ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 8 сарын 05

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

 

Улаанбаатар, Бангкок ах дүүгийн харилцаат хот боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Бангкок хотын дарга, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг нар хоёр хотын урт хугацааны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хот хоорондын харилцан ойлголцлолыг бэхжүүлэх үүднээс ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаар харилцан санал солилцож, уулзалтыг тогтмолжуулж, хамтран дүгнэж ажиллах юм байна. Мөн харилцан ашигтай, үр өгөөжтэй байлгахад анхаарч ажиллана гэдгээ хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа хоёр хотын удирдлага онцолж байлаа.

Хотын дарга авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоор ахлуулсан баг 8 дугаар сарын 1-ий өдөр нийслэлд хийгдэж буй авто замын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Баярхүү, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар болон холбогдох албаны хүмүүс дагалдан явав.

Хотын даргаар ахлуулсан баг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбогдох 2.4 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцтай танилцлаа. Замын ажлыг Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Өргөн говь” ХХК хийж гүйцэтгэж байгаа аж. Зайсан орчмын энэ замд 1957-1960 онд урсгал засвар хийгдэж байснаас хойш нэг ч удаа засвар шинэчлэлт хийгдээгүй аж. “Засвар шинэчлэлт хийснээрээ замын зорчих хэсгийн өргөн 7 метр байсныг 12 метр өргөн, 4 эгнээ болно” гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр танилцуулж байлаа. Энэ сарын 17-нд эхэлсэн замын ажлыг ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөх юм байна.

С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Бангкокт албан ёсны айлчлал хийлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, "Монгол наадам цогцолбор" ОНӨГ-ын дарга Н.Батсүмбэрэл, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Батсүх болон бусад албаныхан Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотод айлчиллаа. Хотын дарга тэргүүтэй албаныхныг Монгол Улсаас Тайландын Вант улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн угтаж авсан юм.

Айлчлалын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Тайландын вант улсын нийслэл Бангкок хотын захирагч, Цагдаагийн генерал Асвин Кванмыангтай уулзсан. Уулзалтаар 2 хотын эдийн засаг аялал жуулчлал, эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туслалцаа үзүүлэх талаар ярилцаж, санал солилцов.

Бангкок хотын төв номын сангаар зочлов

Нийслэлийн Засаг дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Бангкокт хийсэн айлчлалынхаа хүрээнд Тайландын Вант улсын Эзэн хааны ордон ба Маргад Эрдэнийн буддын ордонг үзэж сонирхов. Мөн Бангкок хотын төв номын сангаар зочиллоо. Тус номын сангаар ажлын өдрүүдэд 2000 орчим хүн үйлчлүүлдэг бол амралтын өдрүүдэд уншигч олны хөлд дарагддаг байна. Номын сангаар аль ч улсын иргэн чөлөөтэй үйлчлүүлэх боломжтойгоороо онцлог аж.

Бангкокийн төв номын сангаар үйлчлүүлэх нэг жилийн гишүүнчлэлийн эрхийг том хүн 10, хүүхэд 5 баттаар авдаг байна. Сонгосон номоо 7 хоногоор түрээслэн уншдаг. Хүүхэд багачуудад зориулсан үлгэрийн ном, оюун ухаан хөгжүүлэх тоглоомоос гадна тоглоомын талбайтай. Оюутан сурагчдад зориулсан тусгай хэсэг, цахим сан зэрэг бүх насны иргэдэд зориулан таатай, тухтай нөхцөлийг бүрдүүлсэн орчин үеийн номын сан аж. ЮНЕСКО-гоос 2010 онд хамгийн их уншигчтай хотоор Бангкокийг тодруулсан байна. Үүний дагуу номын хэрэглээг сайжруулж, иргэдээ номонд илүү их ойртуулах зорилгоор 4 том төсөл хэрэгжүүлжээ. Уг төслүүдийн нэг бол өнөөгийн Бангкок дахь төв номын сан аж.

Эзэн хааны санаачлагаар хэрэгжүүлж буй төсөлтэй танилцав

Тайландын Бангкок хотод айлчилж буй Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Печабүри муж дахь Эзэн хааны санаачлагаар хэрэгжүүлж буй төслийн үйл ажиллагаатай танилцлаа.

