Та хүүхдээ аль сургуульд бүртгүүлэхээ мэдэх үү?
Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэж буй хүүхдүүдийн бүртгэлийг дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулах шийдвэрийг нийслэлийн Боловсролын газрын даргын шийдвэр гарсан. Шийдвэрийг нийслэлийн сургуулиудын захиралд танилцуулсан бөгөөд бүртгэл сургуулиуд дээр хараахан эхлээгүй байгаа юм.
Улсын хэмжээнд 2132 сургууль цэцэрлэг байгаагаас 848 нь буюу 39.8 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. 2016 онд нэгдүгээр ангийн сурагчдыг хавар бүртгээгүй бөгөөд намар нь 27 629 хүүхэд сургуульд элсэн суралцаж байгаа юм. Харин энэ жил бүртгэлийг хавар зохион байгуулах шийдвэр гарлаа. Чухам хэдэн хүүхэд энэ жил зургаан нас хүрч, сургуульд орох тухай мэдээлэл хараахан гараагүй байна.
Харин нийслэлийн хэмжээнд хүүхдүүдийн хамран сургах тойргийг батлан гаргажээ. Жил бүр шинэчлэн баталдаг хамран сургах тойргийн хуваарилалтаас уншигч та хүүхдээ аль сургуульд бүртгүүлэх нь тодорхой болох юм. /Мэдээллийн дэлгэрэнгүйг доор хавсаргав/
Энэ жилийн хамран сургах тойргийн хуваарилалт өнгөрсөн оныхоос ялимгүй өөрчлөгдсөн гэдгийг нийслэлийн Боловсролын газрынхан тодотгож байлаа. Хуваарилалтад төрийн өмчийн сургуулиудаас гадна хувийн хэвшлийн ганц нэг сургууль багтсан нь анхаарал татсан юм. Хамран сургах тойргийн жагсаалтад Монгени сургууль багтсан нь ямар учиртайг албаны эх сурвалжаас тодрууллаа.
-Хамран сургах тойргийн хуваарилалтад Монгени сургуульд Баянгол дүүргийн 17,18 дугаар хорооны хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургана гэсэн үг үү?
-Үгүй. Монгени сургууль бол төр, хувийн хавсарсан сургууль учраас хамран сургах тойрогт багтсан. Гэхдээ үнэ төлбөргүй сургана гэсэн үг биш гэлээ.
Хамгийн сүүлд гаргасан статистикаас харахад нийслэлийн зарим дүүрэгт хувийн хэвшлийн сургуулиуд нь төрийн өмчит сургуулиасаа олон байдаг ажээ. Баянгол дүүрэгт л гэхэд төрийн өмчийн 17, хувийн өмчийн 25 сургууль үйл ажиллагаа явуулж буй юм байна.
Та хүүхдээ сургуульд бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж очоорой.
-
Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
-
Эцэг эх болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар
-
3*4 хэмжээтэй нэг хувь цээж зураг
-
Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа зэрэг материалыг бэлдэн, авч очих үүрэгтэй. Мөн ээж, аавууд хүүхдээ бүртгүүлэхээр явахдаа заавал хүүхдээ дагуулах юм.









