П.Баярхүү: Нийтийн тээврийн салбарт шинэ шийдэл, нийслэлд тохирсон хөдөлгөөний маршрут чухал байна

2017 оны 8 сарын 09

 

Нийслэлийн Тээврийн газраас Нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын хүрээнд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээ төвлөрлийг оновчлох санал боловсруулах” сэдэвт судалгааны ажлыг гурван сарын хугацаанд хийж дууссан байна.

Өнөөдөр НЗД-ын орлогч П.Баярхүү судалгааны ажлын хэсэгтэй уулзаж, ажлын гүйцэтгэл, судалгаанаас гарсан үр дүнтэй танилцлаа.

Энэ үеэр Судалгааны багийн гишүүн Ж.Ганчимэг “Бид нийтийн тээврийн үйлчилгээний төвлөрлийг судлах зорилгоор анхдагч болон хоёрдогч мэдээллийн эх үүсвэрийг ашиглан гурван сарын хугацаанд судалгааны ажлыг хийсэн. Уг судалгааны ажил нь судалгааны арга зүй, гадаад орны туршлагууд, нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдал, нөлөөлж буй хүчин зүйлс, төлөвлөлтийн байдал, тулгамдаж буй асуудлууд, статистик судалгаа, орлогын шийдэл, арга замууд гэсэн долоон хэсгээс бүрдэж байна. Судалгаанаас үзэхэд, автобусны нэг өдрийн орлогод ажлын өдөр болон амралтын өдрийн нөлөөлөл их байна. Мөн сарын эхэнд автобусны шугамын орлого бага байдаг бол сарын сүүлээр ихэсдэг учир зохион байгуулалтанд шинэчлэл хийх хэрэгтэй. Мөн нийт зорчигчдын бүтцэд байгаа оюутан, сурагчдын үйлчлүүлэх хэв маяг нь улирлын шинж чанартай учир төлөвлөлтийг уян хатан болгох, зорчигч урсгал, зорчигчийн зорчилтын хэв маягт тохируулан нийтийн үйлчилгээний төлөвлөлтийг өөрчлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Судалгааны танилцуулгын төгсгөлд НЗД-ын орлогч П.Баярхүү “Иргэдээ аюулгүй, соёлтой, цэвэрхэн нийтийн тээврээр үйлчлэх нь бидний үүрэг. Нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийг боловсронгуй болгохын тулд нийслэлийн хүн амын байршил, нягтаршил цаашлаад Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан  хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө, Долоон буудлаас урагш Энхтайвны гүүр гэсэн  хэсгүүдэд замын хөдөлгөөн хамгийн их ачаалалтай байна. Бидэнд шинэ шийдэл, нийслэлийн онцлогт тохирсон хөдөлгөөний маршрут чухал байна. Тухайлбал, урт шугам дээр суурилсан түүнээсээ задарсан жижиг хөдөлгөөн байх зарчмаар төлөвлөх үү эсвэл цагираг хэлбэртэй, дамжин суулт ихтэй байдлаар зохион байгуулах уу гэх мэтчилэн нарийвчилсан төлөвлөгөө гаргах шаардлагатай байна. Мөн төрийн албан хаагчдын судалгааг гаргаж, тэдгээр алба хаагчдын тээврийн зардлыг автобусны карт руу шилжүүлэх хэрэгтэй. Ингэснээр нийтийн тээврийн орлого нэмэгдэх боломжтой.” гэв.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдлыг тоо баримтаар товч хүргэж байна.

  • Нийтийн тээврийн үйлчилгээнд 86 чиглэлд 929 автобус, 7 чиглэлд 32 бага оврын автобус өдөртөө 750,000, жилдээ 90,8 сая зорчигч буюу нийслэлийн иргэдийн 60 орчим хувийг тээвэрлэж байна.
  • Зорчигчийн урсгал Их тойруу, Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөөний чиглэлд хамгийн ачаалал ихтэй байдаг бол Баруун, Зүүн салаа, Дарь-Эх зэрэг чиглэлд хамгийн бага байна.
  • Буудлын чиглэлийн давхцалын хувьд хамгийн ихдээ есөн буудалд 27-28 автобус зогсож байхад, хамгийн багадаа 12-17 автобус зогсож байна.
  • Нийтийн тээврийн үйлчилгээнд 21 компанийн 1803 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгаагаас өдөрт дунджаар 960 тээврийн хэрэгсэл4023,9 км замд зорчиж байна. Үүнээс хамгийн урт чиглэл нь 53,5 км явдаг бол хамгийн богино чиглэл нь 11,9 км замд явдаг байна.
  • Нийт зорчигчдын 47 хувь нь хөнгөлөлт эдэлж, 53 хувь нь төлбөрөө төлж зорчиж байна.
  • Одоогийн байдлаар Улаанбаатар Смарт карт ХХК 1,200,000 ширхэг картыг худалдаалсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45791
0 эможи
keyboard_arrow_up