Шөнийн гудамжны бүтээн байгуулалт наадам хүртэл үргэлжилнэ
-Мегаполис хот Улаанбаатар шөнийн гудамжтай болов-
Нийслэл шөнийн гудамжтай болж өчигдөр нээлтээ хийлээ. Шөнийн гудамж. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Улаанбаатар хэдиийнэ нэг сая гаруй оршин суугчтай мегаполис хот болсон. Ийм хэмжээний хот дэлхийн бусад хотуудтай эн зэрэгцэхгүй юмаа гэхэд хөгжлөөс нь хоцорч болохгүй. Шөнийн гудамж гэхээр иргэддээ хаягласан ажил үйлчилгээ, тав тух, чөлөөт цагаа өнгөрүүлэх нэг хэлбэр хэмээн товчхоноор ойлгож болно.
Энэ жилийн тухайд нийслэлд бүтээн байгуулалтын олон ажил өрнөж буй. Хэд хэдэн томоохон гүүрний шавыг тавьж, зам засвар арчлалтын ажил хийгдэж байна. Энхтайваны өргөн чөлөө ногоон модоор өнгө зассаныг та ажигласан байх. Энэ бол ганцхан зуны настай цэцэг бус арчилж тордоод ургуулбал наанадаж 500-600 жил хотыг чимэглэж, агаарын бохирдлыг багасгана. Яахав, манайхан, хийхээсээ хэлэх нь их хүмүүс. Уулын модыг авчирч Улаанбаатар булшиллаа гэж хэл амаа билүүдэж байгаа хүн мэр сэр байна. Энэ жилийн тухайд уулаас авчирч суулгасан модыг гурван жилийн турш арчилж ургуулах үүргийг хувийн компани хүлээж гэрээ байгуулаад буй. Энэ ч бас бусдын л жишиг.
Улаанбаатарын нэг бэрхшээл бол авто зогсоол. Түгжрэлийн нэг шалтгаан чинь энэ шүү дээ. Харин энэ хавар П.Н Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлэг, ГССҮТ, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн гадна тайлбайн автомашины зогсоолыг шинэчилж багтаамжийг нь нэмэгдүүлээд байна. Зогсоол барьж байгуулах ажил одоо ч үргэлжилж буй. Зуны эхэн сар дундаа орж байгаа болохоор урин дулааны улирал дуустал зай ч байна, лай ч байна. Тэгэхээр энэ хугацаанд зогсоол гэлтгүй авто замын салбарт ч их ажил хийгдэх нь тодорхой.
Гагцхүү энэ бүх ажил оройн шөнийн цагаар хийгддэг болохоор хүмүүсийн нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй.
Одоо үргэлжилж буй нэг содон ажил нь дээр өгүүлсэн Шөнийн гудамж. Энэ гудамжны тожижилт бүтээн байгуулалтын ажил наанадаж наадам хүртэл үргэлжилнэ. Өчигдөр зөвхөн нээлтээ хийж гэрлэн таазныхаа зарим хэсгийг асаасан нь тэр. Зарим нэг хүмүүс ярьж байна билээ. Зөвхөн ийм юм хийчихээд нээлт энэ тэр гэж нэрлэлээ гэж. Бат-Үүл даргын үед хийгдсэн мөнөөх дуулиант усан хөшигтэй зүйрлэх гэсэн хүн ч байна билээ. Гэхдээ ийм санал бодолтой хүмүүс бол ус үзээгүй байж гутал тайлж, уул үзээгүй хормой шууж буй хэрэг. Энэ гудамжны тохижилтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын компани ажиллаж байгаа гэсэн. Тэд энэ талаар бэлээхэн тушлагатай улс гэдгийг бас бодолцох хэрэгтэй байх.
Шөнийн гудамж гэж юу вэ хэмээн асууж байна. Аялал жуулчлал хөгжсөн дэлхийн томоохон хотууд худалдаа, наймаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзэх, амтат хоол зооглох зэрэг төвлөрсөн үйлчилгээ бүхий шөнийн гэрэлт гудамжтай байдаг. Энэхүү гудамжинд гадны зочид, жуулчид төдийгүй хотын оршин суугчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүхий л боломжийг хангаж өгсөн байдгаараа онцлогтой юм.
Өчигдөр болсон нээлтийн үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Улаанбаатар бол дэлхийн хэмжээний хот. Тэр ч утгаараа залуус цөлөөт цагаа зөв боловсон өнгрүүлэх, эрүүл аюулгүй орчинтой шөнийн гудамж манай нийслэлд байх ёстой. Залуусаас шөнийн гудамжтай болох талаар олон санал хүсэлт ирж байсан. Үүнийг хотын удирдлагууд дэмжин бодит ажил болгон өнөөдөр нээлтээ хийлээ” хэмээн энэ ажлынхаа агуулга ач холбогдлыг тодорхойлно билээ.
Аялал жуулчлал хөгжсөн дэлхийн томоохон хотууд худалдаа, наймаа, урлаг соёлын үзвэр үйлчилгээ үзэх, амтат хоол зооглох зэрэг төвлөрсөн үйлчилгээ бүхий шөнийн гэрэлт гудамжтай байдаг. Энэхүү гудамжинд гадны зочид, жуулчид төдийгүй хотын оршин суугчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх бүхий л боломжийг хангаж өгсөн байдгаараа онцлогтой юм.
Монголын эдийн засгийг олон тулгуурт болгож солонгоруулах хамгийн ойрын боломж нь аялал жуулчлал юм. Энэ хүрээнд Улаанбаатар хот жуулчдыг татахаар идэвхтэй ажиллаж байгаа. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн аялал жуулчлалын төв болгоно гэж заасан. Тэр утгаараа залуус руу чиглэсэн олон ажил багтсаны нэг нь энэ шөнийн гудамж юм.
Шөнийн гудамжны нээлтэн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Орчин үеийн Мегаполис хотын хэмжээнд залуус оройн цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулж цаашдаа цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олноор бий болгоно. Мөн залуус чөлөөтэй худалдаа үйлчилгээ эрхэлж, үзвэр үйлчилгээ үзэж болдог ийм гудамжийг олноор бий болгох нь чухал юм. ... Хэдийгээр өнөөдөр гудамжны маань тохижилтын ажил бүрэн дуусаагүй байгаа ч цаашдаа бид шат дараатайгаар хийж дэлхийн жишигт хүргэх болно. Энэ гудамж маань үр дүнгээ өгч залуусын хүсэл сонирхлыг татаж чадвал дахин 2-3 байршилд нэмж тохижуулна гэсэн бодолтой байгаа” гэсэн юм.
Тус гудамжны бүх талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлжээ. Мөн олон нийтэд зорилсан үзвэрийн дэлгэц, 400 хүний зориулалтын суудал зэргийг бий болгоод байна. Шөнийн гудамжинхөдөлгөөнийг баасан гарагийн 00:00 цагаас даваа гарагийн 06:00 цаг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж байх юм.
Шөнийн гудамж нь одоогоор Циркийн уулзвараас баруун тийш Сөүлийн гудамж Наран их дэлгүүр хүртэл үргэлжилж байгаа бөгөөд энэ гудамжинд жазз болон сонгодог урлагийн тоглолт, рок поп урлагийн тоглолт, электро хөгжмийн шоу тоглолт болохоос гадна худалдаа үйлчилгээ, тоглоом наадгай, зугаалгын арга хэмжээнүүд зохиогдож байх юм.
Албан ёсны эх сурвалж Zaluu.com









