ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 6 сарын 03

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо групп корпорацийн ерөнхий менежер Чен Хон Вэйтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо групп корпорацийн ерөнхий менежер Чен Хон Вэйг 5 дугаар сарын 31-ий өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад, НИТХ-ын төлөөлөгч, Төслийн зохицуулагч Р.Дагва, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Загдсамбар, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан болон бусад албаныхан, Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо групп корпорацийн инженерийн газрын дарга Ли Жанрон, Гадаад бизнесийн удирдлагын төвийн Олон нийттэй харилцах ажлын хэсгийн болон намын нарийн бичгийн дарга Чин Хули зэрэг төлөөлөл байлцав.

Тус уулзалтын үеэр хотын дарга  Хятадын төмөр замын 20 дугаар товчоо компанийн удирдлагад гүйцэтгэж буй төсөл арга хэмжээний талаар анхаарах асуудлыг хэллээ. Тодруулбал, Замын цагдаагийн гүүрэн гарцын зураг төсөл графикт хугацаанаа хоцорч, барилгын ажил 2 сар орчмоор хойшлогдохоор нөхцөл байдал үүсч байна. Иймд зураг төслийн ажлыг яаралтай дуусгах талаар анхаарч ажиллах, Замын цагдаагийн үндсэн гүүрийн баруун талаар Нарны зам, Төмөр зам дээгүүр явган хүн болон дугуйн зам нэмж хийх, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн хугацааны хоцрогдлыг нөхөн, ауудлыг шийдвэрлэх, Монгол Улсын сангийн яам болон захиалагчийн зүгээс шаардах бичиг баримт, тайланг цаг тухайд нь ирүүлж байхыг анхааруулсан юм. Хятадын Төмөр замын 20 дугаар товчоо групп корпорацийн ерөнхий менежер Чен Хон Вэй “Төслийн ажлын явц удаашралтай байгаа. Бид энэ алдаагаа засч, хурдан шуурхай ажиллаж хугацаандаа ажлаа хүлээлгэн өгөх болно” гэлээ.

НЗД-ын орлогч П.Баярхүү , Азийн хөгжлийн банкны төлөөллүүд Сэлбэ дэд төвтэй танилцлаа

Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлийн гишүүд болох ноён Филипп Рөүз, ноён Ёоханес Шнайдер болон ноён Ёоар Стрэнд нар 2017 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон Азийн хөгжлийн банкны удирдлагууд,  ажлын хэсгийнхэн “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд бүтээн байгуулалт хийгдэж буй Сэлбэ дэд төвтэй газар дээр нь очиж танилцлаа. 

Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү хэлсэн үгэндээ “Нийслэлд инженерийн дэд бүтэц бүхий төвлөрсөн хотыг бий болгох зайлшгүй шаардлагатай. Энэ ажлын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хийгдэж буй төслийг хэрэгжүүлэхэд тусалж, дэмжиж байгаа ноён Андерс Петерсон болон бусад албаны хүмүүст талархаж байгаагаа илэрхийлье.

Монголын улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс ирэх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын дэд бүтцийг сайжруулахад 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэж дэмжин ажиллаж байна. Энэхүү шийдвэрийг гаргахад Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төслийнхэн болон Азийн хөгжлийн банкны хамт олны хичээл зүтгэл маш их байлаа.

Нийслэлийн зүгээс газар чөлөөлөх ажлыг онцгойлон анхаарч байна. Жишээ нь, Сэлбэ дэд төвийн хувьд газрын 90 хувийг чөлөөлсөн тул ажил эхлүүлэхэд бэлэн болсон. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс энэ ажилд анхаарч дэмжин ажиллана” хэмээлээ.

“Өргөө” амаржих газарт өдрийн дурангийн мэс засал хийх боломж бүрдлээ

НИТХ-ын дарга Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан эх үрсийн баярыг тохиолдуулан өнөөдөр “Өргөө” амаржих газарт зочиллоо. Тэд Австрали улсын буцалтгүй тусламжаар олгосон тоног төхөөрөмжийн замын зардлыг шийдвэрлэж өгч буйгаа тус хамт олонд дуулгаад олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр мэндэлсэн бяцхан үрс, ээжүүдэд гарын бэлгээ өгсөн юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Эх үрсийн баярыг тохиолдуулан “Өргөө” амаржих газарт Австралийн Мельбурн хотын эмнэлгийн буцалтгүй тусламжаар ирэх дурангийн мэс заслын аппарат, дагалдах тоног төхөөрөмжийн замын зардлын асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэсэн. Эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж учраас иргэдийн хурлаас уг тоног төхөөрөмжийг Монголд авчрах замын зардлыг нь гаргахаар болсон.  Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч бид дотоод нөөц бололцоогоо дайчлаад энэ жил 4.5 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт тавьсан. Энэ нь дүүргүүдийн эмнэлгийн мэс заслын тоног төхөөрөмжийн асуудлыг шийдэхэд зориулагдах юм” хэмээн онцоллоо.

Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км хоёр эгнээ АВТО ЗАМ баригдана

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289,4у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн Баянзүрхийн 321у/м гүүрийн шав тавих ёслол  6 дугаар сарын 2-ны өдөр боллоо.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх гүүрийн төслийн ажлыг Бээжин Юни-Констракшн групп компани гүйцэтгэх бөгөөд захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар ажиллаж байна. Төслийн ажил 2 жил үргэлжилнэ. Баянзүрхийн 321 у/м гүүрийн шавыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн Б.Батзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хай Мин, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра болон албаны бусад хүмүүс тавьлаа.

Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км авто замд Туул гол дээр байрлах юм.

Хотын дарга Барилгын коллежийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Барилгын политехникийн коллежийн үйл ажиллагаа, сургалтын орчин, эдэлбэр газрын ашиглалтын байдалтай танилцлаа. Хотын даргыг дагалдан явах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн ЗДТГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, нийслэлийн Мэргэжлийн хяналтын гарын дарга Л.Эрдэнэчулуун болон бусад албаныхан  байсан юм. Ажлын хэсгийнхнийг Барилгын политехникийн коллежийн захирал Г.Нямдулам хүлээн авч үйл ажиллагаагаа танилцуулж, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж өгөхийг хүсэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Улаанбатар хотын өнөөгийн барилгажилт, барилгын хөгжлийн түүх бол Барилгын политехникийн коллежтой салшгүй холбоотой. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс Барилгын политехникийн коллежид тусалж, асуудлыг шийдвэрлэх ёсой гэж үзэж байгаа юм. Холбогдох албаныхан хамт явж байгаа учраас сая дурдсан асуудлыг хянаж, шалгаж, судлахыг үүрэг болгож байна. Ерөөсөө ямар ч үед онцгой байдал, түргэний машин орох боломжгүй ийм нөхцөл байдалтай үйл ажиллагаагаа явуулж болохгүй. Тиймээс энэ асуудлыг тодорхой анхаарч шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллана. Ер нь барилгын төлөвлөлтийг 2-оос доошгүй орц, гарцтай байхаар шийдэж байгаа. Хот улам нягтаршиж буй энэ үед орц, гарцны асуудлыг маш сайн төлөвлөх шаардлагатай болоод байгаа юм. Тиймээс коллежийн орц, гарцыг хааж, өргөтгөл барьсан газруудад мэдэгдэл хүргүүлээд, газрыг буцааж олгох асуудлыг нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газарт, тус коллежийн орчмын газрын гарц, орцын асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа” хэмээв.

Зөвшөөрөлгүйгээр төлбөр авдаг авто зогсоолуудын үйл ажиллагааг зогсоож, газар чөлөөлөх ажлаа эрчимжүүлхийг үүрэг болгов

Нийслэлийн засаг даргын захирамжын дагуу явган хүний зам гарцыг чөлөөлөх ажлын үйл явц 50 хувьтай байна. Тухайлбал явган хүний зам гарц, нийтийн эзэмшлийн талбайг хаасан нийт 129 байршлаас одоогийн байдлаар 54-г нь чөлөөлжээ. Түүнчлэн эзэмшил газраасаа хэтрүүлэн хашаа барьсан нийт 451 аж ахуйн нэгжийн зөрчлийг арилгахаар ажиллаж байгаа аж. Энэ асуудлаар болон автозамын салбарын бүтээн байгуулалтын талаар нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 5 дугаар сарын 31-ий өдөр хуралдаж, хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү "Эзэмшил газраасаа хашаагаа хэтрүүлэн барьсан иргэн ААН-үүдэд удаа мэдэгдэл өгөөд байхад өөрийнхөө кадастрын хэмжээгээр талбайгаа татахгүй бол тухайн ААН-үүдийн газрыг хүчингүй болгох тал дээр холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй. Гурван удаа сануулга өгч мэдэгдэл хүргүүлье.Хэрвээ үнэхээр өөрсдөө татахгүй гэж байгаа бол нийслэлийн Засаг дарга захирамжаараа олгож болсон юм чинь цуцлах эрх зүйн үндэс бий" хэмээлээ.

