“Оюуны ундраа”-гийнхан НИТХ-ыг удирдах уу

2017 оны 9 сарын 04

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ц.Сандуй албан ажлаа өгөхөө мэдэгдсэн. Ингэснээр хоёр ч суудлын төлөөх марафон МАН-ынхан дунд ил далд өрнөж байна. Өөрөөр хэлбэл Ц.Сандуй нийслэлийн МАН-ын дарга бөгөөд нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга. Энэ хоёр албаа давхар өгнө.

Нийслэлийн ИТХ-ын даргын суудал руу санаархаж байгаа хүмүүсийн нэрс эхнээсээ тодорчээ. Тэднийг “Оюуны ундраа”-гийн гэх хаягтай С.Амарсайхан тэргүүлж байна. С.Амарсайханыг УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын дүү гэдгээр нь олон нийт мэддэг.

Бээжинд атташегаар хоёр жил гаруйхан ажилласнаас өөрөөр төрийн албаны туршлагагүй энэ залуу ахынхаа үүсгэн байгуулсан “Оюуны ундраа” группийн ерөнхий захирлаар ажилладаг. Нийслэлийн ИТХ-д хоёр дахиа сонгогдоод байгаа нэгэн.

Харамсалтай нь С.Амарсайханы намтар нь богинохон шигээ нэр нь цэвэрхэн байж чадсангүй. Тэрээр улстөрд хөл тавихаасаа эхлээд л энэ талбарыг бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж гэж харсаар иржээ. “Оюуны ундраа” групп олон салбарт үйл ажиллагаа явуулдаг. Тэр хэрээр С.Амарсайханы ашиг сонирхол өргөн. Өнгөрсөн хугацаанд л гэхэд эрхэм НИТХ-ын төлөөлөгч маань Богд уулын Нүхтийн амнаас эхлээд хотын аль л байршил сайтай газруудад газар авч, бизнесээ цэцэглүүлсээр иржээ. Зайсан толгойд баригдаж байгаа “Zaisan Square” нь газрын маргаан, зөвшөөрлийн асуудлаас болж нэг хэсэгтээ хэл ам дагуулсан.

“Оюуны ундраа” групптэй холбоотой тендер, мөнгө хөрөнгөний асуудал хэвлэлийн хуудсаар байнга л мэдээлэгддэг. Багануурын дулааны станцыг хувьчилж авахаар “МААТ” гэгч компани байгуулан бужигнуулсан, Тээвэр хөгжлийн банкны 51 хувь тойрсон асуудал гээд хэл ам ихтэй.    

Хамгийн ноцтой нь С.Амарсайханыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болсноос хойш “Оюуны ундраа”-гийн олон охин компаниуд хотын бүх тендерүүдэд ордог болжээ. Ц.Сандуйн хувьд С.Амарсайханы энэ бизнес санаархалд таагүй ханддаг, ямар нэг давуу байдлаар зөвшөөрөл олгохоос татгалздаг байсан гэдэг.   

Харин одоо С.Амарсайхан нийслэлийн ИТХ-ын дарга болж олон жил биелээгүй мөрөөдлүүдээ биелүүлж, бизнесээ цэцэглүүлэхээр санаархаж байна. С.Амарсайхан ийнхүү хотын парламентын даргын суудалд улайран зүтгэж байгаад “Оюуны ундраа”-гийнхан НИТХ-ыг удирдах нь хэмээн МАН-ын төлөөлөгчид дургүй байгаа ажээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46650
0 эможи
keyboard_arrow_up