Б.Өлзийбаяр: Газраа өгч орон сууцтай болоход хамгийн ихдээ 42 сая төгрөгөөр үнэлэгдэнэ

2017 оны 8 сарын 29

Нийслэлийн засаг даргын санаачилгаар Гэр хорооллыг хөгжүүлэх сан байгуулж, Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах 1, 2 дугаар бүсийн оршин суугчид орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийн төлбөрөө Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас төлүүлэх боломж бий болсон. 

 

Энэ ажил өнгөрсөн сарын 30-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 350 иргэний өргөдөл материалыг авч, үүнээс 25 иргэний материал шаардлага хангажээ. Мөн 3 иргэний газрын  Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн мэдэлд авсан ч одоогоор урдчилгааны 30 хувиийг өгөөгүй байгаа юм байна.

Гэр хорооллын оршин суугчид ипотекийн зээлийн урдчилгаа төлбөрийн дэмжлэгт хамрагдахдаа өөрийн амьдран суугаа хашааны газрын эзэмших /ашиглах, өмчлөх/ эрхээ Нийслэлийн Газрын Санд бүртгүүлэх журамтай юм.  Мөн банкны зүгээс тавьж байгаа ипотекийн зээлийн үндсэн шаардлагыг хангасан байхаас гадна, худалдаж авч байгаа  байрны хэмжээ 70м квадратаас илүүгүй, 1м2 –ын үнэ 2,000,000 төгрөгөөс хэтрэхгүй үнэтэй байх шаардлагатай юм.

Иргэнд тавьж байгаа шаардлага болон бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт 

Энэхүү ажлыг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар хариуцан ажиллаж байгаа бөгөөд бүртгэлийн ажил хэвийн үргэлжилж байна. 

Энэ талаар Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Өлзийбаяр: 

Мэргэжилтэн Б.Өлзийбаяр

-    Эзэмшил газраа  орон сууцны урьдчилгаа болгох хүсэлтэй иргэн цөөнгүй байна. Гэвч цөөхөн хүмүүс шалгуур хангасан байна. Шалтгаан юу болоод байна вэ? 


-    Иргэдийн эзэмшил газрын хэмжээнээс болоод материал нь буцаагдаж байна. Газраа орон сууцны урьдчилгаагаар солих иргэдийн тавигдах шаардлагад эзэмшил газар нь хамгийн багадаа 0,5 га буюу 500 метр кв байхаар тусгасан. Иргэдийн дийлэнхи нь 0,5 га-гаас бага газартай байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн 400 метр кв-аас дээш  газартай иргэдийн материалыг хүлээн авч байгаа. Материалыг нь хүлээж авснаас 7-14 хоногийн дотор Гэр хорооллыг хөгжүүлэх сангийн ажлын хэсэг хуралдаж, шаардлага хангасан иргэдийг тодорхойлж, газрыг үнэлэх ажил эхлэнэ. Ер нь газар эзэмшиж байгаа иргэн болгонд хүртээмжтэй болгохын тулд газрын хэмжээг 350 метр кв-аас дээш болгохоор ярилцаж байгаа. Гэхдээ шийдвэр нь гараагүй байна.


-    Иргэдийн газрыг хэрхэн үнэлэх вэ?  

Журамд энэ талаар тусгагдсан байгаа. Иргэний сонгох байрны дээд хэмжээ 70 метр кв байх ёстойгоос гадна нэг метр кв-т нь 2 сая төгрөгнөөс бага үнэтэй байх ёстой. Тэхээр дээд хэмжээгээр үзэхээр 140 сая төгрөгний үнэ бүхий байр байх бөгөөд үүний 30 хувь болох 42 сая төгрөгийг л манай сангаас олгох юм. Ингээд тооцохоор тухайн иргэн бол хамгийн дээд талдаа 42 сая төгрөгөөр өөрийн эзэмшилд байгаа газраа зарна гэсэн үг. Хэрвээ тухайн иргэн 50 метр кв-тай байрыг 1,5 сая төгрөгөөр худалдаж авлаа гэхэд үүнийх нь 30 хувьд тэнцэх хэмжээний мөнгөөр л газрыг үнэлнэ. 

-    Зарим иргэд эзэмшил газраа өндөр үнэлдэг. Магадгүй газар дээрээ обьектой байгаа. Тэхээр газрын үнэлэмж 42 сая-аас дээш гарвал зөрүү мөнгийг нь иргэнд өгөх үү?

Ерөөсөө авч байгаа байрныхаа 30 хувийн төлбөрөөр л эзэмшил газраа, газар дээрх байшингаа зарж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл 42 сая төгрөг бол дээд хязгаар. Энэ бол зөвхөн иргэдийн сонголтын асуудал шүү дээ. Бидний зүгээс заавал иргэдийг газраа зар гэж шахаж, шаардсан зүйл байхшүй. 

-    Цахимаар газар өмчилж авсан иргэд газраа өгч болох уу? 

Цахим болон зуслангийн газар эзэмшиж байгаа иргэдэд олгогдохгүй. Энэ хөтөлбөр маань агаарын чанарын 1,2-р бүсэд амьдарч байгаа иргэд хамрагдана гээд заачихсан байгаа. Харин эзэмшил газар дээрээ байшингүй гэрт амьдардаг иргэд иргэд энэ хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой. 

-    Иргэд орон сууцаа өөрсдөө сонгох уу? 

Анх өөрсдөөр нь сонгуулахаар яригдаж байсан. Гэвч одоо арилжааны банкууд ипотекийн зээлээ зогсоочихсон байгаа учраас банктай гэрээ байгуулсан компаний орон сууцыг бид санал болгоно. Барилгын компаниуд арилжааны банкуудтай гэрээ байгуулаад банкууд эрсдлээ өөрсдөө даагаад 8 хувийн зээл олгож байгаа. Бидний зүгээс иргэн аль ч банкыг сонгож болно, гэхдээ тухайн сонгосон банктай гэрээ байгуулсан компанийн орон сууцыг авахыг шаардаж байгаа. 
2017 онд 200 айлын урьдчилгаа 30 хувийг олгоход 5 тэрбум төгрөг зарцуулна.



Агаарын чанарыг сайжруулах 1-р бүсэд буюу Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн 51 хорооны 130.706 өрх, 2-р бүсэд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн 51.910 өрх тус тус хамрагддаг юм байна. 


 

 

 

 

Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой хэсэг буюу 1, 2 дугаар бүсийн нутаг дэвсгэрт байрлах 182.616 өрх амьдарч байгаа бөгөөд тэдний хэдэн хувь нь орон сууцны зээлд хамрагдах боломжтой эсэх нь тодорхойгүй. Гэхдээ Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны санд 5 тэрбум төгрөгний төсөвлөж, энэ жилдээ 200 гаруй айлд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрт нь зарцуулахаар төлөвлөгджээ.  

Иргэдийн хүсэлтийг 3 цэгт авч байна

Гэр хорооллыг хөгжүүлэх сангаас дэмжлэг авахыг хүссэн иргэдийн өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт буюу Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр болон 32-ын тойрогт байрлах Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын иргэдийг хүлээн авах байранд авч байгаа юм. Иргэдэд илүү ойртох үүднээс нэмж СХД-ийн нутаг дэвсгэр Баянхошуунд иргэдийг хүлээн авах төв ажиллуулахаар болжээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн иргэд Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын 9802-6999 дугаарын утсанд холбогдох боломжтой байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46465
0 эможи
keyboard_arrow_up