ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 3 сарын 24

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

 

Улаанбаатар хотын Захирагч Варшав хотод айлчилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Европын хотуудад хийх айлчлалаа 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Варшав хотоос эхлүүллээ. Хотын даргын айлчлалын бүрэлдэхүүнд НИТХ-ын төлөөлөгч, Унгар Улсын өргөмжит консул Ч.Гантулга, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нар багтсан байна. Европын хотуудын стандартыг нэвтрүүлэх, зарим томоохон хоттой Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг шинээр өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү айлчлалын гол зорилго оршиж байгаа юм. Улаанбаатарт цэвэрлэх байгууламж, бохир, агаарын бохирдол, хог хаягдал гээд бэрхшээлтэй тулгамдсан асуудал бий. Айлчлалаар Европын хотуудын цэвэрлэх байгууламжийн шилдэг шийдэл, бүтээн байгуулалт, хог хаягдлын менежмент, нийтийн тээврийн салбарт хийгдсэн бүтээн байгуулалт, ололт амжилттай танилцсан юм.

“Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн ТЭЗҮ боловсруулалт хийгдэж байна

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр”-өөр ТЭЗҮ боловсруулах Азийн хөгжлийн банкны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн төлөвлөлтийн зарчмууд, ажлын төлөвлөгөөгөө нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүд танилцууллаа. Уг төсөл нь гэр хороолол руу чиглэгдсэн бөгөөд одоогийн хотын бүтцийг оршин суугчдын орлогын шатлалд нийцсэн олон төрлийн орон сууцны төрлийг бий болгоход чиглэгдэж байна. Мөн хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан стандартын дагуу шаардлагатай сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, төрийн үйлчилгээ, нийтийн зориулалттай барилга байгууламж зэрэг байх юм.

Нийслэлийн засаг дарга, НИТХ-ын дарга нар Казак ард иргэдтээ мэндчилгээ дэвшүүллээ

Урин хаврын энэ сайхан өдрүүдэд учран золгож буй өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн их баяр Наурызыг тохиолдуулан Баян-Өлгий аймаг болон нийслэл Улаанбаатар хот, бусад аймаг, хот суурин газарт оршин сууж буй нийт казах иргэд Та бүхэнд Улаанбаатар хотын оршин суугчдын өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, ам бүлээрээ, хотол олноороо энх мэнд, аз жаргалтай, зол хийморьтой, амар амгалан, урам зоригтой амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Наурыз бол өвлийг өнтэй давж, хаврын урин цагтай учран золгосныг бэлэгдэн, зон олноороо амар мэндээ мэдэлцэх, аксакал ахмадуудаа хүндлэн хөдөлмөрийн замналаас суралцаж, сургаал ерөөлийг сонсдог,  өдөр шөнө тэнцсэн 3 дугаар сарын 22-ны өдөр тохиодог онцлог баяр юм.

Нийтийн тээвэр, авто зогсоолын салбарт шинэ шийдлийг нэвтрүүлэх ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Улаанбаатар хотын нийтийн тээвэр, авто зогсоолын салбарт сүүлийн үед дэвшилтэд техник,технологи болон менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг эхний хурлаа хийлээ.

Нидерландын “Вейсис” компанийн замын хөдөлгөөн болон авто зогсоолын зөвлөх, төслийн менежер Воутер Б.Дас авто зогсоолын бодлого, төлөвлөлтөөр танилцуулга хийлээ. Тус ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн дараагийн хуралдаанд төлбөртэй зогсоолын журмыг эцэслэн боловсруулах, нийслэлийн харьяа газруудад “Вейсис” компанийн албаны төлөөллүүдийг авто зогсоолын талаар шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж ажиллахыг тус тус үүрэгдлээ

“Ногоон хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар Европын сэргээн босголт хөгжлийн банктай “Ногоон хотууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Төв Ази, Монгол, Орос улс хариуцсан захирал Наталиа Канженкова болон бусад албаныхан оролцов.

Санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот  өргөжин тэлэхийн хэрээр тулгамдсан асуудал олширч байна. Ялангуяа байгаль орчны үндэс суурь болсон агаар, ус, хөрсний бохирдол өнөөдөр бидний өмнө нэн түрүүнд тулгамдсан асуудал болсон. “Ногоон хотууд” хөтөлбөрийг бохир усыг хэрхэн цэвэршүүлж, эргээд хэрхэн ашиглах, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх, хатуу хог хаягдлыг яаж шийдвэрлэх вэ гэсэн олон асуудлын хүрээнд хэрэгжүүлэх болно. Түүнчлэн Улаанбаатар хотын өмнө цэвэр усны нөөцийн асуудал нэлээн тулгамдаж байгаа. Европын сэргээн босголт хөгжлийн банктай ногоон хотыг бий болгох маш олон төслийг бэлтгэж, хэрэгжүүлнэ. НҮБ-ын конвенцид нэгдэн орсон улс орнууд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ялангуяа хүлэмжийн хийг багасгах, томоохон хөрөнгө босгох ажил хийж, хэрэгжүүлж байгаа. Тиймээс бид бүхэн дэлхийн жишигт нийцсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, улмаар хөрөнгө мөнгө босгоход энэхүү санамж бичиг маш түлхэц болох юм” хэмээн онцоллоо.

НЗД-ын орлогч П.Баярхүү шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Геодези, усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров болон холбогдох албны хүмүүс өчигдөр  Улаанбаатар хотын үерийн далан суваг, барилга байгууламжийн нөхцөл байдалтай танилцлаа.

СХД-ийн Толгойтын үерийн далан сувгийн нөхцөл байдалтай танилцсанаар ажлаа эхлүүллээ. Толгойтын үерийн далан суваг нь булгийн халиа дошин үүссэнээс дүүрч айл, өрхүүдрүү орох эрсдэл үүсдэг юм. Үүнээс урьдчилан сэргийлж Геодези, усны барилга байгууламжийн газар энэ өвлийн турш ажиллаж 1.3 км суваг гарган 850 куб метр мөсийг гаргаж холдуулсан байгаа аж. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 10, 12-р хорооны үерийн далан суваг болон БЗД-ийн 10-р хороонд булгийн халиа дошноос болж үүсээд байгаа нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлж авч хэрэгжүүлж буй ажлуудтай танилцсан юм.

Агаар орчныг бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг танилцууллаа

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар хамтран Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөртэй болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр занигагүй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн харьяа газар, агентлагуудын төлөөллүүд болон БОАЖЯ-ны мэргэжилтнүүд байлцаж сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн юм.

“Нийслэлийн агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад нийслэлийн зүгээс шат дараалсан арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Утаа алсрах үед утааны асуудал орхигддог хэмээн иргэд шүүмжилдэг. Ийм шүүмжлэл гаргахгүйн төлөө бид хичээн ажиллаж байна. Өнөөдрийн зангиагүй уулзалтаар нийслэлчүүдийн амин чухал асуудлыг шийдэх Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг танилцуулна. Уг хөтөлбөрийг олон нийтэд хүргэх ажилд сэтгүүлчид чухал үүрэгтэй” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тодотгосон юм.

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Нийслэлийн Онцгой байдлын газраас газар хөдлөлтийн үед аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгохоор олон нийтийн өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Боловсролын газар, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагад нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга П.Баярхүү болон Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын төлөөллүүд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж, техник тоног төхөөрөмжийг гардуулан өгөв.

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудлыг хариуцсан орлогч П.Баярхүү “Газар хөдлөлтийн үед иргэдийг хамгаалахад түр хоргодох байр нэн түрүүнд шаардлагатай байдаг. Тиймээс бид энэ талд анхаарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд 22 түр хоргодох байр байсныг 11-ээр нэмэгдүүлсэн. Газар хөдлөлтийн үед цуглах 40 цэгийг тодорхой болгосон. Энэ байрлалуудыг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Мэдээж газар хөдлөх ч юм уу гамшиг тохиолдсон үед иргэд мэдлэгтэй байх ёстой. Тэднийг сургах, дадлагажуулах талд анхаарч Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтраад “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлээд явж байна. Одоогоор 1000 гаруй иргэнийг сургалтад хамруулсан. Цаашид энэ сургалтад иргэдийг өргөн цар хүрээгээр хамруулах болно. Мөн уг төслийн хүрээнд өнөөдөр газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх багаж, техник, тоног төхөөрөмжийг төсөл хэрэгжиж байгаа холбогдох газарт хүлээлгэн өглөө” гэв.

