ӨӨХӨН ДЭНГИЙН гэрлээс ӨНӨӨДРИЙН гэрэл хүртэлх 95 жил
Хэдийгээр тэнгэрт бөртийх ч үүлгүй намрын сэрүүн орсныг илтгэн жиндүүхэн өдрүүд үргэлжилнэ. Нийслэл хотын маань зүрх болсон Сүхбаатарын талбай элч муутайхан жин үдийн наранд ч хөл хөдөлгөөн ихтэй байх аж. Төрийн ордон Чингисийн хөшөөний өмнө багшралдсан олон зургаа даруулна.
Сониуч зандаа хөтлөгдөн өнөөх олны зүг яаравчлан очлоо. Ойртон очоод сая учрыг нь ухаарав. Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын үйл ажиллагаа болж, эх орны өнцөг булан бүрээс ирсэн эрчим хүчний салбарынхны төлөөлөл энд хуран цугласан нь энэ аж. Яах аргагүй л баярынх нь өдөр юм даа гэж хэлмээр бүгд гоё сайхан хувцсаа өмсөж, энгэртээ одон медалиа зүүж, инээмсэглэл тодруулан байна.
Тэдний дунд олны танил нэг эрхэм явах агаад дагаж очин ярилцаад авав. Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат “Эрчим хүчний салбар гээд байгаа юм. Уг нь бол түлш, эрчим хүчний салбар юм шүү дээ. Энэ салбарт ажиллаж буй 20 гаруй мянган хүн, тэр ч бүү хэл эрчим хүч хэрэглэдэг хүн бүрийн баярын өдөр юм. Цаашид бид ганц нүүрсэнд суурилсан эрчим хүчийг биш, салхи, ус, уран, хий зэрэг олон их үүсвэрт суурилсан эрчим хүч гарган авч импортлогч биш экспортлогч болох ёстой” хэмээн тодотголоо.
Дурсгалын зургаа татуулсан олон талбайн зүүн талд байрлах Соёлын төв өргөөнд орж, баярын хуралдаа морилов. Хүндэтгэлийн тайзнаа салбарын удирдлагууд хийгээд үе үеийн Эрчим хүчний сайдууд байраа эзэлж суух агаад эдний дунд 1960-1990-ээд онд энэ салбарыг удирдаж явсан, саяхан Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаасан П.Дамдин гуай сууна.
Хурлыг нээж, Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийн дарга, эрчим хүчний дэд сайд Т.Гантулга “Бид түүхт 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 14 бүтээлч ажил төлөвлөн хэрэгжүүллээ. Биелэлт 100 хувьтай” хэмээн илтгэсэн юм. Баярын хурлын гол илтгэлийг тавьсан Эрчим хүчний сайд П.Ганхүү тус салбарын 95 жилийн үүх түүхээс эхлээд өнөөдрийн хүрсэн төвшин, ойрын ирээдүйн зорилго зорилтыг ч мөн танилцууллаа.
Тодруулбал, “Засгийн газрын 1922 оны 63 дугаар хурлаар Нийслэл хүрээнд “Цахилгаан гэрлийн хороо”, “Налайхын чулуун нүүрсний уурхай”-н төсөв төлөвлөгөөг анхлан боловсруулж батлан, нийтдээ 23 хүний орон тоотойгоор ажиллаж эхэлснээс хойш хэдийнэ 95 жил өнгөрчээ. Ийнхүү Налайхын уурхайг түшиглэн 24 квт хүчин чадалтай дизель станц ажиллуулж эхэлснээр Эрчим хүчний аж үйлдвэрийн суурь тавигдаж эхэлсэн” гэдгийг хэлэв. Мөн “Эдүгээ эрчим хүчний салбар 21 аймаг, 333 сум сууринд эрчим хүчийг түгээж байгаа. Монгол Улсын эрчим хүчний салбар 2030 он гэхэд эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг одоо байгаагаас хоёр дахин нэмэгдүүлж гадаадад эрчим хүч экспортлодог болно. Нийт суурилагдсан чадлын 30 хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бий болгоно” гэсэн өөдрөг сайхан мэдээллийг илтгэлдээ дурьдлаа. Түүний дараа эрчим хүчний салбарынханд баяр хүргэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын илгээлтийг уншиж танилцуулав.
