ЦУВРАЛ-1 : БҮТЭЭЛЧ УЛААНБААТАРЫН 6 ДУГААР САРЫН ОНЦЛОХ АЖЛУУД
НИЙСЛЭЛИЙН ЭРХЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
1. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэв
Хорь гаруй жилийн өмнө батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлага бий болсон. Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь байнга оршин сууж, үндэсний нийт бүтээгдэхүүний 64.5 хувийг үйлдвэрлэж, улсын хэмжээнд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн 68 хувь нь төвлөрсөн нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлох, түүнд нийцүүлэн, эрх зүйн шинэ орчин бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан, хотын дарга С.Батболд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан билээ. Хуулийн төслөөр нийслэлийн иргэдээр хэлэлцүүлж саналыг нь авсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн мөн дэмжлэг авсан юм.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсанаар Улаанбаатар хот 1.5 сая хүн амтай дэлхийн 400 гаруй метрополис хотын нэгэн адил өөрийн тогтвортой үзэл баримтлал бүхий эрүүл, аюулгүй орчинтой, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, иргэд, олон нийтийн оролцоонд тулгуурласан, стандартын өндөр шаардлагатай, сайн засаглалтай, олон улсад өрсөлдөх чадвартай томоохон төв болох эрх зүйн орчин бүрдэх юм.
2. Улаанбаатар хотын захирагч засгийн газрын гишүүний статустай байна
Нийслэлийн эрхзүйн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарчээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. Хуулийн төсөлд нийслэлийг дагуул хоттой байлгахаар тусгасан байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд “Дэд төв нь дагуул хот гэдгийг УИХ дэмжих ёстой. Энэ бол хотын ачааллыг багасгана. Үүн дээр буруу байдлаар тайлбарлаж болохгүй” гэсэн байр суурьтай байсан юм. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Боловсон хүчний эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн нийслэлийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Дагуул хотууд байгуулах нь төвлөрлийг сааруулах үндэс болно” гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:
-"Нийслэлийн өмчийн болон үнэт цаас гаргах асуудлыг дагалдаж орж ирж байгаа хуулиар зохицуулж байна. Өнөөдөр нийслэл өмчөө захиран зарцуулж орлого олох боломж байхгүй. Улаанбаатар хотын хувьд бие дааж шийдвэр гаргахгүйгээр хүн амаа авч явах боломжгүй. Тиймээс тодорхой асуудлыг бие дааж шийдвэрлэх хэрэгтэй" хэмээлээ.
3. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Нийслэлийн ерөнхий архитектор Э.Анар нар оролцож, хуулийн төсөлтэй холбогдуулж асуусан гишүүдийн асуултад хариулав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
ГЭР ХОРООЛОЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХҮРЭЭНД
1. Нийслэлийн 1, 2 дугаар бүсийнхэн ипотекийн зээлд урьдчилгаа төлбөргүйгээр хамрагдана
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга нарын хамтарсан “Агаарын чанарыг сайжруулах бүс шинэчлэн тогтоох захирамж”-ийн дагуу Улаанбаатар хотын газар нутгийг агаарын бохирдлын түвшингээр нь 4 бүсэд хувааж, бүс нутаг бүрийн онцлогт тохирсон бодлого боловсруулан ажил хэрэг болгож эхлээд байгаа билээ. Тэгвэл Улаанбаатар хотын хамгийн өндөр агаарын бохирдолтой хэсэг буюу 1, 2 дугаар бүсийн нутаг дэвсгэрт байрлах 182.616 өрх ипотекийн зээлд хамрагдахдаа урьдчилгаа төлбөрөө нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах “Орон сууцны сан”-гийн дэмжлэгээр бүрэн төлүүлэх боломж бүрдээд байна.
2. "Ногоон нуур" Түр оршин суух 1008 айлын орон сууц баригдана
БНХАУ-ын Засгийн газраас орж ирэх хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийг бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа билээ. Энэ ажлын эхлэл болгож Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур” хороолол барихаар барилгын шав тавилаа. “Ногоон нуур” орон сууцны хороололд сургууль, цэцэрлэгийг цогцоор нь шийдсэн 1008 айлын орон сууц баригдана. Хашаа байшинд амьдарч байгаа 1008 өрх энд орно гэж ойлгох хэрэгтэй. Ингэснээрээ бид дахин 70 га газар чөлөөлж авах юм. Энэ газар дээр дахин орчин үеийн орон сууц барина. Ийм бодлогоор орон сууц, хотхоны үргэлжлэл явах юм байна. Энэхүү 1008 айлын орон сууцны 50 хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж газраа чөлөөлсөн иргэдийг өөрийн орон сууцандаа ортол газрыг орон сууцаар солих нөхцөлтэйгөөр шийднэ. Үлдсэн 50 хувьд агаарын бохирдол хамгийн өндөртэйд тооцогддог нэг, хоёрдугаар бүсийн 182612 өрхөөс “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах орон сууцны сан”-ийн дэмжлэгтэйгээр урьдчилгаа 30 хувиа төлүүлсэн иргэдийг оруулахад чиглүүлнэ.