Улаанбаатар хотын аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд Коосэнтэй хамтарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, КООСЭН-Японы үндэсний технологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Исао Танигүчи нар өнөөдөр Коомэн боловсролын хөтөлбөрийг дэмжин ажиллах болон аж үйлдвэрийн салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Коосэн боловсролын системийг олон нийтэд таниулах, 2017 онд Коосэн технологийн дээд боловсролын хөтөлбөрт нийцсэн туршилт, судалгааны лабораторийн бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэх тал дээр хамтран ажиллана. Япон улсын өндөр хөгжилд Коосэн чухал хувь нэмэр оруулсан шиг Улаанбаатар хотын хөгжилд ч Коосэн боловсролын систем хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд онцоллоо.

“НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ – 2020” дэд хөтөлбөр батлагдлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны тавдугаар сарын 30-ны өдрийн  81 дүгээр тогтоолоор “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр батлагдлаа.

Хөтөлбөрийн үндэслэл, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохын тулд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн ЕБС, СӨББ, насан туршийн боловсролын төвийн удирдлага, багш нарын 97,3 хувийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг, Стратеги академи, нийслэлийн Боловсролын газраас хамтран 2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулсан түүвэрчилсэн судалгааны нэгдсэн дүн, дүгнэлт, зөвлөмж, нийслэлийн Боловсролын газрын даргын А/91 тушаалаар батлагдсан ажлын хэсгийн СӨБ, бага, дунд боловсролын өнөөгийн байдалд хийсэн “SWOT” шинжилгээний тайлан, боловсролын салбарт эрх зүйн шинэчлэл хийх чиглэлээр зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг хэлэлцэх ажлыг тус тус зохион байгуулсан болно.

“Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөр нь сургалтын орчин, чадварлаг боловсон хүчин, боловсролын чанартай үйлчилгээ гэсэн 3 чиглэл, 5 зорилтын хүрээнд 63 ажил үйлчилгээг хэрэгжүүлэх юм.

Нийслэлээс ЕБС орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулна

Нийслэлээс 2017 онд Ерөнхий боловсролын сургууль орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллахаар болсон. Хотын төвийн ачаалал ихтэй зам дагуу байгаа ерөнхий боловсролын сургуулиудын гаднах талбайг эхний ээлжид тохижуулахаар холбогдох байгууллагууд ажиллаж эхлээд байна.Тохижилтын зураг төсөл, төлөвлөгөөг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас гаргасан. Ингэснээр сурагчид зам тээврийн осолд өртөж бэртэх, амь насаа алдах тохиолдол бодитоор буурч, хүүхдэд ээлтэй орчин бүрдэх юм. Тухайлбал, нийслэлийн 2017 оны Авто замын сангийн хөрөнгөөр ЕБС орчмын гэрлэн дохио, арал, тэмдэг, тэмдэглэгээ, туузан хашлага, хурд сааруулагч, лед самбар зэргийг хийж тохижуулна. Ямартай ч энэ онд нийслэлийн ерөнхий боловсролын 16 сургууль хүүхдэд аюлгүй орчин бүрдүүлэхээр ажлаа эхэлжээ.

Үүнд :

-  Баянзүрх дүүргийн 102, 48, 84, 137

-  Сонгинохайрхан дүүргийн 105, 67

-  Сүхбаатар дүүргийн 2, 3, 58

-  Баянгол дүүргийн 20,40,93

-  Чингэлтэй дүүргийн 117, 24, 61, 17 дугаар сургуульд нийт 850 сая төгрөгийн хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах ажлууд хийгдэнэ.

Хотын даргын уриалгын дагуу төрийн албан хаагчид цусаа хандивласаар байна

Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ.

