МҮЭ-ийн холбоо цалин, тэтгэвэр нэмэх асуудалд хамтарч ажиллахыг санал болгов
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхэд хандаж МҮЭ-ийн холбооноос ил захидал хүргүүллээ.
Уг захидалд, "Монголын ард иргэд сүүлийн таван жил Шинэчлэлийн, Шийдлийн, Мэргэжлийн гэсэн тодотголтой гурван Засгийн газрын нүүрийг үзэж байна. Ойр ойрхон солигдсон засаг төрийн тогтворгүй байдал нь улс орны эдийн засаг, иргэдийн ажил амьдралыг доройтуулж, түмэн олны төрдөө итгэх итгэлийг багасган, нийгмийн бухимдлыг нэмэгдүүллээ.
Таны тэргүүлсэн Засгийн газрыг “Шинэчлэл хийсэн, Шийдэл гаргасан, Мэргэжлийн Засгийн газар” болж ажиллахыг МҮЭ-ийн холбоо, олон нийт хүсэн хүлээж байна. Иймд хариуцлагатай, ажлаа мэддэг, хийж чаддаг сайд дарга нараар төрийн албыг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гурвалсан Нийгмийн түншлэлийн харилцааг хүндэтгэж үр дүнтэй хамтардаг, түмэн олныхоо ажил амьдралыг холоос биш ойроос мэдэж ажилладаг, тогтвортой Засгийн газар байх хэрэгтэй байна. Түүнчлэн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх гарц шийдлийг хамтдаа эрэлхийлж ажиллахад бэлэн байна.
Дээрх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг нэн яаралтай эхлүүлж хэлэлцээрийн ширээнд сууж асуудлыг үр дүнтэй хамтран шийдвэрлэх саналыг хүргүүлж байна" гэжээ.