэл, сайшаалын аль алийг нь хүртсэн удаатай. Нэгдүгээрт, улаан шугам татсан буюу суурьшлын бүсийн тогтоосон хэсгээс гаднах хэсэгт шинээр гэр хороолол төлөвлөж, шинэ суурьшлын бүсийг бий болгохгүй бөгөөд уг газар нь эко бүс байна. Хоёрдугаарт, агаарын чанарын өнөөгийн байдлыг харгалзан нийслэлд агаарын бохирдлын дөрвөн бүсчлэлийг тогтоосон. Нэгдүгээр бүсэд ямар ч тохиолдолд яндангаас утаа гаргахгүй. 2-4 дүгээр бүсэд тодорхой заагтайгаар аль хэсэгт нь цахилгаан халаагуур, аль газар нь сайжруулсан түлш хэрэглэхийг захирамжилж өгсөн. Гуравдугаарт, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. Тодруулбал, Улаанбаатар хотод зайлшгүй шаардлагаар удаан хугацаанд эмчлүүлэх, орон сууц худалдаж авах иргэдийг хотод бүртгэж байгаа. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурна гэж үзсэн. Гэхдээ өнгөрсөн хугацаа дулааны улирал байсан тул үр дүнтэй байсан эсэхийг хэлэхэд эрт. Харин одооноос эхлэн ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл ид хүйтний улирал үргэлжилдэг учраас дээрх гурван захирамжийн үр дүн энэ хугацаанд л мэдрэгдэх биз ээ. Нийслэлийн Засаг дарга, холбогдох албаныхан болон иргэдийн уулзалтын үеэрх байр суурийг хүргэе.

Баянгол дүүргийн иргэн С.Түвдэндорж: -Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор цахилгаанаар халдаг, усан /пар/ халаалт хийж туршиж үзэхэд сард 33-37 мянган төгрөгийн төлбөр гарсан. Цахилгаан халаагуурыг 44 ам метр байшинд тавихад 19-25 хэмийн дулаантай байдаг.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Шинэ бүтээл, бүтээгдэхүүн, ашигтай загварын патент, тохирлын гэрчилгээ, аюулгүй ажиллагааны шаардлага хангасан дүгнэлт авах хэрэгтэй. Ингэснээр бодлогын төвшинд дэмжиж, хамтарч ажиллахад татгалзах зүйлгүй.

Баянзүрх дүүргийн иргэн Ш.Нарантуяа: -Би Баянзүрх дүүргийн XVIII хороонд 2007 оноос хойш амьдарч байна. 2014 онд 40 айл нийлж “Хуримтлалын бүлэг” байгуулан өөрсдийн амьдрах орчныг сайжруулах ажлыг хийж эхэлсэн. Юуны түрүүнд явган хүний зам тавьж, хашаагаа янзалж, камержуулсан. Үүнээс бусад иргэн үлгэр жишээ авч, бүлэг маань өргөжсөөр 200 айлтай болсон тул бид нэгдэн Газар өмчлөгчдийн холбоо / ГӨХ/-г байгуулсан. 200 айлын дунд сервер байгуулах ажилд хамрагдах хүсэлтэй байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Өөрийн амьдрах орчныг тохижуулах, засч сайжруулах талд манай иргэд хойрго ханддаг. Энэ асуудлыг хөндөж, санал санаачлагатай ажиллаж байгаа нь чухал. Иргэдийн санал санаачлагад тулгуурлаж, түүнийг нь төр, засаг дэмжсэнээр улс орон хөгждөг. Тиймээс та бүхний энэхүү ажлыг 100 хувь дэмжиж ажиллана. 200 айлын дунд сервис байгуулах ажлыг танай хороонд хэрэгжүүлнэ.

Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Ганболд: -БНХАУ- ын цэвэрлэх байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тянь-Ли” компанитай хамтран ажилладаг. Манай улсын хогны асуудлыг шийдэх төсөл хэрэгжүүлэх саналтай байна. Мөн уг компани нь автомашины янданд суурилуулдаг утааны шүүгч үйлдвэрлэдэг. Ингэснээр машины хорт утаа ялгаруулалтыг эрс багасгадаг юм. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хотын өмнө тулгарч байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд: -Утаа шүүгчийг 1-2 автомашинд туршилтаар суурилуулан ажиллуулж, утааны ялгарлын төвшинг хэмжин үр дүнгээс нь шалтгаалан цаашид нэвтрүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Улаанбаатар хотын хог хаягдлын төвлөрсөн хоёр цэгийг түшиглэн хог боловсруулах аж үйлдвэрийн “Эко парк”-ийг байгуулахаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгээд байна.

ӨӨРИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ БУСДЫГАА ХОРДУУЛЖ БОЛОХГҮЙ

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболдоос дараах асуултад хариулт авлаа.

-Иргэдтэй уулзах уулзалт хэр зэрэг үр дүнтэй байдаг вэ. Жишээлбэл, энэ удаагийн уулзалтаас ямар өгөөж харагдаж байна?

-Өнөөдөр /өчигдөр/-ийн уулзалт үр дүнтэй боллоо. Иргэд өөрсдөө санал санаачлага гаргаж, хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ямар боломж, гарц байгааг танилцууллаа. Баянзүрх дүүргийн XVIII хорооны иргэд сүүлийн арав гаруй жил амьдрах орчноо сайжруулах талд ажиллаж, СӨХ-той адил Газар өмчлөгчдийн холбоо / ГӨХ/-г байгуулж, тохижилт бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн байна. Ирэх жилээс сервис төвийн төслийг хэрэгжүүлнэ. Үүнд хамгийн түрүүнд манай хороог хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг тэдний төлөөлөл тавьж байна. Үүнийг дэмжинэ. Хэн нэгэн тушаасан зүйлээс илүү иргэдийн гаргасан санал санаачлагыг дэмжиж ажиллавал үр дүнд хүрдэг. Энэ утгаараа би нийслэлийн иргэдтэйгээ уулздаг.

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хүн бүр санал санаачлага гаргаж байна. Зөв, бодит үр дүнтэйг нь дэмжвэл утаа багасах байх. Энэ талаар иргэд ямар санал ирүүлж байна вэ?

-Газрын гүний дулааныг ашиглаж, агаарын бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлж байгаа компанийн төлөөлөлтэй уулзсан. Үүнийг нийслэлээс дэмжиж ажиллана. Агаарын бохирдлыг бууруулахын тулд захын хороодод байрлах эмнэлэг, цэцэрлэг, сургууль, цагдаагийн байрыг утаа гаргадаггүй эх үүсвэрээр халаах зайлшгүй шаардлагатай. Эхний ээлжид Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийг төсөл хөтөлбөрт хамруулахаар төлөвлөсөн. Хэрэв амжилттай болбол энэ чиглэл рүү анхаарлаа хандуулж, ажиллана. Тиймээс цаашид ажил хийж хэрэгжүүлэх, санал санаачлагатай иргэдийг дэмжиж, хамтарч ажиллана.

-Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гурван захирамж гаргасан. Тухайлбал, түүхий нүүрс түлүүлэхгүй гэсэн захирамжид иргэд шүүмжлэлтэй хандаж байна?

-Өнгөрсөн жил Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, захирамж гарган бүсчлэлээ тогтоосон. Агаарын чанарын шаардлага хангасан буюу III, IV бүсэд оршин суугаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллага түүхий нүүрс түлэхгүй. Тэд цахилгаан халаалтад шилжих эсвэл дулааны өөр эх үүсвэр олох хэрэгтэй. Одоо бид мэргэжлийн байгууллагын хяналтыг сайжруулна. Зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө бусдыгаа хордуулж болохгүй. Үүнийг иргэд маань ойлгох байх.

-Агаарын бохирдлыг бууруулах талд цаашид ямар бодлого барьж ажиллах вэ?

-Гэр хороололд хоёр чиглэлийн бодлого барьж байна. Тодруулбал, дахин төлөвлөлтөд орсон айл өрх газраа компаниудтай тохирч, зараад орон сууцанд орж байна. Энэхүү ажлыг төвийн дулаан очсон бүсэд хэрэгжүүлж байгаа. Харин нөгөө хэсэг буюу дулаан очоогүй бүсийн асуудлыг шийдэх гарц бол сервис төв байгуулах юм. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгө оруулалтаар цэвэр ус, дулаан, бохирын асуудлыг шийднэ гэсэн үг. Ингэснээр хэдэн айлын дунд байгуулах, нэг айл сард хэдэн төгрөг төлөх зэрэг тооцоог нийслэлийн Хот төлөвлөлтийн ерөнхий газраас гаргана. Энэ мэт хувьсгалын шинж чанартай ажлыг эхлүүлэх цаг нь болсон. Тэгэхгүй бол агаар, хөрсний бохирдол байсаар л байна.

С.ЮМСҮРЭН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49290
0 эможи
keyboard_arrow_up