ФОТО: Эерэг өөрчлөлтийг түүчээлсэн “ӨНӨР БҮЛ”-ИЙНХЭН

2017 оны 11 сарын 07

Arslan.mn

“Өнөр бүл” хүүхдийн төвд жилийн өмнө очиж байв. Тухайн үед төвийн дарга, удирдлагууд ажлаа аваад удаагүй байсан юм. Тиймээс хийсэн ажил гэхээсээ  илүүтэй хийх ажлынхаа төлөвлөгөөг сэтгүүлчдэд танилцуулж байсныг санаж байна. “Өнөр бүл”  төвийн гурван давхар байранд их засвар ороогүй удсан, хүүхдүүдийн амьдардаг өрөөнүүд хана, тааз, шалных нь өнгө будаг муудсан, тохь тухгүй биднийг угтаж байлаа. Харин жилийн дараа эргэн сурвалжлахад байдал эрс өөр болжээ. Гурван давхар байрандаа бүрэн засвар хийн тохижуулчихаж. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх гэж хичээсэн нь жижигхэн зүйлээс ч гэсэн харагдах аж. Жишээ нь тус төвийн гурван давхар байрны өмнө, хашаан дотор нь авто машины зогсоол байсныг өөрчилж тоглоомын талбай болгон тохижуулжээ. Тэгэхгүй бол бага насны хүүхдүүд төвийнхөө хашаан дотор тоглож байхдаа авто машинд шүргүүлэх эрсдэл өндөр байж. Одоо бол төвийн хашаан дотор хүүхдийн автобуснаас өөр авто машин орохгүй. Харин хүүхдүүд урин дулааны улиралд тоглоомын талбайдаа эрх дураараа тоглож, наадах боломж бүрджээ. Энэхүү тоглоомын талбайн орчны тохижилтыг нэгэн сайн санаат эмэгтэй өөрийн хөрөнгөөр хийж өгсөн юм байна.

Arslan.mn

Өмнө нь “Өнөр бүл” хүүхдийн төвийн барилгын фасадыг л будаж шинэчилж байснаас биш дотор засвар хийлгүй олон жил болсон байжээ. Тиймээс энэ жил тус төвийнхөн их засварын ажил хийхээр сэтгэл шулуудсан аж. Гурван давхар байрныхаа бүх өрөө тасалгаа, коридорыг бүрэн тохижуулахад тус төвийн багш, ажилчид гар бие оролцон, өөрсдийн хүчээр бүхнийг хийжээ. Шавар шохойноос эхлээд будаг шунх гээд засал чимэглэлийн бүх ажлыг төвийн багш, ажилчид гүйцэтгэсэн аж. Өнгөрсөн зун бүгд амралгүй ажилласны үр дүнд өвлийн цаснаас урьтаад шинээр тохижуулсан байрандаа ороод авч.

Багш нар нь их засварын ажилд ханцуй шамлан ороод завгүй байх зуур “Өнөр бүл”-ийн хүүхэд багачууд “Бөхөг”, “Хараацай” зуслангуудад амарч, эрүүл агаарт, нар, салхинд боргошиж, басхүү ахлах ангийн сурагчид өвөл идэх төмс, хүнсний ногоогоо тарьж, арчлах ажилд гар бие оролцжээ. Тэдний зусландаа тарьсан хүнсний ногоо нь сайн ургаж, арвин ургац авсан гэнэ.

Arslan.mn

“Өнөр бүл” төвийн захирал М.Өлзийчимэг энэ бүхнээ ирсэн зочдодоо танилцуулж, товч мэдээлэл хийсэн юм. Тус төвийнхөн зун, намрын их ажлаа тайлагнах, өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах, хувилбарт үйлчилгээг танилцуулах зорилготой нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан нь энэ юм.

Одоогоор тус төвд 02-18 насны 162 хүүхэд амьдарч байгаа ажээ. Эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй өрхийн хүүхдүүд, мөн бүтэн өнчин, хараа хяналтгүй хүүхдүүд энд өсч хүмүүждэг. Сургуулийн насанд хүрээгүй балчрууд нь Баянзүрх дүүргийн 10, 22, 50, 61, 129, 147, 191 дүгээр цэцэрлэгүүдэд хүмүүждэг бол сурагчид нь мөн Баянзүрх дүүргийн 53, 48, 97, 68, 55, 29, “Шинэ Монгол”, “Бадмаараг” зэрэг ерөнхий боловсролын сургуулиудад суралцдаг байна.

