Хотоос хөөе, энэ компаниудыг

2017 оны 10 сарын 30

Японы хотуудын нэг онцлог байдаг юм. Төлөвлөлт гэж янзтай. Тун цэвэрхэн, бүх юм тэнд хачин цэгцтэй. Эх толгойгоо алдсан зах замба раагүй юм нэгээхэн ч үгүй. Нэг км.хавтгай дөрвөлжин газар нутагт ногдох хүн амын нягтаршлаараа дэлхийд нэгд ордог улс хэрнээ шахалдаж чихэлдээд, түгжирч бөглөрөөд тээр бухимдал үүсгэх шалт гаан огт үгүй.Энэ бол "япон мээнэжмэнт"ийн агуу чанар. Тэр жаахан газар нутаг дээр амьдралыг хэрхэн үнэлж, "ургуулж" чадаж байна вэ. Японы хотуудын, тэр амьдралынх нь зохион байгуулалтыг Монголтойгоо харьцуулах аваас бид нэг л тийм найгүй зутарсан, үүд хоймор нь мэдэгдэхээ байсан отрын айл шиг санагддаг юм

Нүүдэлчин зоргоороо Монголыг арлын суурьшмал япончуудтай харьцуулаад гэж эгдүүцэх нэгэн байж болох юм. Бид чинь XXI зуунд "хавтгай" болчихсон, Токиод болсон үйл явдлыг тэр дор нь сонсож дуулан, Вашингтонд байгаа ажлаа Улаанбаатараас амжуулаад, Англи руу хэдхэн хоромд мөнгө гуйвуулаад сууж болдог болсон дэлхий ертөнцийн иргэд шүү дээ!

Хэдэн сая, живаа жилийн тэртээх сансар огторгуйгаас малаа хаана бэлчиж явааг, маргааш хаагуур цас бороо орохыг нь хэдхэн хоромд л харж мэдэж болдог болсон цаг үеийн хүмүүс атлаа ингэж муухай “хоцрогдож” үлдэх шалтгаан юу байна аа.

Бид хүн төрөлхтний өнөө цагийн хөгжлийн бүхий л сайн сайхан жишээнээс хормын зуурт ч суралцан, хэрэгжүүлж өөрсдийгөө харьцуулж, цаг ямагт урагшлах том боломжийг маш сайн ашиглах хэрэгтэй юм. Улаанбаатар маань ямар хот болчихоод байгааг, бид яаж амьдарч байгааг тэр Токио, Парис, Нью-Йорк, Сингапур, Дубай, Бээжинтэй харьцуулах хэрэгтэй байна.

Ядаж л Эрээнийг харж, тэндээс суралцах юм мөн ч их байна аа! Улаанбаатарын хүн ам нэг сая хагасаас давчихлаа. Энэ чинь дэлхийн том хотын статус. Тэгэхээр том хотын зангарагтай болох ёстой. Тэгэхийн тулд бид хотоо шал өөрөөр төлөвлөх, өөрчлөх хэрэгтэй. Энд нэг зүйлийг онцлон хөндөх гэсэн юм. Хот төлөвлөлттэй холбоотой асуудал л даа.Үүнийг цаашдаа үндэстнийг хамарсан хэлэлцүүлэг болоосой, тэгээд үр дүнд хүрээсэй гэж хүснэм. Хот төлөвлөлт гэдэг амар зүйл биш. Хэн дуртай нэгэн шийдвэр гаргаад, хүссэн газартаа шавар, төмөр овоолоод байдаггүй. Бид ингэж ойлгож, зоргоороо байсныхаа үр дүнг одоо энэ их бухимдалтай, учиргүй заваан балгас шиг болсон хотоосоо харж байна.

Энэ бол жинхэнэ чадвартай, чадалтай менежерүүдийн зайлшгүй хэрэгжүүлэх ёстой бодлого

Улаанбаатар хот дотор Улаанбаатар-Толгойт-Амгалан гэсэн өртөөдөөс салбарласан 80 гаруй төмөр зам байдаг гэвэл та итгэх үү!

Энэ замуудыг хэн хэзээ тавьсан, ямар учиртайг бид бараг л анзаардаггүй байх. Хотыг хөгжихөд, хот шиг болоход хамгийн том “шавар” болсон энэ заваан юмнуудыг даруй эмхлэн цэгцлэх шаардлагатай болжээ гэдгийг хэлэх гэсэн юм. Бид дэлхийн улс орнуудаар бишгүй л явцгааж байгаа, хэзээ хот ийм байсан юм бэ?

