Ч.Жаргалсайхан: Зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хориглосноор нэвтрэх хугацааг нэмсэн
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын ачааллыг бууруулах, түгжрэл саадыг багасгах талаар санал боловсруулан хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хороолол хариуцсан орлогч П.Баярхүү ахалж буй. Тус ажлын хэсгийнхэн Улаанбаатар хотын хөдөлгөөнийг зохицуулах тал дээр олон арга хэмжээ санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Үүний нэг нь наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд зүүн эргэхийг хориглосон билээ. Энэ нь замын хөдөлгөөний дүрмэнд заасны дагуу замын тэмдэг, тэмдэглэгээг өөрчилж шулуун явах, эргэх хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулсан гэсэн үг. Дүрмэнд зааснаар Замын хөдөлгөөнийг зохицуулах төрийн захиргааны байгууллага өөрөө зохицуулалт хийх эрхтэй байдаг. Харин өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уг шийдвэрийг цуцалсан тухайгаа хэвлэлийнхэнд дуулгасан юм. Тэрбээр, “Энхтайваны өргөн чөлөө буюу төв замаар зүүн гар тийш эргэхгүй болгосон шийдвэрийг цуцаллаа. Замын хөдөлгөөний энэ зохицуулалтыг 14 хоногийн хугацаанд туршсан. Иргэдийн санал бодлыг авсан ч, тодорхой үр дүнд хүрээгүй учраас ийм шийдвэрт хүрсэн” гэж тайлбарласан. Тэгвэл мэргэжлийн байгууллага ямар байр суурьтай байсан талаар ЗЦГ-ын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхантай ярилцлаа.
- Өнгөрсөн наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд зүүн эргэхийг хориглосон. Энэхүү замын хөдөлгөөнийг ямар судалгаан дээр хийсэн бэ. Албаны хүмүүс тайлбарлахдаа, замын ачааллыг бууруулах зорилготой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин иргэд болохоор замын ачааллыг нэмсэн гэж үзэж буй. Та мэргэжлийн хүний хувьд ямар тайлбар хэлэх вэ?
-Наймдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн замын хөдөлгөөний зохицуулалтын арга хэмжээ шууд үр дүнгээ өгчихнө гэж хэлэх нь эрт. Гэхдээ тодорхой дадал, хугацааны дараа үр дүнгээ өгч болох асуудал байсан. Нэг шинэ үйл ажиллагаа эхэллээ гэхэд маргааш шууд өөрчлөгдөнө гэсэн зүйл байхгүй шүү дээ. Замын хөдөлгөөнд оролцогчид асуудлыг зөвөөр ойлгож, хэнд ашигтай вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй юм. Өнөөдөр иргэдийг бухимдуулж байгаа зүйлийн нэг бол яах аргагүй автозамын түгжрэл. Түгжрэлийг бууруулахад бид юу хийх вэ гэж олон талын судалгаа туршилт хийх ёстой. Нэг ажлаар түгжрэлийн асуудлыг шийднэ гэж байхгүй. Хөдөлгөөний зохион байгуулалт, захиргааны шинэчлэлийн арга хэмжээ, иргэдийн соёл оролцоо зэрэг маш олон талын асуудлыг хамруулж байж үр дүн өгнө. Зүүн эргэх хөдөлгөөнийг хориглох нь мэргэжлийн талаас харахад зөв шийдвэр байсан.
-Улаанбаатар хотод долоодугаар сард 7000 автомашин орж ирсэн, харин наймдугаар сард автомашины тоо 8500 болсон гэсэн судалгаа бий. Энэ нь хичээл сургууль эхэлж байгаа, наймдугаар сард бороошил ихтэй учраас замын хөдөлгөөн удааширсан, мөн хурим найрын улирал давхацсан гээд олон хүчин зүйл байна. Зөвхөн Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хоорондох арга хэмжээнээс боллоо гэсэн зүйл биш байх. Тодруулбал, цагаан сарын үеэр худалдааны төв, захаар маш их түгжрэл байдаг шүү дээ. Энэ үеэр хотын удирдлагууд тодорхой шийдвэр гаргаж замын хөдөлгөөнийг зохицуулдаг тухай иргэд хэлж байна?