2017 оны тавдугаар сарын "Цусаа бэлэглэх өдөр"-ийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчын нэрэмжит болгон зохион байгуулсан. Уг өдөр хотын дарга нийслэлийн төр захиргааны байгууллагуудад хандаж цусаа бэлэглэхийг уриалсан юм. Энэхүү уриалгын дагуу нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд хуваарийн дагуу цусаа бэлэглэж эхэлжээ. Одоогоор нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар, Баянгол дүүргийн ЗДТГ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Улаанбаатар Төв номын сан, Сонгинохайрхан дүүргийн хороодууд, Хан- Уул дүүргийн Шүүхийн хамт олон цусаа бэлэглээд байгаа аж.

“1000 аавын чуулган” боллоо

НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хөгжлийн хороо, Нийслэлийн боловсролын газар хамтран Монгол хүн хүмүүжлийн аяны хүрээнд Монголд анх удаа “1000 аавын чуулган”-ыг СТӨ-нд 5 дугаар сарын 29-ий өдөр амжилттай зохион байгууллаа.

Боловсролын харилцаанд оролцогчдын чухал хэсэг нь гэр бүл бөгөөд гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс, улс орны хөгжил дэвшлийн баталгаа төдийгүй төр улс дотор оршин буй гэр улс нь үндэсний ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин юм. Хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлж байгаа хүмүүс бол Аавууд. Ирээдүйн Монгол иргэдийн чанартай боловсрол, зөв хүмүүжил төлөвшлийн хамгийн том хүч болсон аавуудын манлайлал, үлгэр дуурайл, боловсролын харилцаанд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд “1000 аавын” чуулганы зорилго оршиж байна. Чуулганд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөлөл болсон аавууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд -нийт 1350 хүн оролцсон юм.

Зорилтот бүлгийн хүүхдүүдээ баярлууллаа

Монголын хүүхдийн ордон, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зорилтот бүлгийн 700 хүүхдэд зориулсан “Ид шидийн аялал” урлагийн тоглолтыг зохион байгууллаа. Хот тохижилтын газрын ажилчдын хүүхдүүд болон тусгай сургуулийн сурагчид, халамж асрамжийн төвийн хүүхэд багачууд өнөөдрийг инээд хөөр дүүрэн, Хүүхдийн ордны авьяаслаг найзуудынхаа тоглолтыг үзэн, дуу хуур, бүжиг наадам дунд өнгөрөөлөө.

Гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлж эхэллээ

“Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төсөл”-ийн нээлт 5 дугаар сарын 31-ий өдөр боллоо. Төслийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, байгаль орчны салбарын байгууллагуудын төлөөлөгчид оролцов.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “1.3 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Манай хотод ариун цэврийн байгууламжийн асуудал хүн бүрийн санааг зовоосоор байгаа. Орон сууцны иргэд бохироо өөрсдөөсөө холдуулаад зайлуулчихаж байгаа боловч Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанаас шалтгаалаад үндсэндээ Улаанбаатар хот бохиртоо дарагдчихаад байна. Тэгэхээр ийм үед  хөгжил дэвшлийн тухай, илүү сайн сайхан хотын тухай ярина гэдэг үнэхээр хүндрэлтэй. Үүнийг яаж шийдвэрлэх вэ гэдэг шийдлийг олоход их хэцүү, санаа зовоож байгаа асуудлын нэг болоод байна. Өнөөдөр яамныхан нийслэлтэй болон япончуудтай хамтраад энэ асуудлыг шийдэх зорилгоор төсөл эхлүүлж байгаад баяртай байна. Би энэ асуудлаар их олон хүнтэй уулзаж судалж байгаа. Дэлхийн орнуудад хэрэгжүүлж буй төсөл манай орны эрс тэс уур амьсгалд таардаггүй хэцүү талтай юм. Энэхүү туршилтын төслийн ажилд амжилт хүсье.  Хамгийн гол нь энэ төслийг хэрэгжүүлэхдээ хоттойгоо нягт уялдаатай ажиллаарай” хэмээн онцоллоо.

Төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам удирдан нийслэлийн Байгаль орчны газар хамтран ажиллаж, төслийн нэгжээр дамжуулан Чингэлтэй дүүргийн 12, 13, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд хэрэгжүүлэх аж.

Нийслэлийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа

Эрдэм мэдлэг, авьяас чадвараараа үеийнхнээ манлайлж, хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлэн, амжилт гаргасан сурагчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит “Нийслэлийн шилдэг сурагч” шагнал гардуулла

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43968
0 эможи
keyboard_arrow_up