Манайхан шиг хэн дуртай нэг нь хот дотроо төмөр зам салаалаад, ачаа тээврийн ложистик нэртэй компани байгуулчихсан нэвсийгээд, хогийн цэгээс ч долоон дор терминал гэхээс цаашгүй баахан агуулах босгон шавааралдуулж, бөглөрөл гацаа үүсгэн, цаг зав бараад, хотын хөдөлгөөнд садаа болон, хотын бүтцийг алдагдуулж, осол, аваарын шалтгаан өдөөж, бухимдал чирэгдэл болоод байдаггүй шүү дээ. Түрүүн дурдсан гурван өртөөг даган хотын төвийн хамгийн хөдөлгөөнтэй хэсгүүдэд 40 гаруй ачаа тээвэр, зуучлалын нэртэй компани хөглөрч байдаг юм байна. Эдгээр компаниудыг хотын төвөөс даруй хөөж гаргах нь хотын иргэдийн төдийгүй улс орны эрх ашиг.

Бид олон улсын жишигт нийцсэн ачаа тээврийн нэгдсэн, орчин үеийн терминал, ложистик төвтэй болох ёстой. Ийм төв хотоос зах зайдуу байж, эндээс ачаа бараагаа зөөдөг, хадгалдаг, хуваарилдаг байж, хот эмх цэгцэд орох том эхлэл тавигдана. Олон улсын жишиг яг л ийм байдаг шүү дээ. Хүнд даацын тэрэгнүүд ачаа зөөж, хотынхоо төв замаар явдаггүй учир бусад улс орны хотын зам эвдэрдэггүй, орчин бохирддоггүй, хот дуу чимээгүй тайван амгалан байдаг юм.

1920-иод оны Хятадын худалдааны пүүсүүд шиг хөглөрсөн ийм байдлаа бид одоо цэгцлэхгүй, хэзээ гэж хойш тавьж суух юм бэ? Монголын Засгийн газар, тэр тусмаа НИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар ажлаа яг одоо үүнд чиглүүлээсэй билээ. Улаанбаатар хот нэгдсэн терминалтай болсноор энэ замбараагүй компаниудыг цэгцэлж, хотын төвийг чөлөөлснөөр иргэдээ орон сууцжуулах ямар их зай, талбайтай болох билээ. Хотын зам сайжирч, ачаалал бууран, амьсгалах агаар, иргэдийн аюулгүй амьдрах орчны баталгаа чанаржиж дээшлэх боломжтой болох нь тодорхой.

Ложистик-гэдэг бол нийгэмд чиглэсэн асар том цогц бодлого байдаг юм. Тэр тусмаа хүнд чиглэсэн. Хотын иргэд хэдий чинээ уур уцаар бухимдалтай байна төдий чинээ хот төлөвлөлтийн бодлого муу байна аа гэсэн үг.

Ложистик-гэдэг бол нийгэмд чиглэсэн асар том цогц бодлого байдаг юм.

Энэ бол жинхэнэ чадвартай, чадалтай менежерүүдийн зайлшгүй хэрэгжүүлэх ёстой бодлого.

Грекийн “логос” (зохицуулалт) гэдэг үгнээс гаралтай ложистик эдүгээ зөв төлөвлөлт хуваарилалт, зохион байгуулалтыг илтгэсэн шинжлэх ухаан болж. Эртний Грек, Ром, Византын эзэнт гүрний үед цэрэг армид шаардлагатай зэр зэвсэг, хүн хүчин, санхүү, төлөвлөлт, нийлүүлэлт хариуцсан офицеруудыг “ложистикс” хэмээн нэрлэдэг байсан юм билээ. Цэрэг, армид хамгийн шаардлагатай бүхнийг цаг тухайд нь хэрхэн ханган нийлүүлж, яаж зөв хуваарилж байснаас шууд ялалт, амжилт нь шалтгаалдаг байсан аж. Эндээс үүдэлтэй эдийн засагт, орчин үеийн хүний нийгмийн хөгжилд эрэлт хэрэгцээг хэрхэн зөв зохицуулах, нийлүүлэлт хуваарилалтыг яаж хийх, ачаа бараа, энэ их материалыг хэрхэн хадгалах, хамгаалах, яаж татах төвлөрүүлэх вэ гэдгийг зайлшгүй зохицуулах ухаан буюу бодлого менежмент болон хувирчээ.

“Ложистик-гэдэг нь зай талбайг хамгийн үр ашигтай ашиглах, цагийг хэмнэх, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх үл тасрах гинжин урсгал юм” хэмээн Оксфордын тольд тайлбарлаж. Өөрөөр хэлбэл, хотыг хот шиг байлгахад ложистик зайлшгүй чухал хүчин зүйл болсон байдаг юм байна. Улаанбаатар хотод нэгдсэн ложистик-терминал байдаггүйгээс хоногт дунджаар 135 сая төгрөг буюу жилд 50 шахам тэрбум төгрөгийн үргүй зардал гарч байдаг гэсэн тооцоог эрхэм дарга нарт бодвол танилцуулсан байдаг байх.

