2017 онд хэрэгжүүлэх авто зам замын АЖЛУУД
2017 онд Нийслэлийн Авто замын салбарт хэрэгжих төсөл арга хэмжээг танилцууллаа.
Нийслэл хотод 2017 онд Гадаадын зээл тусламж, Нийслэлийн төсөв, Нийслэлийн Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилт гэсэн 4 эх үүсвэрээр нийт 39 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2017 онд шинээр 10,9 км авто зам, 32.6 км авто замыг өргөтгөж шинэчилж нийт 43.5 км авто замын төсөл хэрэгжүүлж, шинээр 5 байршилд нийт 3050 урт метр гүүрийн төслийг тус тус хэрэгжүүлнэ.
Гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар буюу БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр
- Улаанбаатар хотод Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах,
- Замын Цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих,
- Баянзүрхийн болон Сонсголонгийн авто зам дээр Туул гол дээгүүр төмөрбетон гүүрүүд шинээр барих,
- Гачууртын уулзвараас Налайх-Чойрын замын уулзвар хүртэлх 9 км авто замыг өргөтгөж шинэчлэх гэсэн 4 том төслийн барилгын ажлыг эхлүүлнэ. Тус төслүүдийн нийт хөрөнгө оруулалтын дүн нь 134.9 сая ам доллар.
Үүнээс гадна Зам, Тээврийн хөгжлийн яамны захиалгаар Яармагийн авто замаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны шинэ буудал хүртэлх 32.2 км хурдны авто зам барих төслийг үргэлжлэнэ.
Нийслэлийн төсвөөс
- Гадна тойргуугийн хойд 3-р хэсэг буюу Хайлаастын уулзвараас Дарь Эхийн зам хүртэлх авто замыг Сэлбэ гол дээгүүрхи шинэ гүүрийн хамт барих,
- Явган хүнд зориулсан гүүрэн гарц Их тойруугийн хойд хэсэгт буюу Сансарын ШТС-ын дэргэд шинээр барих,
- ХУД-ийн 11-р хороонд Аялал жуулчлалын авто замыг шинэчлэх гэсэн 3 төслийг хэрэгжүүлнэ.
Нийслэлийн Авто замын санд төвлөрсөн 35.8 тэрбум төгрөгийг “Авто замын тухай хууль”-ийн дагуу нийслэлийн зам, замын байгууламжийн засвар арчлалт, шинэчлэлтэнд зарцуулах бөгөөд нийт 24 арга хэмжээг
- Авто зам, замын байгууламжийн засвар арчлалт /13 төсөл, арга хэмжээг 21,3 тэрбум төгрөгийн өртөгөөр/,
- Авто зам, замын байгууламжийг шинээр барих болон шинэчлэх /5 төслийг нийт 11,0 тэрбум төгрөгийн өртөгөөр/,
- Бусад холбогдох ажил /нийт 3,4 тэрбум төгрөгийн өртөгөөр/ гэсэн 3 чиглэлээр хэрэгжүүлнэ.
Хөгжлийн банкны санхүүжилтээр Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчны эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийг үргэлжлүүлэн явуулна.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар









