П.Баярхүү: Гэр хорооллын дахин төлөвлөлтийг газар чөлөөлөхгүйгээр хийх боломжтой

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Хан- Уул дүүргийн 9 дүгээр хорооны иргэдтэй өчигдөр уулзлаа. Тус хорооны иргэдийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хэрхэн бэлтгэх талаар хотын орлогчоос асууж тодруулж байв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүдийн ихэнх нь өнөөдөр орох оронгүй, түрээсийн нэртэй хямд орон сууцанд амьдарч байгаа нь иргэдийн хувьд хүндрэлтэй байгаа аж.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 1600 гаруй айл өрх дахин төлөвлөлтөд хамрагдсанаас 366 айл өрх түрээсийн байранд амьдарч байна. Үүний цаана дахиад 1000 гаруй айл өрхийн асуудал яригдаж байгаа юм. Тэгвэл Хан- Уул дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн хувьд өөрсдөө ерөнхий төлөвлөгөө гаргасан бөгөөд дэд бүтцийн төсөвт 3.8 тэрбум шаардлагатай байгааг энэ үеэр хотын удирдлагуудад уламжлав. Энэ талаар “ Нарлаг Буянт” компанийн гүйцэтгэх захирал Б.Ариунболд тайлбарлахдаа, “Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд эхний ээлжид 306 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Энэ орон сууцыг эхлүүлэхийн тулд 20 гаруй газрыг чөлөөлөх гэрээ байгуулж ажиллаж байгаа. Газрын хувьд бололцоотой байгаа бөгөөд дэд бүтцийн төсөв 3.8 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шийдээд өгчих юм бол иргэдтэй бид гэрээгээ баталгаажуулан ажиллахад бэлэн“ гэсэн юм.
Энэ асуудал дээр хотын удирдлагууд ямар байр суурьтай байгаа талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү хэлэхдээ, “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Энэ санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах шийдвэр гаргасан байсан. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа БНХАУ-ын “Эксим” банкнаас санхүүжилтээ түр зогсооё гэсэн албан бичиг хүргүүлсэн. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгад гадаадын хөрөнгө оруулагчид итгэхгүй байгаа гэсэн үг. Монгол Улсын Ерөнхийлөгч бол гадаад харилцаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг байдаг. Ялангуяа манай улсын хувьд өнөөдрийн нөхцөл байдал гадаад улс орнуудын анхаарлын төвд байгааг мартаж болохгүй. Ийм үед иргэний эрх ашиг хамгийн түрүүнд гэдгийг ч анхаарах ёстой. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газархамтран гэр хорооллын дахин төлөвлөлтөд анхаарал хандуулан ажиллаж байна. Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт хийхдээ аль болох иргэдээ хохироохгүй шийдвэр гаргахыг эрхэмлэн ажиллана. Өмнө нь төлөвлөлтөд хамрагдсан айл өрхүүд хохирч байсан бол одоо эхний ээлжид иргэдийн хашааны газрыг чөлөөлнө гэхээсээ илүү нийтийн эзэмшлийн талбайн газраа хэмжиж тэндээс багадвал иргэдийнхээ газрыг чөлөөлүүлнэ. Яагаад ингэж байгаа гэхээр өмнө нь газраа чөлөөлж өгсөн иргэд одоо хүртэл амьдрах орон гэргүй маш хүнд байдалд байна. Үүнээс болж залуу гэр бүл салж хүүхэд өнчирсөн гээд сөрөг үр дагавар их гарсан. Тиймээс иргэддээ ийм дарамт үүсгэж болохгүй юм. Хан- Уул дүүргийн 9 дүгээр хорооны иргэдийн хувьд өөрсдөө төлөвлөлтөө хийсэн гэж байна. Бидний зүгээс иргэдээ дэмжих үүднээ дэд бүтцийн төсвийн асуудлыг шийдэхэд бэлэн байгаа” гэсэн юм.
Албан ёсны эх сурвалж eagle.mn