Печабүри муж дахь төслийг хэрэгжүүлж буй газар өмнө нь үржил шимгүй, хатаж гандсан, хуурайшилт ихтэй талбай байсан байна. Эзэн хаан нь газрыг иргэдээсээ худалдан авч хөрөнгө оруулан, уг талбайд шинэ төрлийн ургамал тариалах технологийг нэвтрүүлж, хиймэл усан сан байгуулжээ. Төслийг эхлүүлэхдээ ажил хөдөлмөргүй иргэдийг тодорхой хэмжээгээр сургалтад хамруулж, цалинжуулан тариа тариулж, ургацаа амьжиргаандаа хэрэглэж, илүү гарсныг өрхийн орлогодоо нэмэрлэх боломж бүрдүүлсэн байна.

П.Баярхүү: Авто замын уулзваруудыг өргөтгөснөөр зорчих хэсгийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын түгжрэл тодорхой хэмжээгээр багасана

2017 онд Улаанбаатар хотод нийт 15 авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Үүнд шинээр 30,42 км авто зам, 116,15 м гүүр, 2,1 км авто замын өргөлгөл шинэчлэл, 47,15 км замын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэхээр төсөл зарлаж, шалгарсан компаниуд ажлаа эхлүүлжээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра, НГА-ны орлогч дарга Д.Загдсамбар, НГА-ны Газар чөлөөлөх хэлтсийн дарга н.Энхтөр болон бусад ажлын хэсгийнхэн 7 дугаар сарын 31-ий өдөр Нийслэлд тавигдаж буй авто замын ажилтай үргэлжлүүлэн танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгч ажиллалаа. 
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "НГА, НАЗХГ-ын ажлын хэсгийнхэн нийслэлд тавигдаж буй авто замын ажлыг хугацаанд нь чанартай барьж, хүлээлгэж өгөх хэрэгтэй. Мөн газар чөлөөлөлтөд өртөж байгаа аж ахуй нэгж, айл өрхүүдийн газрын үнэлгээг хурдан шуурхай гаргах, ажил гүйцэтгэгч компаниудын ажлын биелэлтийг тухай бүрт нь шалгаж, үүрэг даалгавар өгч ажиллах хэрэгтэй. Дээрх авто замуудын уулзварыг өргөтгөснөөр зорчих хэсгийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын түгжрэл тодорхой хэмжээгээр багасана. Шинээр хийж гүйцэтгэж буй 15 авто замын ажлыг найман сардаа хийж дуусгах хэрэгтэй." хэмээлээ. 

“Автомашингүй гудамж” төслийн нээлт боллоо

Нийслэлийн ЗДТГ-аас Барилгын үндэсний ассоциацитай хамтран Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийн нээлт 8 дугаар сарын 2-ны өдөр боллоо.  Төслийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын барилгын үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд болон бусад албаныхан оролцсон юм.

Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газрын 0 тэнхлэгээс тоош үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөсөн аж.

Орц, гарц нээх ажлыг үргэлжүүлэн зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, газар чөлөөлөх хэлтсийн дарга н.Энхтөр болон бусад холбогдох албаны хүмүүс  Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайн орц гарцыг нээх, явган хүний зам гаргах,  замыг чөлөөлөхөд хүндрэлтэй байгаа  зарим байршлуудтай танилцлаа.

Ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гадаад хэргийн яам, явган хүний зам хааж барилгын түр хашаа барьсан, хашаан дотор суурийн нүх ухсан, тус дүүргийн 5 дугаар хороо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа сунгаж барьсан, Сүхбаатар дүүргийн  6 дугаар хороо , Бид СӨХ орон сууцны дундуур машин явуулахгүйн тулд зөвшөөрөлгүй хашаалсан, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо,  Бөхийн өргөөнөөс урагш орон сууцны дундах зам, явган хүний замыг хааж барилга барьсан, тус дүүргийн 25 дугаар хороо Натур худалдааны төвийн зүүн талд явган хүний зам гаргах ажилтай танилцаж, зохих арга хэмжээг авахаар боллоо.

Хүрээ цам-Даншиг наадмын тасалбарыг үнэ төлбөргүй тараана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ ирэх сарын 4-7-ны хооронд зохион байгуулахаар болсон.

“Даншиг наадам-Хүрээ цам гэдэг бол нэг өдөр ургаад гараад ирсэн зүйл биш. Эртний уламжлалтай, ёс заншилтай. Ёс заншил, номонд барилдсан, төгс төгөлдөр болсон ийм зүйлийн нэг хэсгийг та бүгдэд толилуулж байгаа юм. Эхний өдөр Очирваань бурхнаа тахина. Очирваань бурхан гэдэг нь Монгол орныг даасан их сахиус юм. Монголчуудынхаа сайн сайхныг даатган тахидаг. Хоёр дахь өдөр нь хүрээ цам тавина. Энэ зөвхөн багт наадам төдий зүйл биш. Бодит байдлыг гаднаас нь харж болох ч дотоод мөн чанарыг ойлгохын тулд сүсэгтэн олон түмэн хичээх ёстой. Муу бүгдийг дарж, сайн бүхнийг аривжуулах хамгийн хатуу заслын нэг юм.

С.Батболд: 2017-2018 оны хичээлийн жилд хоёр настай хүүхдүүдийн 70 хувийг цэцэрлэгт хамруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон Засаг даргын зөвлөлийн гишүүд 8 дугаар сарын 2-ны өдөр нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийн цахим бүртгэлийн ажлын явц, сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц, нийслэлийн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, урсгал засварын талаар холбогдох хүмүүсээс мэдээлэл авч зарим үүрэг даалгаваруудыг өглөө.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд хэлэхдээ “Энэ жил цахим бүртгэл явуулж байгаа нь техник технологийн дэвшлийг ашигласан боломжийн арга. Нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн дунд элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар зохион байгуулна. Санамсаргүй түүврийн аргаар сонгох нь хөндлөнгийн нөлөө, танил талаа харж, ар өврийн хаалга  хэрэглэдэгийг таслан зогсоож байна гэсэн үг. Өнөөдөр цэцэрлэгийн насны хүүхдийн тоо, төрийн өмчит цэцэрлэгийн орны тоо эрс зөрүүтэй байгаа ч нийслэлийн удирдлагын баг аль болох  олон хүүхдийг цэцэрлэгт хамруулж,  эцэг эхэд нь  ажил хөдөлмөрөө хийх боломжийг олгохын төлөө  хичээж байна. Энэ жил шинээр 13 цэцэрлэг ашиглалтад орно. Мөн хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нь өгөөд 3087 хүүхдийг шинээр авна.Нийт хоёр настай хүүхдийн 70 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах тооцоог бид гаргаад байна. Түүнчлэн  нийслэлд 25 хороо цэцэрлэггүй байснаас 6 хороог нь цэцэрлэгтэй болгож байна. Бүрэн эрхийнхээ хугацаанд бүх хороог цэцэрлэгтэй болгох боломж бүрдэнэ. Энэ жил хувийн хэвшлийн 36 цэцэрлэгт шинээр зөвшөөрөл олгосон”  гэдгийг онцолж, төр иргэдийнхөө өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө хүнд сурталгүй , шуурхай ажиллах  ёстойг  Нийслэлийн боловсролын салбарынханд хэлж, цахим бүртгэлийн ажлыг алдаа дутагдалгүй, иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж намйдугаар сарын 26-ны өдөр ажлынхаа үр дүнг танилцуулах үүрэг даалгаварыг холбогдох албаны хүмүүст өглөө.

Нийтийн тээврийн зарим чиглэлийн замналд өөрчлөлт орууллаа

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны долоодугаар сарын 31-ний 23.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны 23.00 цаг хүртэл 21 дүгээр хорооллын уулзвараас Далангийн замын уулзвар хүртэл Чингис Соосэ сургуулийн урдуурх автозамыг хэсэгчилэн түр хааж автозамын хучилтын ажил хийгдэхээр болсон.

Дээрх ажилтай холбогдуулж тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 6 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.

