ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА
Хотын дарга газар чөлөөлөх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал 5дугаар сарын 16-ны өдөр боллоо. Хуралдаанаар 2017 оны хаврын тохижилтын ажил, Газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан газар чөлөөлөлтийн ажил, 2017 оны зам засварын ажлын явцын талаарх асуудлыг хэлэлцлээ.
Ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай Захирагчийн ажлын албанаас гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлж байгаа аж. Цэцэрлэгжүүлэлтийн хувийн хэвшлийн байгууллагуудаар ногоон байгууламжийн арчилгаа болон нөхөн тарилтын ажлыг 98 гудамжид гүйцэтгүүлж байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 4-6 метр урттай том оврын нарс модыг Таван шараас Эскадрилийн хөшөө, Ерөнхий сайд Амарын гудамж, Бага тойруугийн гудамж, Тасганы овооноос Баянбүрдийн уулзвар хүртэл, Сансарын туннелийн зам дагуу зэрэг нийтдээ 1972 ширхэгийг тарих аж. Мөн төмөр зам дагуу буюу Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчооноос 22-ын шалган нэвтрүүлэх товчоо хүртэл 24 мянган хайлаас, 8 мянган ширхэг улиасыг хавар намрын тариалалтаар тариад байгаа юм байна.
НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ ажиллалаа
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Багахангай дүүргийн “Илч-Орд” НӨҮГ ажил байдалтай танилцсанаар ажлын хэсгийн ажил эхэлсэн юм. Тус газрын ахлах инеженер “Илч-Орд” НӨҮГ-ын үйл ажиллагаа, төвлөрсөн халаалт болон зуухны насжилтын нөхцөл байдал, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлаа танилцууллаа.
Энэ үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү хэлсэн үгэндээ " Нийслэлийн засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр Багахангай дүүрэгт ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд бид хэд хэдэн асуудлыг чухалчлан шийдвэрлэхээр болоод байгаа. Нэгдүгээрт, Багахангай дүүрэгт байгаа газар өмчлөлийн асуудал. Хоёрдугаарт, нэгдүгээр хороонд байрлах орон сууцны барилгын засварын ажил, дулаан төвлөрсөн халаалтын үйлдвэрийн асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна.
Мөн Багахангай дүүрэгт үйлдвэр технологийн парк бий болгох ажлын хүрээнд "Үйлдвэр технологийн парк"-ийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажилд Нийслэлийн төсвөөс 145 сая төгрөг төсөвлөсөн. Мөн Богдхаан төмөр замын ажлыг эрчимжүүлэхийн тулд хоёр ажлын хэсэг байгуулсан байгаа.
Автозамын ажлын хувьд 255 сая төгрөгийн өртөгтэй, 3,5 метрийн өргөн, хоёр эгнээ зорчих хэсэгтэй, 1,5 метрийн явган хүний зам бүхий 0,27 км автозам баригдана. " хэмээлээ.
Хотын төсвийн нэмэлт өөрчлөлтийг баталлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 5 сарын 18-ны болж өндөрлөлөө. Хуралдааныг хааж НИТХ-ын дарга Ц.Сандуй үг хэллээ.
Ц.Сандуй: "Төсвийн сахилга батыг чанд сахиж, үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлттэй ажиллах нь чухал. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн агаар, орчны бохирдлын асуудалд ч мөн дээрхийн адил байр сууринаас хандаж, Хурлаас ажлын хэсэг гаргаж, сая баталсан төлөвлөгөөний биелэлт, ажлын гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийнэ. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төлөөлөгчдөөс гадна иргэд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулж, ул суурьтай хандаж, бодит байдал, үр дүнг тооцож дүгнэх нь зүйтэй. Тэр үед агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн удирдлагаас хийж хэрэгжүүлж байгаа ажлын эхний үр дүн гарсан, хотын агаар, орчны бохирдол тодорхой хэмжээнд буурсан байна гэдэгт итгэж байна.
Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа улс төрийн намууд шударга ёс, үндэсний эв нэгдэл, улс орныхоо эрх ашгийг дээдлэн оролцдог уламжлалтай. Энэ хариуцлагатай ажилд амжилт гаргахыг хүсье. Намын бүлэг, хороодын хурал, нэгдсэн хуралдаанд идэвхтэй оролцож, хэлэлцэж байгаа асуудлуудаар ажил хэрэгч санал шүүмжлэл өрнүүлсэн нийт төлөөлөгчдөд болон хуралдааны бэлтгэл хангах, зохион байгуулахад оролцсон төрийн албан хаагчдад талархал илэрхийлье. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит Х хуралдаан хаасныг мэдэгдье" гэж хэллээ.
Газар чөлөөлөх ажлыг дэмжсэн иргэд, аж ахуйн нэгж, СОШИАЛЫНХАНД баярлалаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын явцыг танилцуулсан. Танилцуулгын дараа хотын дарга С.Батболд газар чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгохын сацуу газар чөлөөлөх ажлыг дэмжсэн иргэд, аж ахуйн нэгж болон сошиалаар идэвхтэй жиргэсэн иргэддээ баярлалаа гэж хэллээ.
Явган хүний болон автомашины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектын 129 байршлын судалгааг холбогдох байгууллагууд гаргаад байгаа аж. Эдгээр зөрчилтэй газруудад мэдэгдэл хүргүүлж, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаагаас энэ сарын 15-ны байдлаар 37 байршлын 46 обьектыг чөлөөлж, орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна.
Солонгосын мэдээллийн технологийн салбарын бизнес эрхлэгчидтэй уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг 5дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрыг өнгөрсөн онд үүсгэн байгуулсан нь залуучуудын асуудлыг дангаараа эрхлэх төрийн бүтцийг Монгол Улсын түүхэнд анх удаа бий болгосон явдал байсныг дурдаад “Та бүхэн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран мэдээллийн технологийн салбарт сургалт зохион байгуулж, залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэн, хөдөлмөр эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлж байгаад баяртай байгаа. БНСУ-д мэдээллийн технологийн салбар хөгжсөнтэй адил бид нийслэлд төдийгүй, орон даяар энэ салбарыг хөгжүүлэх шаардлага бий болсон. Мөн нийслэлд “Улаанбаатар бизнес инкубатор төв”-ийг нээн ажиллуулахаар төлөвлөж байна. Энэ чиглэлээр хамтран ажиллах гэж байгаад талархаж байгаа. Цаашид Монголын залуучуудыг нарийн мэргэжил эзэмшүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлбэл нийслэлийн захиргааны зүгээс дэмжиж ажиллахад бэлэн байна” хэмээлээ.
Энэ оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцлээ
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдааны үеэр Хотын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын танилцуулснаар хэлэлцлээ. Хэлэлцэгдэж буй асуудлуудыг урьдчилан НИТХ-ын хороод, намын бүлгийн хурлаар хэлэлцүүлж, төлөөлөгчдийн саналыг тусгах ажлыг зохион байгуулсан байна. Хуралдааны дэгийн дагуу эхлээд намын бүлгийн санал, дараа нь хурлын хороодын саналыг сонслоо.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан боллоо
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 10 дугаар хуралдаан 5 дугаар сарын 18-ны өдөр Хангарди ордонд боллоо. Өнөөдрийн хуралдаанаар дараах 3 асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
- Хотын шуудын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
- Нийслэлийн 2017 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэгээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлэх үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө батлах тухай
Хэсэгчилсэн инженерийн хангамж "СЕРВИС ЦЕНТР"-ийн ажлыг танилцуулах уулзалтыг Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороонд зохион байгууллаа
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга болон хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзан хэсэгчилсэн инженерийн хангамж "Сервис центр" буюу “Дэд бүтцийн төв”-ийн ажлыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтыг нээж Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ “Нийслэлийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм. Үүнээс гадна бид иргэдийг өөрсдийн оршин суугаа газартаа тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн болон нийгмийн үйлчилгээтэй, инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууц давамгайлсан хороолол болгон хөгжүүлэх бодит санаачилгыг гаргаад "Сервис центр" буюу "Дэд бүтцийн төв"-ийг барих ажлыг эхлүүлээд зургаан сар болж байна. Эхний ээлжинд уг төсөл хэрэгжих боломжтой 10 байршлыг тодорхойлсон бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо энэ байршлын тоонд багтсан байгаа. Тиймээс хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар иргэдтэйгээ уулзаж, үнэн, зөв мэдээллийг түгээх нь чухал юм. Энэ ажил урагшлах хамгийн том хөдөлгүүр нь иргэд өөрсдөө юм.” хэмээлээ.