Улаанбаатар хотын Нийтийн тээврийн талаар ЦОГЦ судалгаа ХИЙГДЭНЭ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй Улаанбаатар хотын Нийтийн тээврийн талаарх судалгааг эхлүүлэх, зөвлөх үйлчилгээний ажлын нээлтийн ажиллагааг хийх талаар 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хоёр талын хамтарсан уулзалт боллоо.

Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Даваасүрэн болон холбогдох албаны хүмүүс нөгөө талаас ЕСБХБ-ны Төв Ази, ОХУ болон Монгол Улсын дэд бүтцийн төслүүд хариуцсан ахлах банкир Светлана Радченко болон зөвлөх багийнхан оролцлоо.

НЗД-ын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг гэр хорооллын “Шинэ их тойруу” төслийн бэлтгэл ажилтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” зохицуулагч Б.Батболд болон төслийн багийнхан гэр хорооллын “Шинэ их тойруу” төслийн хүрээнд хийгдэх авто замын трасстай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 196-р тогтоолоор баталсан “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төслийн хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжих уг төслийн хүрээнд 1 дүгээр хорооллын хойд дэнжээс Шархад, Ботаник, Дүнжингарав хүртэл дөрвөн эгнээтэй 25 км хатуу хучилттай зам тавигдах юм.

Одоогийн байдлаар гэр хорооллын “Шинэ их тойруу” төслийн инжеренгийн судалгаа хийгдэж дууссан бөгөөд холбогдох албаныхан газар дээр нь очиж цаашид хэрэгжүүлэх ажлаа ярилцлаа. Сангийн яамны дэргэдэх “Хөгжлийн хөтөч дэд бүтэц” төслийн хүрээнд хэрэгжих уг төслийг бодит хөрсөн дээр буулгахад нийслэлийн Авто замын хөгжлийн газар болоод газрын албаны хоорондын уялдаа холбоо, дэмжлэг ихээхэн чухал байгааг төслийн удирдлагууд онцолж байв.

Ирэх сарын 1-нээс АВТОБУСААР зорчих бол ЗААВАЛ карттай болох ёстой

Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, дөрөвдүгээр сарын 1-нээс нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийтийн тээврийн том оврын автобус, троллейбусанд байрлах бэлэн мөнгө хийх хайрцгийг авч, цахим хэлбэрээр үйлчилгээний төлбөрөө авдаг болж буй аж.

Иргэдэд үйлчилгээг ойртуулж, картжуулах ажлын хүрээнд карт цэнэглэх, худалдаалах цэгүүдийн тоог нэмж тэдэнд тодорхой урамшуулал олгож байгаа юм байна. Мөн Дүнжингарав, Мишээл, Драгон зэрэг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс хязгааргүй зорчих эрхтэй сарын хугацаатай картуудыг авах боломжтой бөгөөд тус картаар өдөрт 1000 төгрөгөөр хэдэн ч удаа зорчих боломжтой аж. Картын үнэ том хүн 25000, хүүхэд 8000 төгрөгөөр авах аж. Мөн нийслэлийн захын цэгүүдэд 20000 ширхэг картыг үнэ төлбөргүйгээр тараахаар болжээ.

Гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио орон даяар дугарлаа

Гамшгийн эсрэг дуут дохио орон даяар 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 16:00 цагт дуугаргалаа.

Таван минут үргэлжилсэн эхний дуут дохиогоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албадын алба хаагчид болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сурагчид хамрагдлаа.

Ингэхдээ газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны “Нуугд- Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогссон юм.

