Амьдарч буй газраа өмчлөх аян өчигдрөөс эхэллээ
-Газар дээрээ олон жил амьдарсан ч өмчлөж аваагүй байгаа иргэд газраа өмчлөн авах боломжтой-
Газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 79 мянга гаруй иргэн нийслэлд байна. Эдгээр иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх ажлыг нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж байна. Эхний ээлжинд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх юм байна.
Өөрөөр хэлбэл,судалгаанд хамрагдсан 3442 нэгж талбарын эзэмшигч иргэдэд хороогоор дамжуулан тараах материал,зөвлөмж өгч, газрын албаны мэргэжилтэн тухайн айл бүрт очиж, иргэдтэй уулзан газар өмчлөлийн материалыг бүрдүүлэн авах юм. Ингэснээр газар дээрээ олон жил амьдарсан ч өмчлөж аваагүй байгаа иргэд газраа өмчлөн авах боломжтой болж байна.
-Эзэмшиж байгаа газраа өмчлөхөд Газрын албанаас дэмжлэг үзүүлнэ-
Нийслэлийн газрын албаны ахлах мэргэжилтэн Э.Түвшинжаргал “Газар эзэмших гэдэг маань тухайн иргэнд газрыг тодорхой заасан зориулалтын дагуу гэрээгээр тодорхой хугацаагаар эзэмшүүлэхийг хэлнэ. Тухайн иргэн маань газрыг гэр бүлийн хэрэгцээ болон аж ахуй үйлчилгээний зориулалтаар гэрээгээр төрийн мэдэл дэх газрыг түр эзэмшиж байна гэсэн үг. Харин газрыг иргэний гэр бүлийн хэрэгцээнд нь зориулан өмчлүүлнэ гэхээр нэгт хугацаагүй болж байгаа юм. Тэр хүний өмчийн бүрэн мэдэлд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн маань Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар хуулийн хүрээнд арилжах, худалдах, барьцаалах, бэлэглэх, өмчилсөн газар дээрээ нөхөн олговор авах, бусдад ашиглуулах, түрээслэх гэх зэрэг давуу эрхүүдийг тухайн иргэн эдэлдэг”
Газар өмчлөхөд нь дэмжлэх үзүүлэх ажил дүүрэг тус бүр дээр хугацааны хувьд харилцан адилгүй байх юм. Тухайлбал, эхний ээлжинд Сонгинохайрхан болон Хан-Уул дүүргийн иргэдэд дэмжлэг үзүүлнэ. Харин ирэх арваннэгдүгээр сард Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн дээрх хорооны иргэд эзэмшиж буй газраа өмчлөх боломжтой юм байна.
Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны иргэн Д.Диваарагч “Авсан жаахан газраа өөрийн болгох санаатай явж байна. Амьдарч байгаа газраа өөрийн болгож чадаагүй болохоор буцаагаад өгчих юм шиг л яриад байгаа. Өөрийн болгоогүй болохоор хүний л юм гэсэн үг юм байна шүү дээ”
Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны иргэн Я.Ролонсүрэн “14 жилийн гэрээтэй газар авсан. Тэрийгээ л өөрийн эзэмшлийн болгож авах гээд явна. Өөрийн эзэмшлийн болгож авснаар газраа эргэлтэд оруулж хэрэглэх боломжтой болно”
Нийслэлийн Газрын албанаас өмчлөгдөх боломжтой гэж үзсэн 79985 нэгж талбар байна гэсэн судалгааг гаргасан. Үүнээс 3442 нэгж талбарыг гурван сарын аяны хүрээнд өмчлүүлэх юм. Цаашид үлдсэн 76543 нэгж талбарыг өмчлөлд хамруулах ажлыг дүүргийн Газрын албатай хамтран ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эзэмшиж буй газраа хэрхэн өмчлөх болоод газар өмчлөлтэй холбоотой мэдээллийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн аль ч салбараас авах боломжтой юм байна.