Хотын дарга Налайх дүүрэгт ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 5 дугаар сарын 19-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Тэрбээр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ “Хотын дарга хороодод хүрч ажиллана. Нийслэл, дүүргийн удирдлагууд албан өрөөний цонхоор харах биш ард түмнийхээ амьдрал дунд орж, тэдэнд нийцсэн шийдвэр гаргана" гэдгийг онцолсон юм.
Мөн “Городок тосгоны энэ цэвэрлэх байгууламж дэлхийн томоохон хотуудад байдаг цэвэрлэх байгууламжтай ижил технологиор ажиллаж байна. Үүнийг өргөтгөх хэрэгтэй. Улаанбаатар хотын захын дүүрэг, гэр хорооллыг бага оврын ийм цэвэрлэх байгууламжаар хангах хэрэгтэй гэж харж байна. Мөн үйлдвэрлэл болон ахуйн бохирдлыг тусад нь цэвэрлэх хэрэгтэй байгаа юм.” хэмээв.
Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг 5 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тус уулзалтыг нээж НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн хэмжээнд байгаа бүх сургууль, цэцэрлэгийн багш, эрхлэгч нартай нэг бүрчлэн уулзаж, ярилцах цаг, боломж байхгүй учраас дүүрэг бүрээр нь багцалж уулзах саналыг дүүргээс сонгогдсон төлөөлөгчид маань гаргаж, ажил хэрэг болгож байна.
Ер нь бол Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн 4 жилийн хугацаанд бусад дүүргийг бодоход хөрөнгө оруулалтаас нэлээд хоцорсон. Тиймээс энэ дүүрэгт хийх ажил маш их бий. Улсын хөгжлийн хамгийн том барих ёстой бодлого бол хүнээ хөгжүүлэх явдал. Хүнээ яаж хөгжүүлэх вэ гэвэл хүүхэд байхаас нь, сурагч байхаас нь, сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэхээс эхлэх ёстой.
Одоо бидний хийж байгаа ажил бүхний эхэнд сургууль, цэцэрлэгийн асуудал яригддаг. Тиймээс бид 2020 он хүртэл хороо бүрийг сургууль, цэцэрлэгтэй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна” хэмээн онцлон хэлсэн юм.
“Улаанбаатар марафон”-д дэлхийд танигдсан нэртэй тамирчид оролцоно
“Улаанбаатар Марафон”-д Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд 4000 гаруй байгууллагаар аялуулж, 30 гаруй мянган хүн онлайнаар бүртгээд байна.