Хөдөлмөрийн баатар П.Дамдин “1960 онд намайг сайд болж байхад ямархуу янзтай байсныг ярья. 20 МВт үйлдвэрлэдэг ганц станцтай, 200 мянган тонн нүүрс гаргадаг Налайхын ганц уурхайтай, аймгууд жижигхэн дизель мотортой, сумын төвүүд бол үндсэндээ харанхуй байлаа. Манай яамыг шүүмжлэхгүй хурал зөвлөгөөн, хэвлэл сонин гэж байдаггүй байсан. Тэр үед байнга тог тасардаг. Тэр ч бүү хэл хаана хаана тог тасрахыг сонинд мэдээлж бичдэг ийм л цаг үе байлаа. Том хурал, зөвлөгөөн болж байхад гэрэл тасрахгүй байна гэж нэг байхгүй. Ардын төлөөлөгчдийн хурал болж байхад тог тасарна. Гаднаас том төлөөлөгчид ирж байхад тог тасардаг байлаа. Ийм байхад би сайдын хувьд ямар янзтай байсан гэхээр хэзээ тог тасрах бол гээд яс хавталзаж суудаг байлаа. Жишээлбэл, Зөвлөлтийн удирдлагууд ирээд ЗХУ-ын Элчин сайдын яаман дээр хүлээн авалт хийгээд Ю.Цэдэнбал дарга тэргүүтэй хүмүүс очсон байсан юм. Тэр үеийн Зөвлөлтийн Элчин сайд үг хэлээд тэр үгэндээ “Монголын үндэсний аж үйлдвэрийг нөхөр П.Дамдингийн удирлага дор амжилттай хөгжиж байна” гэж хэлээд дуусаагүй байхад тог цаг хийгээд л тасарч байгаа юм. Чамайг магтаж байхад чиний байж байгаа царайг гээд баалуулж л байлаа. Гэхдээ 25 жилийн хугацаанд Монгол улс түүхэндээ байгаагүй их бүтээн байгуулалт хийсэн. Тав, таван жилийн төлөвлөгөөгөө дандаа давуулан биелүүлж энэ зэрэгт хүрсэн юм шүү” гэх мэт олон хөгжилтэй дурсамжаа хуучилж, баярын хуралд цугласан олныг инээлгэж, уйлуулж, хамгийн сүүлд бүгдийг нь суудлаас босгож, алга ташуулаад авлаа.
Баярын хурал үргэлжилсээр. Сэтгүүлч хүний хувиар цугласан олныг дагаад энэ хуралд ороод ирсэн би буцаж гарахдаа энэ салбарынхнаар өөрийн эрхгүй бахархав. Хурлын завсарлагаар “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Д.Ганцэцэг “Ойн баяр маань сайхан болж байна. Би энэ салбарт 33 дахь жилдээ ажиллаж байгаа. Манайх 519 ажилчин, ажиллагсадтай. Энэ завшааныг ашиглаад хамт олондоо Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэнд хүргэе” хэмээв. Мөн энэ үеэр “Манай байгууллага Дархан хотын 12714 айл өрх, 1535 аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг. Ойгоо угтаж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөгөө 100 хувийн биелэлттэйгээр хэрэгжүүлж байна” хэмээн “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантуул хамт олноороо бахархангуй өгүүлнэ. Хийсэн ажилтай хэлэх үгтэй эрчим хүчний салбарынхны баярын хурал халуун дулаан уур амьсгалтай сайхан болж байна.
Өөхөн дэнгийн гэрлээс өнөөдрийн энэ гэрэлт ертөнцөд авчирсан эрчим хүчний салбарын тулгын чулууг тавьсан ахмад буурлууд, дунд үеийн төлөөлөл, инженер техникийн ажилчид, залуучууд, эрдэмтэн мэргэд, салбарыг удирдаж байсан үе үеийн удирлагууд та бүхэнд ойн баярын мэнд хүргэе.