“Өнөр бүл”  төвийнхөн даам, шатар, оёдол, зураг, дуу хөгжим, гар урлал, уран нугаралт зэрэг олон төрлийн дугуйлан хичээллүүлэн хүүхдүүдээ чөлөөт цагаар нь хамруулдаг ажээ. Сурагчдын зурсан зураг, оёдол, хатгамал, сонингийн цаасаар хийсэн сагс зэрэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаснаа бидэнд сонирхуулсан юм. Мөн урлагийн авьяастай багачууд урлагийн бяцхан тоглолт бэлтгэснээ толилуулсан.  

Arslan.mn

Товч танилцуулга, урлагийн тоглолтын дараа “Өнөр бүл” төвийн багачуудын өрөөгөөр орж танилцах боломжийг бидэнд олгосон юм. Тус төвийн нэг өрөөнд 4-6 хүүхэд амьдарна. Нэг багш хоёр өрөө буюу өрхийг хариуцан ажилладаг юм байна. Багшийн хувьд тэрхүү хоёр өрөөнд амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд аав, ээж нь л гэсэн үг. Өрөөнүүдийг унтлагын өрөө, зочны өрөө гэсэн хоёр хэсэгтэй болгон тохижуулсан нь тун тохилог болжээ. Нэг ёсондоо хүүхдүүд яг л гэртээ байгаа юм шиг тав тухыг мэдрэх боломжтой аж. Нэгэнт айл шиг тохижуулсан тул зочны өрөөнийхөө нэг буланг гал тогоо болгожээ. Ингээд нэг өрөөнд хамт амьдарч байгаа хүүхдүүд багштайгаа хамтран өөрсдөө хоол ундаа хийж иддэг болсон юм байна. Үүнд хүүхдүүд тун дуртай байгаагаа хэлж байв. Өмнө нь дотуур байрны хүүхдүүд шиг нэгдсэн байдлаар төвийнхөө цайны газарт хооллодог байсан бол одоо гэр гэртээ, өөрөөр хэлбэл өрөө өрөөндөө өөрсдөө хоолоо хийж иддэг болж. Хоолны цэсээ өөрсдөө гаргана. Ээлжилж хоолоо хийнэ. Энэ нь жижиг мэт боловч хүүхдүүд бага багаар амьдралд суралцахад дөхөм болдог байна. Нөгөө талаар гэр орондоо байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхэд чухал нөлөөтэй аж. Гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээг “Өнөр бүл” төвийнхөн ийнхүү амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ.

Arslan.mn

Хүүхдүүд чөлөөт цагаараа номын сандаа ном унших, компьютерийн төвдөө интернэт орчноос мэдээ, мэдээлэл авах боломж бүрджээ. Мөн охидын шивнээний өрөө, хөвгүүдийн өрөө зэргийг тэдний нас, сэтгэхгүйн онцлогт тохируулан тохижуулсан байна. Цаашид төвийнхөө архивыг стандарт шаардлага хангасан орчин нөхцөлтэй болгон тохижуулахаас эхлээд хийх ажлууд  багагүй бий гэнэ. Түүнчлэн сантехникийн шугам хоолойг бүрэн шинэчлэх шаардлага байгааг “Өнөр бүл” төвийн дэд захирал Д.Лхагва-Очир хэлж байв. Учир нь тус төвийн барилга баригдсан цагаас хойш сантехникийн шугам хоолойг солиогүй байгаа гэнэ.  

Arslan.mn

Ийнхүү “Өнөр бүл” төвийнхөн нээлттэй хаалганы өдөрлөгөөрөө өнгөрсөн нэг жилийн ажлаа тайлагнав. Энэ үеэр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас тус төвийн хамт олныг “Эерэг өөрчлөлтийн цом”-оор шагнаснаа гардуулан өгсөн нь гэнэтийн бэлэг байв. Хүүхэд багачуудын сайн сайхны төлөө идэвх санаачилгатай ажиллаж, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрахад өөрсдийн хувь нэмрээ оруулж байгааг нь Засгийн газрын агентлаг ийнхүү үнэлжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49240
5 эможи
keyboard_arrow_up