Үйлдвэр, технологийн парк байгуулах тусгай зөвшөөрлөө гардан авлаа

Хан-Уул дүүргийн 2 дугаар  хороонд байрлах арьс ширний үйлдвэрүүд нь орчны болон хөрс, ус, агаарын бохирдол үүсгэх гол шалтгаан болсоор ирсэн. Тус үйлдвэрүүдийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах паркийн төлөвлөгдсөн газарт нүүлгэн шилжүүлэх ажлыг 2013 оноос хойш хийсээр ирсэн.

Энэ хугацаанд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, зураг төслийг бэлэн болгох, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг НИТХ-аар батлуулах, паркийн тусгай зөвшөөрлийг авах томоохон ажлууд төлөвлөгдсөнөөс “Тусгай зөвшөөрлийг авсан”-аар дээрх ажлууд 95 хувьтай болж, бүтээн байгуулалт хийгдэхэд бэлэн боллоо. МУ-ын Засгийн газрын 2017 оны  зургаадугаар сарын 20-ны  өдрийн 178 дугаар тогтоолыг үндэслэн Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮ газарт олгов.

Олон улсын сурагчид Улаанбаатар хоттой танилцаж байна

“Олон улсын сурагч солилцоо-2017” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хоттой найрамдалт харилцаатай хамтран ажилладаг хотуудын шилдэг багш, сургчид манай улсад хүрэлцэн ирээд байна. 

Монгол Улсын түүх, соёл, ёс заншлыг дэлхий нийтэд сурталчлахаас гадна өөр өөр хэл, соёлтой хүүхдүүд манай улсад ирж танилцах, найз нөхөд болох, харилцан түүх соёл, ёс заншлаас суралцах сайхан боломж бүрдэж байна. Энэ жилийн сурагч солилцооны хөтөлбөрт монгол соёл заншил болох эрийн гурван наадам, монгол хоол, үндэсний урлагийн тоглолтуудыг хөтөлбөрт түлхүү оруулж өгсөн. Улаанбаатар хотын хүүхдүүд мөн Эрхүү, Хөх хот, Намьянжү, Мияконожо хот руу зочлон очдог. Явсан хүүхэд бүр маш өндөр сэтгэгдэлтэй буцаж ирдэгт нийслэлийн удирдлагууд сэтгэл хангалуун байдаг. Цаашид Улаанбаатар хот харилцаат хотуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү сурагч солилцооны хөтөлбөрөө улам өргөжүүлэн Та бүхэнтэй хамтран ажиллах болно.

Тусгай зөвшөөрөл олгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 27 аж ахуйн нэгжээс тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Байгаль орчны газар болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг захиргааны хэргийн шүүхэд өгч шийдвэрийг хүчингүй болгуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг Засаг даргад даалгаж өгөх тухай нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байсан юм.

Уг маргаан 2 жил гаруй үргэлжилсний эцэст Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0430 дугаартай шийдвэрээр 27 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөл олгохыг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээв.

Тарвага нүүлгэн шилжүүлж, нутагшуулах ажлын 2 дахь үе шат эхэллээ

Нийслэлийн Байгаль орчны газраас зуслан орчмын сууршлын бүсэд тоо толгой нь цөөрч, цаашлаад устах аюулд хүрээд байгаа тарвагыг нүүлгэж, тархац нутагтай газарт шилжүүлэн тавих ажлыг тавдугаар сард зохион байгуулж, Шарга морьт, Хуурайн мухарын зуслангуудаас 52 толгой тарвага нүүлгэн шилжүүлсэн.

Тарвага төрөлтийн үе дууссантай холбогдуулан хоёр дахь шатны тарвага нүүлгэх ажлыг Найрамдал хүүхдийн зуслангийн бүсэд зохион байгууллаа. Найрамдал хүүхдийн зусланд энэ сарын 27-ноос ирэх сарын 3-ныг хүртэл “Ази номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори” олон улсын хүүхдийн чуулга уулзалтад оролцох 1500 хүүхдийн отог байрлах газрыг чөлөөлүүлж, нийт 21 тарвагыг барьж, нүүлгэн шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45675
0 эможи
keyboard_arrow_up