Ц.Мөнхтуяа: Авто замын 39 ТӨСЛИЙГ хэрэгжүүлнэ

2017 оны 5 сарын 17

Улаанбаатар хотод энэ жил зам барилгын ажлууд хэрхэн өрнөх талаар Нийслэлийн авто замын газрын Хэвлэл мэдээлэл, дотоод ажил хариуцсан ажилтан Ц.Мөнхтуяагаас тодрууллаа.

-Нийслэлд энэ жил зам барилгын ямар ажлууд хийгдэх вэ?

-Энэ онд нийслэлийн хэмжээнд гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, Авто замын сан, Хөгжлийн банкны санхүүжилтээр авто замын 39 төслийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 132.24 сая ам.долларын хөрөнгөөр Яармагийн шинэ гүүр барьж, хуучин гүүрийг засварлах төсөл байгаа. Барилгын ажлын нээлтийг хийсэн. Замын цагдаагийн албаны ойролцоо гүүрэн гарц барих ажил зураг төслийн шатандаа явж байна. Мөн Туул гол дээгүүр Баянзүрх 321 метр, Сонсголонгийн 289.4 метр төмөр бетон гүүр барих зэрэг дөрвөн том төслийг санхүүжүүлнэ.

-Гадаадын зээл тусламжийн гадна дотоодын нөөц бололцоогоор хийх замын ажлын талаар дурдахгүй юу?

-Нийслэлийн төсвийн 9.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 57 метр урт гүүртэй 1.4 км замыг шинээр, явган хүнд зориулсан гүүрэн гарц, аялал жуулчлалын хоёр км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн өмнөх онд концессоор хэрэгжүүлсэн таван төслийн эргэн төлөлт болон БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хоёр төслийн зөвлөхийн хяналтын зардлыг энэ санхүүжилтээс гаргах юм.

-Өнгөрсөн жилээс эхлүүлсэн зам барилгын ажлууд бий юу. Тухайлбал, Толгойт чиглэлийн замын ажил одоо үргэлжилж байгаа?

-Хөгжлийн банкны эх үүсвэрээс эргэн төлөгдөх нөхцөлтэй 11.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр өнгөрсөн жилээс Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км замын өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа. Түүнээс гадна Өгөөж, Оргилын уулзваруудыг өргөтгөх, Авто плазагийн уулзварыг шинээр барих, орон сууцны хороолол болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих, засварлах зэрэг ажилд Нийслэлийн замын сангийн хөрөнгийг төсөвлөн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43570
0 эможи
keyboard_arrow_up