ФОТО: “Говь” ХК-ийн дээврийн хэсгийн 80 хувь нь шатсан
“Говь” ХК-д их хэмжээний гал өчигдөр орой гарсныг унтраахаар онцгой байдлын алба хаагчид өнөө хэр ажиллаж байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх эрхлэх асуудлынхаа хүрээнд ямар арга хэмжээ авч ажилласан талаарх мэдээллийг сонслоо.
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү “Говь” ХК-нд үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Онцгой байдлын байгууллагын гал түймэр унтраах аврах 11 ангийн 19 тасаг гал унтраах зориулалтын 31 автомашин, 158 албан хаагч, Ус сувгийн удирдах газраас 12, нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газраас найм, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс 18, цагдаагийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй албан хаагч галыг унтраахаар ажиллаж байна. Гал түймэр унтраах автомашиныг сэлгэн байрлуулах боломж хязгаарлагдмал, галын тархалт маш эрчимтэй явагдсан, галын ачаалал ихтэй, олон давхарлагдаж зузаарсан хар цаасанд задаргаа хийхэд хүндрэлтэй, нягт ихтэй хорт хий, утаа их хэмжээгээр ялгарч байсан. Өөрөөр хэлбэл, гал түймэр гарсан обьектын хэсэг төмөр бетон, дээгүүр нь 30 см орчим зузаан шилэн хөвөн, хөөсөнцрөөр дулаалж, модоор давхарлан карказ хийсэн, 6-7 давхар хар цаасан хучлагатай, хучлаганы завсар “замын хар”-аар бэхжүүлсэн нь галыг эрчимтэй тархааж, унтраах үйл ажиллагаанд хүндрэл учруулсан. Гал түймэр унтраах бодис их хэмжээгээр шаардлагатай байсан тул Ус сувгийн удирдах газраас таван тн-ын багтаамжтай ус тээвэрлэгч 11, хот тохижилтын газраас долоон тн-ын багтаамжтай ус тээвэрлэгч зургаа, Улаанбаатар төмөр замаас 68 тн усны савтай вагонцистерн зэргийг хүч нэмэгдүүлэн ажиллуулсан. Агаар авангуут гал түймэр өндөр хэмжээгээр авалцах хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байлаа. Тиймээс гал түймрээс барилгын үндсэн хийц, бүтцийг хамгаалах, тухайн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг аврахаар ажилласан. Өнөөдрийн байдлаар гал түймэр унтрах шатандаа явж байна. Гал түймэрт барилгын дээврийн хэсэг өртсөн. Харин барилгын үндсэн бүтэц, тоног төхөөрөмж галд өртөөгүй. Унтраах үйл ажиллагааны явцад галын голомтыг дарж байсан учир барилгын үндсэн бүтцийг эвдээгүй” гэдгийг тодотголоо.
Товчхондоо “Говь” ХК-ийн зөвхөн дээврийн 80 хувь нь шатжээ. Онцгой байдлын алба хаагчид үйлдвэрийн түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг галаас гаргаж, тоног төхөөрөмжийг уснаас хамгаалсан байна.
Гэрэл зургийг MPA.mn
Албан ёсны эх сурвалж eagle.mn









