Нийтийн тээврийнхэн ШИЛДГҮҮДЭЭ тодрууллаа

2017 оны 10 сарын 30

Нийслэлийн 378 жилийн ойн босгон дээр нийслэлийн нийтийн тээврийн салбарынхан шилдгүүдээ тодрууллаа. Нийслэлийн өдрийг угтан нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын стандарт шаардлага, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах зорилгоор есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 25-ны хооронд болзолт уралдаан зарласнаа дүгнэсэн нь энэ юм. Болзолт уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү ахалж ажилласан байна.

Энэхүү болзолт уралдаанд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч үндсэн чиглэлийн 21 байгууллага, таксийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгж оролцжээ. Болзолт уралдаан зарласан нэг сарын хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, үйлчилгээний соёл, чанар, хүртээмж, сахилга бат, хариуцлага гээд олон үзүүлэлтийг харгалзан үзэж эцсийн дүнг гаргасан юм байна. Үндсэн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс

1-р байрт “Тэнүүн огоо” ХХК-ийн гуравдугаар бааз

2-р байрт “Мяралзаа” ХХК

3-р байрт ДЮЦ ХХК тус тус шалгарч тусгай байрыг “Зорчигч тээврийн нэгтгэл”орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, “Сутайн буянт” ХХК, НЧБ ХХК тус тус эзэлжээ. Харин таксийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс

1-р байрт“Улаанбаатар такси трансфорт сервис” ХХК

2-р байрт ТеБе сервис ХХК

3-р байрт ЦББ ХХК шалгарсан байна.

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын дунд зарласан энэхүү болзолт уралдаанд байр эзэлсэн аж ахуйн нэгж, компаниудын өргөмжлөл, мөнгөн шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, нийслэлийн Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, НХЭАХН-ийн тэргүүн С.Тойвгоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Алтанцэцэг, Таксийн үйлчилгээ үзүүлэгчдийн холбооны тэргүүн Ц.Нармандах нар гардуулан өгсөн юм.

Болзолт уралдаанд тэргүүн байр эзэлсэн хоёр компанид нийслэлийн хангарди сүлдэт тугийг гардуулан өгсөн нь тээвэрчдийн сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал байлаа. Мөн энэ үеэр ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучилсан тэргүүний тээвэрчид нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал, жуух бичгээр шагнагдсан.

Нийслэл Улаанбаатар хот 1.4 сая хүн амтай. Харин 504 мянган тээврийн хэрэгсэлтэй. Хотын хэмжээнд өдөрт 300-400 мянга, ачаалалтай үед 410-430 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байна. Жилээс жилд нийслэлийн хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо тогтмол өсч байгаа нь хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлсээр байгаа гэдгийг авто зам, нийтийн тээврийн салбарынхан хэлж байна.

Нийслэлд жилд 70 гаруй мянган тээврийн хэрэгсэл нэмэгддэг бөгөөд хүн амын 49 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл нийслэлчүүдийн дийлэнх нь хувийн автомашинаар зорчдог гэсэн үг. Энэ нь замын хөдөлгөөний нягтрал, түгжрэл үүсэхэд хүргэдэг. Тиймээс нийслэлээс нийтийн тээврийн хэрэглээг дэмжих бодлого барьж байгаа юм. Одоогоор өдөр тутам давхардсан тоогоор 800 гаруй мянган зорчигч том аврын автобусаар зорчиж байгаа. Цаашид энэ тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэдгийг Нийслэлийн тээврийн газрын удирдлагууд хэлж байлаа.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэгч нийслэл Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийг хангах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд нийтийн тээврийн салбарынхан онцгой хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дунд болзолт уралдаан зарлан дүгнэлээ. Нийтийнтээврийн үйлчилгээний соёл, чанар, стандартыг сайжруулах, аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлага, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор энэ болзолт уралдааныг зарласан. Уралдаанд амжилттай оролцсон, дэмжсэн, шагналт байр эзэлсэн бүх байгууллага, хамт олонд талархал илэрхийлье. Аливаа улсын хөгжлийн цар хүрээ нийслэлийнх нь хөгжлийн төвшин иргэдийнх нь ая тухтай амьдралаар тодорхойлогддог. Нийслэлээс хэрэгжүүлж буй “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд нийтийн тээврийг шинэ шатанд гаргах зорилт тавин ажиллаж байна. Замын хөдөлгөөний хэт ачааллаас үүдэн нийтийн тээвэрт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийг сайжруулах, таксийн  үйлчилгээний хөгжилд дэмжлэг үзүүлэх, нийтийн зорчигч тээврийн хүртээмж, чанар, соёлыг дээшлүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд амжилттай зохион байгуулан ажиллаж байна” хэмээн ярилаа.

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн, сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан, аюулгүй нийтийн тээврийг нэвтрүүлэх зорилт нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан. Энэ хүрээнд нийслэл Улаанбаатар хотыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанар стандартын өндөр шаардлага хангасан нийтийн тээврийн үйлчилгээтэй болгохын төлөө ажиллаж байгаа гэдгийг тэрээр онцолсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48769
0 эможи
keyboard_arrow_up