Хуулийн салбарын нээлттэй өдөрлөг болно
Нийслэлийн 378, Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан аравдугаар сарын 16-нд буюу даваа гаригт Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг зохион байгуулах ажээ.
Өдөрлөгийг НЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулах юм.
Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр хууль зүйн болон нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын нотариатчдын танхимын нийслэл, 21 аймгийн салбарын нотариатчид бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм байна.
Түүнчлэн ХЗДХЯам, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо, нийслэлийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газрынхан оролцож, өөрсдийн үйл ажиллагааг танилцуулан, иргэдэд сонирхсон мэдээллийнх нь дагуу зөвлөгөө өгч ажиллана.