Туул, Улиастайн гол дагуу их цэвэрлэгээ хийнэ

Иргэдийн аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Туул, Улиастайн гол дагуух хог хаягдлыг цэвэрлэхээр боллоо. Их цэвэрлэгээг энэ сарын 5-ны өдөр зохион байгуулах бөгөөд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод хэлтэс, албадууд болон 9,10,11,20,23 дугаар хороод, үйлчилгээний газрууд, Иргэдийн бүлэг, Батлан хамгаалах их сургуулийн 1000 оюутан цэрэг оролцох аж.
Бүх нийтийн их цэвэрлэгээний үйл явцад Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, “Шинэ тосгон” ТББ-аас хяналт тавих бөгөөд цэвэрлэгээний ажилд хангалтгүй оролцвол хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллана. Иймд холбогдох хэлтэс, албад, харьяа байгууллагууд болон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хороодыг бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Мөн их цэвэрлэгээнд оролцохдоо албан хаагчид болон иргэд та бүхэн бээлий, шуудай, хүрз, шүүр зэрэг бусад багаж хэрэгсэлтэйгээ ирэхийг анхаарна уу.