Харин хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарах бөгөөд гараараа болон гарын доорхи зүйл ашиглан толгойгоо хамгаалж “Гүйхгүй, Эргэж буцахгүй, Хашгирахгүй, Түлхэлцэхгүй” гэсэн зарчмаар барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларч дадлага сургуулилтад оролцлоо. Энэ нь газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Cүхбаатар дүүрэгт ажиллалаа

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэр, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэддээ танилцуулж, санал, санаачлагыг нь сонсч цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор “Иргэдээ сонсъё” аяныг дүүрэг бүрт зохион байгууллаа. Тус аяны хүрээнд Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, нийслэлийн Автозамын орлогч дарга Б.Индра, Газрын албаны орлогч дарга Нямдаваа, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга н.Баттогтох, Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Гэр хорооллын дэд бүтцийн газрын хэлтсийн дарга Б.Азжаргал болон холбогдох албаны хүмүүс Сүхбаатар дүүргийн 17,18,19,20-р хороонд ажиллаж, нийслэлд хийгдэж буй ажлаа танилцуулж, иргэдийнхээ санал бодлыг сонсч, зарм асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажилласан байна.

Сүхбаатар дүүргийн эдгээр дөрвөн хорооны хувьд ажилгүйдэл, нийтийн тээврийн автобусны зогсоол, худаг, газар өмчлөл, замын хурд сааруулагч тавих, гэрэлтүүлэг, тохижилт, цахилгааны зэрэг өдөр тутамд тулгараад буй асуудлуудыг иргэдийн зүгээс албаны хүмүүст дуулгаж байлаа.

Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү уулзалтын үеэр “Нийслэлээс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлыг бууруулах зорилгоор “Нэг өрх–нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн залуучуудад зориулсан үйлдвэржилтийн бодлогыг барьж ажиллана. Тухайлбал, Эмээлтийн Технологийн паркад Арьс ширний үйлдвэр, Налайхын технологийн паркад Барилгын материалын үйлдвэр, Багануурын технологийн паркад Хүнд үйлдвэрлэл, Химийн үйлдвэрлэл, Багахангай дүүрэгт Хөнгөн үйлдвэрлэлийн технологийн парк байхаар төлөвлөөд байна.

Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатар хотын Аялал жуулчлалыг 2017-2021 онд хөгжүүлэх”, “Шөнийн Улаанбаатар” зэрэг дэд хөтөлбөрийн төслийг боловсруулаад байна. Тус дэд хөтөлбөрүүдийн хэлэлцүүлгийг өнөөдөр Хангарди ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус  байгууллагууд, хувийн хэвшил, аж ахуйн нэгж, иргэд оролцож, өөрсдийн санал бодлоо илэрхийлэв.

Автобусны хөдөлгүүр, бүхээгийн хэсэгт гал тархсан байсан

Нийслэлийн тээврийн газар болон Нийслэлийн Онцгой байдлын газраас хамтран шатсан автобусны талаар мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн Сансарын тунель, Баянцээлийн автобусны буудлын орчимд Баруун салаа-Халдварт /Ч-41/ чиглэлийн том оврын автобус шатсан осол өнөөдөр гарсан юм. Дуудлага 09:37 минутанд ирсэн бөгөөд гал гарах үед гэмтэж, бэртсэн хүн байхгүй юм.

Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Өнөөдөр өглөө Баруун салаа-Халдварт-Их тойргийн чиглэлд явж байсан 3671 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гал гарсан.Ойролцоогоор 6-7 хүн зорчиж явсан. Зорчигчдоос гэмтэж бэртсэн, гал түймэртэй холбоотойгоор угаартсан хүн байхгүй.

Автобус нь 2007 онд Солонгос улсад үйлдэврлэгдсэн, 2016 оны тавдугаар сард Монгол Улсад импортоор орж ирж, автобаазад зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байсан тээврийн хэрэгсэл байгаа.

450 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өглөө

“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх ээлжит өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбар болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд зохион байгуулагдсан өдөрлөгийн хүрээнд нийт 450 гаруй иргэнд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, үйлчилгээ өгч ажилласан байна. Тухайлбал, иргэдэд газрын харилцаа, өв залгамжлал, хөдөлмөрийн харилцаа, иргэд хоорондын зээл, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, гэр бүл, үрчлэлт зэрэг сонирхсон асуудлаар зөвлөгөө өглөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41930
0 эможи
keyboard_arrow_up