Бас ачаатай вагонуудыг цагт нь суллаж, тавьж өгч чаддаггүйгээс үйлчлүүлэгчид ямар их бухимдаж, хугацаа алдаж, хөрөнгө мөнгө урсаж, хохирч байдгийг бүгд мэднэ дээ. Үйлчлүүлэгчид ачаа бараагаа цаг тухайд нь авч чаддаггүйгээс торгуульд орж, мөнхүү сулласан чингэлгийг цаг тухайд нь буцааж чадахгүй түгждэгээсээ болж Олон улсын далайн тээврийн байгууллагад торгуулийн 250 мянган ам.долларыг Монгол Улс өнгөрсөн онд төлсөн байх юм. Ийм арчаагүй байж болохгүй ээ. Өөрсдөдөө төдийгүй өрөөлд саад болсон ийм бодлогоо тэгээд цаашаа үргэлжлүүлээд л байх юм гэж үү.

Энэ олон жижиг терминал тус бүр дээр ажиллаж байгаа техникүүд бүрэн хүчин чадлаа ашиглах боломжгүй, үргүй зардал ихтэйгээс гадна, терминал бүрт зайлшгүй ажиллаж байх ёстой Улсын мэргэжлийн хяналт болон гаалийн үйлчилгээ байдаггүй. Тийм болохоор ямар их үргүй зардал эдийн засагт үүсдэгийг холбогдох байгууллагууд өөрсдөө “үглэж” эхэллээ. Энэ нь сайн хэрэг. Бид нэгдсэн терминал, ложистик төвтэй болсноор юу хожихыг, Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдөхийг, ямар хөгжил дэвшил гарахыг эрх мэдэлтнүүд, тэр тусмаа тээвэр зуучлалын бизнес эрхлэгчид сайн тунгаагаасай гэж чинхүү сэтгэлээсээ хүсье.

Хэдий болтол зуунаар хоцрогдсон сэтгэлгээгээр хөгжилд хандаж явах юм бэ? Цөөхөн монголчууд хувийн явцуу эрх ашгаа нэгтгэн “Нэг бөгөөд хүчирхэг-Монгол” гэсэн итгэл үнэмшил, зорилгын дор зангидагдаасай гэж ямар их хүснэм. Утаагүй болцгооё гэж хэдэн жил ярив. Хотын хөдөлгөөний ачааллыг багасгая гэж хэчнээн зөвлөлдөв. Тэгээд юу хийлээ бид. Ямар их хөрөнгө зарлаа. Үр дүн нь хаана байна вэ? Одоо ингэж бие биенээ хуурахаа больж, нийгмийн эрх ашиг, ирээдүйнхээ төлөө бодитой зүйлийг хийх цаг болсон гэж бодном. Аливаа юманд цаг, хэмжээ гэж байдаг. Алдах л юм бол дуусаа. Ядаж Улаанбаатарын энэ зах замбараагүй байдлыг журамд оруулъя гэж байгаа юм бол ачаа,тээвэр зуучлалын бизнес эрхлэгч энэ олон компани явцуу эрх ашгаа тэвчээд нийслэлээс зах зайдууд НЭГДСЭН ТЕРМИНАЛТАЙ болчихвол бидний зовлонгийн тал нь алга болно доо.

Иргэдийн хүсэлтээс шалтгаалан хотыг хөгжүүлж, төлөвлөдөг

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг засаглал байх хугацаандаа хэрэгжүүлсэн боловч дорвитой амжилтад хүрч чадахгүй зогссон. Мэдээж улс төр, эдийн засаг гээд олон хүчин зүйл үүнд хамаатай. Уг нь Улаанбаатарыг хөгжүүлэх хот төлөвлөлтөд нөлөөлж болохуйц хамгийн бодит үр дүнд хүрэх магадлалтай төслийн нэг нь энэ байсан юм.

Энэ бүхэн хууль эрх зүйн орчин дутмаг, бодлого боловсруулагчид нөөц бололцоогоо бүрэн дүүрэн харж, асуудалд бодитой хандаж чадаагүйтэй шууд хамаатай. Буруу төлөвлөлтийн уршиг иргэдийн нуруун дээр бууж байна. Дахин төлөвлөлтөд итгэж, газраа орон сууцаар солих хүсэлтэй байсан иргэд өнөөдөр орох оронгүй болтлоо хохирч үлдсэн. Явж явж энэ бүхэн хот төлөвлөлтийн алдаатай бодлогтой холбоотой болчихоод байна. Агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн тав тухтай орчинд амьдрах орчин нөхцөлөөр хангахад томоохон түлхэц үзүүлэх ёстой төсөл ийн зогсчихлоо.

