ФОТО: Хүүхдийг зам тээврийн ОСЛООС урьдчилан сэргийлэх 2 сарын АЯН эхлүүллээ
Өнөөдөр нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2 дугаар хуралдаан Нийслэлийн замын цагдаагийн албанд боллоо.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал Замын цагдаагийн албаны хурлын танхимд өнөөдөр боллоо. Хуралд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон бусад албаныхан, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн албаны удирдлагууд оролцов.
Манай улсад жил бүр зам тээврийн ослоор 500 гаруй хүн нас барж, 5000 гаруй нь хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртэн, 10 гаруй тэрбум төгрөгийн мөнгөн хохирол учирч байна. Тиймээс уг хурлаар Замын цагдаагийн албаны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг сахин хамгаалах хуулиар хүлээсэн ажил үүрэгт нь дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Мөн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэж, 2 сарын аяныг зохион байгуулахаар баталлаа. Аяны хүрээнд явган зорчигчийг зам хөндлөн гарахад нь зам тавьж өгч, дуут дохиогоор цочоохгүй байх, замын хөдөлгөөний сахилга, соёлыг дээшлүүлэх тал дээр анхаарч үе шаттайгаар тодорхой ажлыг хийхээр төлөвлөжээ.
Энэ үеэр Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аяныг өнөөдрөөс эхлэн зургаадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулах ажлыг зөвлөлийн хурлаар шийдэж байна. Энэ ажлын хүрээнд нарийвчилсан төлөвлөгөөг Улаанбаатар хотын цагдаа, Замын цагдаагийн албанаас гаргасан. Зам тээврийн осол буюу судлаачдын дунд “чимээгүй дайн” гэж нэрлэгдсэн бодит аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд өнөөдрийн энэхүү төлөвлөгөөт 2 дугаар хуралдааныг зохион байгуулж байна. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэд хэдэн шаардлага байдаг юм билээ. Хамгийн түрүүнд өндөр хариуцлага ногдуулдаг механизм үйлчилдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Манай улсын хувьд торгууль, шийтгэлийг нэмэгдүүлсэн ч гэсэн дасан зохицох хэмжээнд хараахан хүрээгүй байна. Үүнд бид шат дараатай анхаарал хандуулж ажиллах учиртай. Мөн замын хөдөлгөөнд эмх замбараагүй оролцож буй жолооч нарт тавих хяналт, хүлээлгэх хариуцлага төдийлөн боловсронгуй биш учраас гэмт хэргийн тоо өсч байгаа юм. Тиймээс бид энэ тал дээр анхаарч, үе шаттайгаар төлөвлөгөө боловсруулж ажиллах болно” гэлээ.
Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат “2017 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөр Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, иргэдийг замын хөдөлгөөнд таатай байдлаар оролцуулах зорилгоор “Хариуцлага 3” арга хэмжээг зохион байгуулж байгаа. Үүний үр дүнд иргэд гарцаар гарах таатай нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 2 сарын аяныг өрнүүлэх төлөвлөгөөг боловсруулж өнөөдөр батлууллаа. Жолооч нар явган зорчигчийг гарцаар гарахад нь зам тавьж өгч, шугамнаас хэтрэлгүй зогсох шаардлагатай. Бид үүнийг камераар болон алба хаагчдын хяналтаар илрүүлж хариуцлага тооцож ажиллана. Замын хөдөлгөөний журмаар явган зорчигчид гарцаар гарах тохиолдолд л давуу эрх эдэлнэ. Ингэхдээ замын хөдөлгөөний дүрмийг удирдлага болгож, гэрлэн дохиогоор гарах ёстой” гэв.
Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул: 2016 онд нэг замын цагдаагийн алба хаагчид оногдох дундаж зөрчил жилд 3119, нэг офицерт ногдох дуудлага жилд 544 байна
МУ-ын цагдаагийн албаны тухай хуулийг 3 сарын 2-ны өдрөөс улс орон даяар мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн шинэчлэн батлагдсан хуулийн дагуу зохион байгуулагдаж, цагдаагийн байгууллагын бүтцийн өөрчлөлт хийгдсэн. 1992 онд Улаанбаатар хот 575,000 хүн амтай байсан бол 2017 оны байдлаар 1,311,000 хүн амтай буюу 2,2 дахин өсчээ. Харин 1992 онд хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо 43,3 мянга байсан бол өнөөдрийн байдлаар 487,000 буюу 11,2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Замын нөхцөл байдлын хувьд 1992 онд 374 км зам байсан бол өдгөө 795 км буюу 2,5 дахин өссөн байна.
Хөдөлгөөн зохицуулах чиглэлээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн хэрэгжилтийн чиглэлээр ажиллаж байгаа замын цагдаагийн алба хаагчдын хувьд 1992 онд 408 алба хаагчтай үүрэг гүйцэтгэдэг байсан бол одоогийн байдлаар 572 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт замын цагдаагийн хяналтыг хүртээмжтэй хүргэхийн тулд 105 цэгийг хяналтанд авч, алба хаагчид өдөртөө 2 ээлжээр, шөнөдөө 18 чиглэлд 36 алба хаагч ажиллах шаардлагатай боловч одоогоор өдөрт 65 цэгт 2 ээлжээр, шөнөдөө 12 чиглэлд 24 алба хаагчийг тогтмол ажиллуулж байна.
2016 онд нэг замын цагдаагийн алба хаагчид оногдох дундаж зөрчил жилд -3119, нэг офицерт ногдох дуудлага жилд -544 бөгөөд зөвхөн цагдаагийн шалгах төхөөрөмж ашиглан 17,9 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан байна. Өнөөдрийн байдлаар улсын төсөвт 10,1 тэрбум төгрөгийг оруулсан.
Техник замын хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан: Иргэдэд замын аюулгүй байдлын талаар мэдлэг олгох, сургууль орчмын аюулгүй байдлыг сайжруулах нь нэн тэргүүний ажил
Дэлхий дээр жилд 1,2 сая хүн зам тээврийн ослоор нас барж, 50 сая хүн гэмтдэг гэсэн тоо нь Дэлхийн хэмжээний асуудал бөгөөд НҮБ-ын зүгээс 2010 оноос гэмт хэргийн осол, тэр дундаа зам тээврийн ослоор нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа. 2007 онд осол хэргийн дуудлага 15,000 байсан бол өнөөдрийн байдлаар 94,000 болж 6 дахин өссөн байна.
Нийт дуудлагын 94,4 хувь нь Нийслэлд, 5,6 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Дээрх өсөлтийг энгийн математик тооцооллын аргаар бодож үзэхэд 2020 он хүртэл зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл 2015 оноос 3,9 дахин, бүртгэгдсэн зам тээврийн осол 6 дахин өсөх магадлалтай байна.
2017 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн гэмт хэрэг 404 бүртгэгдсэнээс нийслэлд 197 буюу 48,7 хувийг эзэлж байна. Мөн нийслэлд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 25 нэгжээр буюу 9,1 хувиар буурсан байна.
2017 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн гэмт хэрэг улсын хэмжээнд 47 /үүнээс нийслэлд -19/ бүртгэгдэж, 13 хүүхэд /үүнээс нийслэлд -1/ нас барж, 34 хүүхэд /үүнээс нийслэлд -23/ гэмтсэн байна.
Нийт нас барсан хүний дотор хүүхдийн эзлэх хувь нь 16,4, гэмтсэн хүүхдийн эзлэх хувь 13,6 байна.
Энэхүү хуралдаанаар Замын цагдаагийн албаны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хуулиар хүлээсэн ажил үүрэгт нь дэмжлэг үзүүлэх замаар Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, ялангуяа хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 2 сарын аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.









