Метрог халах BRT буюу тусгай замын автобус
Түгжрэл баяртай
Хотын хүн амын механик өсөлт, түүнээс гарах ачааллыг хамгийн түрүүнд үүрдэг салбар бол нийтийн тээвэр.1990-ээд оны дунд үеэс Улаанбаатарын хүн ам огцом өссөнөөр иргэд хөл дүүжлэх унааны гачигдалд орж эхэлсэн. Тэр үеэс том оврын автобуснууд хүрэлцэхээ больсноор микро автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах болсон юм. Харин 2000-аад оноос хойш нийслэлийн авто машины тоо эрс нэмэгдсэнээр замууд нь ачааллаа даахгүйд хүрэв. Хүн бүхэн машинтай болох гэж эрмэлзэх болсны нэг шалтгаан нь нийтийн тээвэр үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотой гэж үздэг. Өнөөгийн байдлаар нийслэлд 360 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна. Энэ бол таван хүн тутмын нэг нь авто машинтай байна гэсэн үг. Хэрвээ нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжтэй, чанартай болчих юм бол нийслэлийн оршин суугчдын арван хүн тутмын нэг нь л авто машин унадаг болох боломжтой. Хотын замын ачаалал, түгжрэлийг өнөөгийнхөөс хоёр дахин бууруулна гэсэн үг. Тиймээс нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн үйлчилгээг эрс шинэчлэх зоримог алхмыг эхлүүлээд байна. Энэ нь BRT буюу тусгай замын автобус юм.
Тусгай замын автобус бол нийтийн тээврийн багтаамж ихтэй төрөл бөгөөд хурд, нэвтрэх чадварыг эрс нэмэгдүүлдгээрээ давуу талтай. Улаанбаатарт BRT системийг нэвтрүүлж автозамын 2-4 дүгээр эгнээг тусгаарлан зөвхөн нийтийн тээврийн хэрэгслийг явуулах юм бол уг тусгай замаар цагт 8000-25000 зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэнэ гэж мэргэжлийн байгууллагууд тооцоолжээ. Энхтайваны өргөн чөлөөгөөр нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих болгосон хэдий ч автобуснууд 10-15 км/цагийн хурдтай л зорчдог байна. Тэгвэл тусгай замын автобусны сүлжээ ашиглалтад орох юм бол нийтийн тээврийн хэрэгсэл 40-45 км/цагийн хурдтай зорчих боломжтой болно гэсэн тооцоолол хийжээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар, хурд 3-4 дахин нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр нийслэлчүүд бид авто замын түгжрэлд баяртай гэж хэлэх болно.
Сая хол давсан хүн амтай том хотын хувьд Улаанбаатарт BRT буюу тусгай замын автобусыг үйлчилгээнд нэвтрүүлэх шаардлага хэдийнэ бий болсон. Энэ бол дэлхийн том хотуудын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн шилдэг туршлага, оновчтой шийдэл, загвар юм. Мэдээж тусгай замын автобусны зам, дэд бүтцийг барьж байгуулах туршлага манай зам тээврийн салбарынханд байхгүй. Тиймээс энэ ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” төсөл хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төслийнхөн ажлын нэгжээ байгуулагдан судалгааны ажилдаа хэдийнэ ханцуй шамлан оржээ. Тухайлбал уг төслийн техникийн туслалцааны багийнхан Улаанбаатар хотод тусгай замын автобусны шугам сүлжээг хэрхэн барьж байгуулах талаар нарийвчилсан судалгаа хийж, техник эдийн засгийн үндэслэл, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг урьдчилсан байдлаар гаргаад байгаа ажээ.
Тусгай замын автобусны замыг ингэж барина
Азийн хөгжлийн банкныхны төлөвлөж байгаагаар тусгай замын автобусны сүлжээг гурван хэсэг болгон хувааж, эхний хэсгийг ирэх 2018 онд, дараагийн хэсгийг 2019 он, гурав дахийг нь 2020 онд ашиглалтад оруулах юм байна.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусыг нэвтрүүлснээр авто замын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдэнэ гэдгийг онцолж байна. Мөн тэрээр Улаанбаатар хотод тавигдах тусгай замын автобусны сүлжээ болон түүгээр үйлчлэх автобус нь өөрийн гэсэн өнгө төрхтэй, Монголын нөхцөл байдал, онцлогийг тусгасан байх нь чухал гэдгийг хэлсэн. Нийслэлийн удирдлагуудын хувьд 2020 он гэхэд Улаанбаатар хотод тусгай замын автобусны сүлжээг бүрэн ашиглалтад оруулсан байхаар зорьж ажиллаж байгаа ажээ. Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” төслийнхөн ч үүнтэй санал нэг байлаа. Тэд одоогоор судалгааны ажлуудаа хийж байгаа бөгөөд дэлхийн томоохон хотуудад тусгай замын автобусны шугам барьж байгуулсан туршлагуудыг хотын удирдлагуудад танилцуулжээ. Тухайлбал Азийн хөгжлийн банкныхан БНХАУ-ын Гуанжоу, Ичан хотуудад тавьсан тусгай замын автобусны шугам оновчтой бөгөөд үр дүнтэй болсныг онцолж, Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой хувилбар бүхий тусгай замын автобустай эдгээр хотоос туршлага судлах нь чухал гэдгийг хэлж байгаа юм. Улаанбаатар хотын хувьд Энхтайваны өргөн чөлөөнд тусгай замын автобусны шугам барьж байгуулахаар ярьж байгаа бөгөөд үүн дээр нэмж хөдөлгөөний нягтрал ихтэй Намъяанжүгийн гудамж, Их тойруу, Долоон буудлын эцэс зэрэг зарим гудамж, өргөн чөлөө рүү мөн салаалуулан тусгай замын автобусны шугам тавьж болох юм байна. Азийн хөгжлийн банкныхны төлөвлөж байгаагаар тусгай замын автобусны сүлжээг гурван хэсэг болгон хувааж, эхний хэсгийг ирэх 2018 онд, дараагийн хэсгийг 2019 он, гурав дахийг нь 2020 онд ашиглалтад оруулах юм байна.