3. Арьс ширний байрыг шинэчилэн барина
Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 171 барилга бий. Гэсэн ч шаардлага хангахгүй эдгээр барилгуудад иргэд амьдарч, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгаа юм. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших иргэдийн хэлж заншсанаар арьс ширний нийтийн 10 дугаар байр. Хагас зуун жилийн насжилттай уг байранд ашиглалтад орсон цагаас хойш засвар үйлчилгээ огт хийгдээгүй байна. Мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөнд тэсвэргүй болж, дээвэр туурга хана нь цуурсан энэ байранд 70 гаруй иргэн амьдардаг аж. Нийслэлээс арьс ширний нийтийн 10 дугаар байрыг шинэчлэн барих эхний ээлжийн 40 айлын орон сууцны барилгын шав тавилаа.
4. Гандангийн дэнжид “Аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулна
“Хүрээ”-нээс өгсүүлээд Улаанбаатар хот болтлоо хөгжсөн нийслэлийн түүхийн өв соёл, уламжлалыг хадгалан үлдсэн газар бол “Гандангийн дэнж”. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалт, Гандан аялал жуулчлалын цогцолбор байхаар тусгасан байдаг. Мөн нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Зүүн хойд Азийн соёлын болон дамжин өнгөрөх жуулчлалын төв болно”, “Гэр хороолол дахь соёлын өвийг сэргээх чиглэлээр төсөл хэрэгжүүлж, жуулчдыг татах газрыг бий болгоно” гэж заасны дагуу Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын баялаг өв, арвин уламжлалыг шингээсэн аялал жуулчлалын жишиг гудамж болгох ажил эхлүүлээд байна. Эхний ээлжийн жишиг гудамжийг барьж байгуулахад чөлөөлөх шаардлагатай 67 нэгж талбараас 7 нэгж талбарын газрыг чөлөөлж, 42 нэгж талбартай гэрээ байгуулаад байгаа аж. Иргэдийн дэмжлэг өндөр байгаа нь энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжийг бий болгож байна. Аялал жуулчлалын гудамжны барилгын загвар төслийг гаргахдаа нэгдүгээр давхартаа шашны болон соёл, дурсгалын худалдаа үйлчилгээг иргэд нь өөрсдөө ажиллуулдаг, хоёр болон гуравдугаар давхартаа амьдардаг байхаар төлөвлөж байгаа юм. Газраа чөлөөлсөн иргэдийг түр оршин суух орон сууцаар хангах юм.
5. Гэр хороололын дахин төлөвлөлтөөс болж хохирсон иргэдэд түр суурьшуулах сууцны гэрээг гардууллаа
Нийслэлээс гэр хороололын дахин төлөвлөлтөөс болж хохирсон "Их Өргөө" ХХК-ий хэрэгжүүлж байсан БЗД-ийн 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж, түр орон сууцны гэрээг гардуулан өглөө.
6. БНХАУ-ын буцалтгүй олгосон 2 тэрбум юаныг гэр хороололын дахин төлөвлөлтөнд бүрэн зарцуулна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсаас манай улсад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон. Засгийн газраас энэхүү тусламжийн хөрөнгийг иргэдээ орон сууцжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор бүхэлд нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар шийдвэрлэсэн юм. “Монгол Улсын Засгийн газраас гэр хорооллыг орон сууцжуулахад томоохон дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзээд санхүүгийн эх үүсвэрийг шийдсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил урагшлахгүй, гацаад байгааг бүх талаас нь судалж үзсэн байна. Нийслэл болон төрийн дээд байгууллагууд анх судалгаа муутай, туршлагагүй эхлүүлсэн. Мөн компаниудын санхүүгийн чадавхигүй байдал, зохион байгуулалтын буруу төлөвлөгөө зэрэг олон асуудал гарч байна. Судалгаагаар одоо төлөвлөсөн байгаа талбаруудад зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг гүйцээж барихад 70 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байгаа. Үүний санхүүжилтыг ирэх жилүүдэд шийдвэрлээд явах бололцоотой. Хотын зүгээс дэд бүтцээ шийдвэрлэсний дараа тэр талбайг барилгажуулах юм байна.
7. Төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртлоо
Улаанбаатар хотын хүн амын суурьшил, тэр дундаа гэр хороололд амьдардаг иргэдийн дийлэнх хэсэг нь нийслэлийн хойд хэсэгт оршин сууж буйг харгалзан 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Оргил 6 буудал” худалдаа, үйлчилгээний төвд байрлах Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбар нээлтээ хийлээ.
Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн Оргил салбараас иргэд архив, улсын бүртгэл, халамж, нийгмийн даатгал, татвар, газрын харилцаа, ерөнхий төлөвлөгөө, худалдаа үйлчилгээний салбарын бүхий л үйлчилгээг авах боломжтой. Нийслэлийн нутгийн захиргааны 19 байгууллагын 272 төрлийн үйлчилгээг авах бөгөөд тус салбар нь өдөрт 1220 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай байна.
8. Инженерийн дэд бүтцийн төв буюу СЕРВИС ЦЕНТР төслийг танилцуулах уулзалтууд
Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас Улаанбаатар хотын төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдоогүй гэр хорооллын суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжтай “Сервис центр” төслийг иргэдэд танилцуулах ээлжит уулзалтыг өчигдөр буюу 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэгт зохион байгууллаа.

9. Бугат хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажилтай танилцлаа
Барилгын салбар болон Нийслэлийн төлөөллүүд Бугат хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлын үйл явц, дахин төлөвлөлтийг хийхдээ нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулсан, шинээр байгуулсан хот тохижилтын ажилтай танилцлаа.
Бугат хотын намын Байнгын гишүүн, хотын байнгын дэд дарга Хэ Вэйхуа, Бугат хотын дэд даргын урилгаар айлчилж буй ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Барилга, хөгжлийн төвийн дарга Ц.Амарсанаа,Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар болон Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албаны төлөөлөл багтсан юм.
10. “ТОСК-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгын ажлын шавийг тавилаа
“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх “ТОСК-999” төслийн нээлт буюу барилгын шав тавих ажиллагаа 6 дугаар сарын 09-ий өдөр боллоо.
“Тоск-999” төслийн эхний ээлжийн орон сууцны барилгыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан 4.9 га газарт эхлүүлэх бөгөөд нийт 848 айлын 50 блок, 4-5 давхар бүрэн цутгамал орон сууцны хотхон баригдах юм. Тус орон сууцны хотхоны барилга угсралтын гүйцэтгэгчээр “Жи Ди констракшн” ХХК ажиллаж байна.
11. Нийслэлийн хөрсний бохирдлыг бууруулах эхлэлийг тавилаа
Япон Улсын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төсөл” нээлтээ хийлээ. Төслийн хүрээнд Чингэлтэй XII, XIII, Баянзүрх дүүргийн XXVII хорооны гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг туршилтаар нэвтрүүлэх юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч
-1.3 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Манай хотод ариун цэврийн байгууламжийн асуудал хүн бүрийн санааг зовоосоор байгаа. Орон сууцны иргэд бохироо өөрсдөөсөө холдуулаад зайлуулчхаж байгаа боловч Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанаас шалтгаалаад үндсэндээ Улаанбаатар хот бохиртоо дарагдчихаад байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ гэдэг шийдлийг олоход их хэцүү, санаа зовоож байгаа асуудлын нэг болоод байна.
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭЭР . . .
Сүхбаатар дүүрэгт ЖИШИГ өрхийн эмнэлгийн байрны шав тавих ёслол боллоо
Нийслэлийн 9 дүүргийн хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг 142 өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан хүргэдэг бөгөөд Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар нийслэлд гемодиализийн төв, 10 өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг барихаар болсон билээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 3 байрлалд, Сүхбаатар дүүрэгт 2, Хан-уул, Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг байрлалд олон улсын стандартад нийцсэн, эмчийн 4-6 үзлэгийн өрөөтэй, дархлаажуулалт, лаборатори, асаргаа сувилгааны болон тусгаарлах өрөөтэй, автомашины гаражтай 2 давхар ӨЭМТөвийн барилгыг барихаар нийслэлээс газрын асуудлыг шийдвэрлэсэн юм.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН САЛБАР
1. “Ягаан суудал” нөлөөллийн аяныг зохион байгуулж байна
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо" ТББ-ын санаачилгаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1,000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлжээ.
Энэхүү аяныг хэрэгжүүлснээр нийгэмд дараах томоохон 5 эерэг үр дүнг авчирна гэж бид итгэж байгаа юм. Үүнд:
- Эх хүүхдэд аюулгүй нийтийн тээврээр үйлчлүүлэх
- Хүүхэд ураг байх мөчөөсөө эрүүл өсөж торних нөхцлийг бүрдүүлэх
- Олон улсын стандарт бүхий “Ягаан суудал”-ыг хэвшмэл ойлголт болгох
- Ээжүүдийн нийгэм дэх идэвхи оролцоог нэмэгдүүлэх
- Эерэг хандлага, хотын соёлыг түгээх
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ
1. Хүүхэд багачуудын боловсролд хувь нэмэр оруулах хөтөлбөрүүдийг баталлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 6 дугаар сарын 22-ны хуралдаанаар Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр, Спорт өрөлтийн хөтөлбөрийг зарим цэцэрлэгт туршилтаар хэрэгжүүлэх тухай, Олон улсын хөтөлбөрийн сургалттай сургууль байгуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж, дэмжив.