Хотын дарга 58 дугаар сургуулийн бүжигчин сурагчдыг хүүхдийн баярын арга хэмжээнд урилаа
Нийслэлийн Засаг дарга С.Батболд Сүхбаатар дүүрэгт ажиллах үеэрээ Нийслэлийн тэргүүний 58 дугаар цогцолбор сургуулиар зочилж, багш, сурагчидтай уулзсан юм. 58 дугаар сургуулийн сурагчид урлаг, спортын амжилтаараа дүүрэгтээ толгой цохидог аж. Ялангуяа бүжгийн “Болор шигтгээ” хамтлаг нь Нийслэлийн хаврын баярын бүжгийн аваргаар тодорч байжээ. Бага, дунд, ахлах насны 50 гаруй гишүүнтэй тус хамтлаг бүжгийн номероосоо хотын даргад үзүүлж сонирхуулсан юм. Хотын дарга эдгээр авьяаслаг сурагчдыг 6 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд болох Эх үрсийн баярын нэгдсэн арга хэмжээнд оролцохыг урилаа.
"Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн" болно
Зүүн азийн волейболын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн" Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 20-25 өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээн нь 1998 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд манай улсад ийнхүү 4 дэх удаагаа болох гэж байгаа аж. Тэмцээн 5-р сарын 20-ны өдөр 13:00 цагаас “B” хэсгийн Хонгконг болон БНАСАУ-ын шигшээ багуудын тоглолтоор эхлэх бол манай улсын шигшээ баг эхний тоглолтоо 19:00 цагаас БНСУ-ын шигшээ багийн эсрэг хийх юм.
Уг тэмцээнээс Монголын эмэгтэй шигшээ баг 2000 онд мөнгө, 2008 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй. Харин эрэгтэй шигшээ баг 2015 оны тэмцээнд IV байранд шалгарч байсан бөгөөд энэ жил нутагтаа медалийн тавцанд хүрэх зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа базаажээ. Азийн зүүн бүсийн волейболын холбооноос 2012 оноос эхлэн энэхүү тэмцээний эмэгтэй, эрэгтэй төрлүүдийг тусад нь явуулж байхаар шийдвэрлэсний дагуу тус тэмцээн 2012 онд БНХАУ, 2014 онд Хятадын Хонг Конгод(эмэгтэйчүүд), 2013 онд Тайванд, 2015 онд Монголд, 2016 онд Хятад улсад тус тус зохион байгуулагдаж байсан аж.
“Автомашингүй өдөр”-өөр томоохон зах худалдааны төвүүд амарна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт боллоо.
Энэ өдөр томоохон зах худалдааны төвүүд амрах юм. Ингэхдээ тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх аж. Тухайлбал, “Нарантуул” зах амрах өдрөө буюу ирэх мягмар гаригт ажиллана.
Бямба гаригт хотын төв орчмын замыг хаана
“Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт боллоо. Энэ өдөр 08.00-18.00 цаг хүртэл зарим автозамын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллалаа.
“Мен гао” нэртэй хуурамч цемент авахгүй байхыг анхааруулав
НМХГ-ын улсын байцаагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард барилгын материалуудад хяналт шалгалт хийж, "Мен гао" нэртэй савлагдсан цемент нь стандартын шаардлага хангахгүй, хаяг шошгын зөрчилтэй гэдгийг иргэдэд анхааруулж байсан билээ.
Уг цементэд барилгын материалын чанарыг баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээ, лабораторийн батламж байхгүй, стандартаар 50 кг байхаас 47.48 кг жинтэй савлагдсан зэрэг зөрчил илэрсэн юм. Ийнхүү өмнөх хяналт шалгалтынхаа мөрөөр нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийсэн байна. Тавдугаар сарын 9-нд хийсэн уг шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо сүмийн 1-9 тоотод 40 тн-ын чингэлэгт үнс, 20 тн-ын чингэлэгт цемент хийсэн ноцтой зөрчил илрүүлжээ.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авах, бетон зуурмагийн үйлдвэрүүд “Мен гао” уутанд савлагдсан чанар байдал нь тодорхойгүй цемент худалдан авахгүй байх, үйлдвэрлэсэн бетон зуурмагийн марк, чанарыг тодорхойлсон лабораторийн шинжилгээг дагалдуулж байхыг анхааруулж байна.









