ФОТО: Улаанбаатар хотын Авто замын сүлжээний гадна тойруугийн нэвтрүүлэх чадвар ХОЁР ДАХИН нэмэгдлээ
Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэхүү зам нь нийтдээ 3.6 км урт, 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн 14м, хоёр талдаа гурав, гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялгатай, 42 метр болон 38 метр урт, 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй иж бүрэн зам юм. Тус замд сүүлийн 30 гаруй жил өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдээгүй бөгөөд энэхүү ажлыг “Тотал Инж” ХХК хийж гүйцэтгэжээ.
Тухайн зам нь энэ онд Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Нарангийн авто замаас Орбит хүртэлх 1.3 км авто зам болон Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны зам, цаашлаад Гэмтлийн эмнэлгийн арын замтай холбогдож байна.
Ингэснээр Улаанбаатар хотын Авто замын сүлжээний гадна тойруугийн нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэж, авто замын ачаалал тодорхой хэмжээгээр буурч, иргэдийн аюулгүй байдал, амьдрах орчин сайжирч, тоосжилт буурахаас гадна зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой талаар албаныхан онцолж байлаа.
Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын трасст өртсөн зөвшөөрөлгүй контейнер, хашаа, хайс, ТҮЦ, 38 нэгж талбарыг иргэдийн оролцоотой нөхөн олговоргүй газрыг чөлөөлсөн байна.
Тус замын явган хүний замын нөлөөлөлд өртсөн иргэн Г.Оюунгэрэл эзэмших, ашиглах эрхийн газраа чөлөөлж өгөөгүйн улмаас стандартын дагуу 3 метр өргөн тавигдах ёстой явган хүний зам 80 см орчим хэмжээтэй буюу нэг хүн л явах хэмжээтэй тавигдсан байна.
Төр эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй газрыг ямар нэгэн нөхөн олговоргүйгээр чөлөөлж, улсын ажилд бүрэн ашиглах ёстой байдаг. Гэхдээ төр иргэнийхээ эрх ашгийг хүндэтгэн уг газар дээрх обьектыг 105 сая төгрөгөөр үнэлж, нөхөн олговорыг олгоё гэсэн боловч иргэн Г.Оюунгэрэл зөвшөөрөөгүйн улмаас явган хүний зам ийнхүү стандартын дагуу хийгдэж чадаагүй юм байна.
Энэ мэтчилэн нэг хүний хувийн ашиг сонирхолоос болж Нийслэлийн 1.3 сая иргэний эрх ашиг хөндөгдөж байгаа нь харамсалтай. Ашиглалтанд ороод буй тус зам нь олны хөл ихтэй, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд зорчидог гол замуудын нэг юм.