Азийн Хөгжлийн банкны Тээврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ки Жүүн Кимийн хэлснээр ирэх тавдугаар сараас тусгай замын автобусны шугам барих техникийн судалгааг хийхээр төлөвлөжээ. Харин одоогоор тусгай замын автобусны зураг төслийг ид хийж байгаа гэнэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банкны “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” төсөл ийнхүү бүтээн байгуулалтын ажлаа цаг алдалгүй эхлүүлэхээр зорьж байгаа ажээ. Энэхүү төслийн эхний шатанд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бэлэн мөнгөний төлбөрийн тогтолцоог халж ухаалаг картын системийг нэвтрүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Өмнө нь нийтийн тээвэрт ухаалаг картнаас гадна бэлэн мөнгөөр тооцоо хийн үйлчлүүлж байсан бол энэ дөрөвдүгээр сарын 1-нээс ухаалаг картанд бүрэн шилжээд байгаа. Тиймээс тусгай замын автобус явж эхлэхэд төлбөрийн ухаалаг тогтолцоонд хэрэглэгчид хэдийнэ дасал болсон байх болно. Төслийн нэгжийнхний хувьд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт нэвтрүүлэх тусгай замын автобус ямар үйлдвэрийн, ямар загварынх байх, хэдэн хүний багтаамжтай байвал тохиромжтой вэ гэдгийг судалж байгаа юм. Одоогоор 18 метр урттай автобуснууд байвал тохиромжтой гэсэн урьдчилсан тооцоолол хийжээ. Мөн Энхтайваны өргөн чөлөөний 80 хувьд тусгай замын автобусны зам барих боломжтой гэж тооцсон байна.
Танилц. BRT
Тусгай замын автобус гэдэг энэ нэр томъёо монголчуудад төдийлөн танил биш. Олон улсын нэршил нь Bus rapid transport буюу BRT. Энэ нь нь ердийн автобусны системд суурилан нэвтрэх чадавхи, хурд, найдвартай байдал зэргийг нь харьцангуй сайжруулсан нийтийн тээврийн шинэлэг хэлбэр гэж ойлгож болно. Ердийн нийтийн тээврийн автобус гэрлэн дохио, уулзвар зэрэгт цаг үрж, түгжрэх нь их байдаг. Харин тусгай замын автобусанд хөдөлгөөнд саатал учруулах аливаа зүйлийг аль болох хөнгөвчилж, олон замуудын уулзвар, зогсоол, буудал зэргийг ухаалгаар шийдэн, чирэгдлийг багасгах шийдлүүдийг шингээж өгснөөрөө давуу юм. Тусгай замын автобусыг анх нийтийн тээвэрт нэвтрүүлэхдээ автобусны бага зардлаар зорчих боломж, энгийн орчин, метроны хурд, хүчийг нэгтгэх зорилготой байжээ. Үүндээ ч хүрч чадсан байна. Дэлхийн томоохон хотуудад тусгай замын автобус зорчигч тээвэрлэх чадавхи, даац, хурд зэргээрээ метроноос илүү ач холбогдолтой болжээ.
Дэлхийн анхны BRT буюу тусгай замын автобусны системийг 1974 онд Бразилийн Куритиба хотод барьж байгуулжээ. Нийтийн тээврийн шинэлэг бөгөөд нэгдсэн сүлжээг бий болгох “Rede Integrada де Transporte” нэртэй энэхүү төслийг Куритиба хотын дарга, архитектор Жэйм Лернер санаачилсан түүхтэй. Эхэндээ зөвхөн Куритиба хотын гол артерийн судас болсон төв замд тусгай замын автобус явуулахаар төлөвлөжээ. Улмаар 1980 онд уг сүлжээгээ өргөтгөн салаа замууд нэмж байгуулан улам төгөлдөржүүлсэн байна. Өнөөдөр зургаан тивийн 207 хот BRT системийг нийтийн тээвэртээ нэвтрүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар дэлхий даяар өдөр бүр ойролцоогоор 34.3 сая зорчигч BRT буюу тусгай замын автобусаар үйлчлүүлж байгаа ажээ. Үүний 21.1 сая зорчигч нь Латин Америкийнхан байна. Дэлхийн анхны тусгай замын автобусны зорчигчид болсон хүмүүс арга ч үгүй биз. Бразилийн 69 хотын 34 нь тусгай замын автобустай. Ийнхүү бразилчууд тусгай замын автобусаараа Латин Америктаа тэргүүлдэг ажээ. Тусгай замын автобусны тоогоороо Бразилийн дараа Колумби, Мексик орно. Бусад тивийн улсуудаас манай өмнөд хөрш Хятад болон Иранд тусгай замын автобусыг амжилттай нэвтрүүлээд байгаа юм. Мөн Индонезийн Жакарта хотын “Trans Jakarta” тусгай замын автобусны сүлжээ 210 км урт бөгөөд үүгээр 130 миль хурдтай зорчдог байна. Энэ бол дэлхийн хамгийн урт BRT зам юм. Олон улсын Тээврийн хөгжлийн бодлогын институтээс BRT стандартыг амжилттай нэвтрүүлэн хөгжүүлж буй улс орнуудын жагсаалтыг гаргахад БНХАУ тэргүүлж, Колумби, Бразил, Мексик, Перу зэрэг Латин Америкийн орнууд удаалжээ.