-Наймдугаар сарын 15-наас авсан арга хэмжээ нь инженерийн шийдлийн хувьд хуучин ажлын л нэг байсан. Зүүн тийшээ эргэх хөдөлгөөнийг хориглосон энэ шийдвэр бол анх удаагийнх биш юм. Өмнө нь Улаанбаатар хотод олон уулзвар дээр хэрэгжүүлж байсан. Энэ нь тухайн замын ачаалал, чиглэлээс хамаардаг. Тухайлбал, Хятадын элчингийн замын урд талын уулзвар, Их дэлгүүр зэрэг тухайн зам зүүн тийш эргэлтэд асуудалтай болоод ирэхээр хэрэгжүүлж байлаа. Энэ асуудлыг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ярилцсан. Хөрөнгө мөнгө, ач холбогдлын талаар судалгаа хийсэн. Судлаад үзэхээр нэлээд үр дүнтэй байсан. Үүнийг дэлхийд ч гэсэн бодож сууж байгаад гаргачихдаггүй, программаар хийдэг юм. Сүүлийн үед гаргаж байгаа шийдвэрийг заавал MISIUM программаар уншуулж үр дүн гарах үгүйг мэддэг.
-Зүүн эргэх хөдөлгөөнийг хориглосноор түгжрэл буурах тооцоо, программаар ямар тооцоололтой гэж гарсан бэ?
-Уулзвар болгон дээр өөр өөрийн нэвтрүүлдэг хугацаатай. Нэг уулзварт, бүх талаас ирж байгаа тээврийн хэрэгсэл 90 секундэд уулзвар руугаа, зарим нь 140 цикль хугацаанд нэвтэрдэг. Зүүн эргэх хөдөлгөөнийг хорьсноор бусад нэвтрүүлэх хугацааг нэмж байгаа юм. Ингэснээр нэг уулзвараар 20 секунд нэвтэрдэг байсан бол 25,30 секунд болж 40 машин ордог байсан бол 60 болж нэвтрүүлэх чадвар сайжирч байгаа хэрэг.
-Гэхдээ иргэд хотын төвийн хөдөлгөөн буурсан ч туслах замын түгжрэл нэмэгдсэн гэж үзсэн?
-Энэ тал дээр би санал нийлэхгүй. Зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хориглох нь туслах замуудад нөлөөлж байгаа биш, харин нэвтрүүлэх хугацаа нэмэгдсэн гэж ойлгох хэрэгтэй. Түгжрэл нэмэгдсэн гэдэг нь замын хөдөлгөөний ерөнхий ачаалал нэмэгдсэнтэй холбоотой. Есдүгээр сарын 10-наас эхлэн сургууль, цэцэрлэгийн асуудал цэгцрэхээр зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хориглосон үр дүн гарна гэж бид үзэж байсан.
-Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх нэг уулзвараар эргэхийг зөвшөөрч байсан, бас нэг уулзвар нэмэгдэж зөвшөөрөгдсөн талаар та юу хэлэх бол?
-Энэ асуудлыг шийдэхдээ дараагийнхаа төслийг тооцоолж хийсэн. Тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Мөн хөдөө орон нутгаас оюутнууд ирж байгаа, зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хориглосныг мэдээлэл телевиз, радиогоор цацаж байгаа ч иргэдэд хэр хүрсэн нь тодорхойгүй байгаа. Эхний арга хэмжээгээр нийтдээ найман уулзварыг товлосны дотор Төв шуудангийн уулзвар 100 хувь хийгдээгүй.
-Зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хориглосонтой холбогдуулан нийтийн тээврийн долоон чиглэлд өөрчлөлт орсон. Ингэснээр зорчигчид замынхаа эсрэг талаас автобусанд сууж эхэлсэн?
-Яармаг, Нисэх чиглэлийн автобуснууд нар буруу эргэх чиглэлээр явдаг байсан бол зүүн эргэхийг хэрэгжүүлснээр шулуун нэвтэрч эргэлтэд өгөх ачаалал багассан.
-Өнгөрсөн хугацаанд зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хэрэгжүүлснээр нэг зүйл анзаарагдаж байна. Зөвхөн зүүн эргэх хөдөлгөөнийг хориглосноор замын түгжрэл буурахгүй бололтой. Цаашдаа замын түгжрэлийг бууруулахад ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Уулзваруудыг өргөтгөх, шинэтгэх томоохон төсөв хөрөнгө шаардсан ажлууд бий. Өмнөх онд НИТХ-аар ороод одоо дийлэнхийг нь хийгээд дуусч байгаа. Төсөв мөнгө хамгийн бага шаардсан ажил гэвэл зүүн тийш эргэх хөдөлгөөнийг хориглосон ажил байсан юм. Хичээл, сургууль эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүд машинаараа хүүхдээ хүргэж өгөхөөсөө илүү сургуулийн унаагаар зөөх гэх мэтчилэн нийслэлчүүд бид түгжрэлээс гарахын тулд тал бүрээс нь шийдэх хэрэгтэй асуудал олон байна.