Хэдийгээр одоогийн хотын мэр хөдөөнөөс Улаанбаатарт шилжин суурьшигчдын урсгал хөдөлгөөнийг хаасан боловч 2030 онд Улаанбаатар хотын хүн ам 1.7 саяд хүрэх төлөв гарсан. Тэгвэл Улаанбаатар хотыг 2020, цаашлаад 2030 он хүртэл хөгжүүлэх, нэг үгээр хэлбэл, энэ хотын амин сүнс болсон Ерөнхий төлөвлөгөө бодит амьдрал дээр хэрэгжиж байна уу. Энэ бүхний аль нь ч өнгөрсөн хугацаанд биелээгүй төдийгүй ирэх хоёр жилд ч биелэх боломжгүй гэдгийг хүн бүр мэднэ. Энэ байдлаараа 2030 оныг хүргэвэл Улаанбаатар ямар хот болох бол. ЖАЙКА- гаас гаргасан судалгаагаар дэд бүтцийн хүртээмж, гэр хорооллын тэлэлт, агаарын бохирдол гэсэн үндсэн гурван том асуудалд анхаарал хандуулж, нэн даруй шийдэхгүй бол Улаанбаатар хот 2030 онд замын хөдөлгөөний ачааллаа дийлэхгүйд хүрч, явган алхах орчин багасна. Мөн хүн ам өсөхийн хэрээр хот улам хүрээгээ тэлж, өндөр өртөг, чанар муутай дэд бүтэц бүхий гэр хороолол нэмэгдэж, амьдрах орчин нөхцөл улам муудна.

Улаанбаатар хотын иргэд ямар хотод амьдрахыг хүснэ, түүнд нийцүүлж хотыг төлөвлөх ёстой аж.

Гаднын хот төлөвлөлтийн экспертүүдийн зөвлөж буйгаар аливаа хотын төлөвлөлт иргэдийн оролцоотой явдаг юм байна. Улаанбаатар хотын иргэд ямар хотод амьдрахыг хүснэ, түүнд нийцүүлж хотыг төлөвлөх ёстой аж. Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төслийн хоёрдугаар үе шатын төслийн дэд ахлагч Риеко Сасаки “Аливаа хотод стандарт гэж байдаггүй. Тухайн хотын түүх, иргэдийн хүсэл эрмэлзлээс шалтгаалан хотыг хэрхэн хөгжүүлэх, төлөвлөхөө шийддэг.

Жишээлбэл, 50 жилийн өмнө Токио хотын иргэд нэг цэгээс нөгөө газарт хүрэхийн тулд хамгийн ихдээ нэг цаг зарцуулдаг болмоор байна гэж хүссэний дагуу өнөөгийн Токиогийн төлөвлөлтийг гаргасан. Тиймээс аливаа хотын төлөвлөлт тухайн хотод амьдарч буй иргэдийн хүсэлттэй шууд хамааралтай гэж ойлгож болно. Жишээлбэл, Хамамацу нь өөр улсад бараг танигдаагүй хот боловч дэлхийд мотоциклийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг хот. Хонда, Сүзүки, Ямаха, Кавай зэрэг үйлдвэрүүд байрладаг. Хотыг зөв эсвэл буруу замаар хөгжиж байна гэж хэлэх нь утгагүй хэрэг. Дэлхийн өнцөг булан бүрт янз бүрийн хотууд байдаг. Хэрэв стандарт тогтоон, нэгэн хэвд оруулбал одоогийн Токио дэлхийн хэмжээний хот болж чадахгүй байсан болов уу” гэв.

Иймд Улаанбаатар хотыг зөв төлөвлөлтөд оруулахын тулд нэг цэгт төвлөрсөн бөөгнөрлийг задалж, орон сууцны дэд төвүүдийг байгуулж, улмаар гэр хорооллын айл өрхийг олон төрлийн орон сууцны сонголт, ажлын байр бүхий шинэ хотхон, хороололд шилжүүлэн суурьшуулах хэрэгтэй. Түүнчлэн нийтийн тээвэрт зүүнээс баруун чиглэлтэй бат бэх тээврийн тэнхлэгийг байгуулж, авто замын босоо тэнхлэгийг нэвтрүүлэх нь нэг цэгээс нөгөө цэгт түгжрэлгүй хүрэх хамгийн бодит үр дүн болно гэж зөвлөж байна.

Ш.Даваадорж, Б.Бямбасүрэн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48778
0 эможи
keyboard_arrow_up