ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 3 сарын 11

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.

 
 

Зам тээврийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэхэд хамтран ажиллана

Нийслэлийн иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, нийслэлийн зам, тээврийн сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, эрэлтэд нийцсэн тээврийн үйлчилгээг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд Зам, тээврийн хөгжлийн яам Улаанбаатар хоттой хамтран ажиллахаар боллоо. Ирэх 4 жилд зам, тээврийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар өчигдөр гарын үсэг зурлаа.

Хоёр тал хамтран Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, авто зогсоолын тоо, багтаамжийг нэмэгдүүлэх, хотын ачаа тээврийн нэгдсэн логистикийг хөгжүүлэх, авто тээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээврийн үйлчилгээний нэгдсэн сүлжээг бий болгох замаар нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрэлтэд нийцсэн, хүрээлэн буй орчинд ээлтэй тээврийн ухаалаг систем, тээврийн шинэ үйлчилгээ нэвтрүүлэх зэрэг олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Авто худалдааны цогцолбор ОНӨААТҮГ-ын нөхцөл байдлыг судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг танилцуулга хийнэ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөвшөөрөлгүй барилга, барилгын суурь ухсан газруудад хийсэн хяналт шалгалтын талаар болон Агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар танилцуулжээ.

Нийслэлийн удирдлагууд салбар салбарын түүчээ эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүллээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлд ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан салбар салбарын тэргүүлэгч эмэгтэйчүүдэд нийслэлийн удирдлагууд болон НИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг өглөө. Хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч дарга Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал болон бусад албаны хүмүүс байлцлаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон НИТХ-ын төлөөлөгч эмэгтэйчүүд салбар салбарын тэргүүний ажилтнуудтай нийгэмд болон тэдний ажиллаж байгаа салбарт эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэйгээр ярилцсан юм. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан И.Цэрэндулам, Хот тохижилтын газарт тасралтгүй 33 жил ажиллаж байгаа Д.Баянжаргал, боловсролын салбарын тэргүүний ажилтан З.Болормаа, өндөр настан Ц.Цэрэнлхам, Соёл урлагын салбарын төлөөлөл болгож СТА Ч.Дэлгэрцэцэг, Цагдаагийн байгууллагад тасралтгүй 30 жил ажилласан, цагдаагийн хурандаа Д.Цэцэгмаа, цусны хүндэт донор Т.Алимаа, спортын салбарын төлөөлөл МУГТ, олимдийн наадмын мөнгөн медальт Д.Сумьяа, эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажилласан хүний их эмч Д.Ганцэцэг нар хүрэлцэн ирсэн юм.

“Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг бууруулах зорилгоор “Нэг өрхөд-нэг ажлын байр” хөтөлбөрийн Ажлын хэсгийг Нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулсан. Энэхүү ажлын хэсгийн анхны хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  боллоо.

Хуралдааныг нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр ахалж, НЗД-ын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү,  Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, дүүргүүдийн Засаг дарга нар болон нийслэлийн харъяа газрын удирдлагууд, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.

“Нэг өрхөд нэг ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, тэдэнд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн ажилгүйдлийн түвшинг бууруулах нөхцөл бүрдэх аж.

Нийслэлийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг хүргэх таатай орчныг бүрдүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтад шаардлагатай ажиллах хүчнийг нийлүүлэн хөдөлмөр эрхлэлтийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар ажлын байрыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг дээшлүүлнэ.

С.Батболд: Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон. Уг шийдвэрийнхээ талаар болон шүүхийн шийдвэрийн талаартэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хотын дарга хэлэхдээ “Өнгөрсөн 10 дугаар сард болсон сонгуулийн үр дүнгээр нийслэлийн дүүргүүдийн ИТХ байгуулагдаж, Засаг дарга нар томилогдсон. Би нийслэлийн 8 дүүрэгт болсон ИТХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, 8 дүүргийн Засаг даргыг батламжилсан. Үүнээс 6 дүүрэгт нь МАН олонх болж, МАН-аас нэр дэвшигч Засаг даргаар томилогдсон. 2 дүүрэгт нь Ардчилсан намаас нэр дэвшигч Засаг дарга болсон. Баянзүрх дүүргийн хувьд 41 тойргийн 35 дээр нь сонгууль маргаангүй явагдаж, 35 төлөөлөгчийн эрхийг сонгуулийн хороо баталгаажуулсан  шийдвэрийг хотын даргад ирүүлсэн.Маргаантай 6 тойргийн  асуудлаар шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл 5 сарын хугацаанд  Нийслэлийн Засаг даргын хувьд хүлээцтэй хандсан.  Харин энэ оны 2 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн хороо шийдвэрээ гаргасан. Баянзүрх дүүргийн 6 тойрог дээр дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байсан.

Өнөө өглөө Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон шийдвэрийн үйлчлэлийг түдгэлзүүлж байна” гэсэн шийдвэрийг надад өглөө. Шүүх шийдвэрээ гаргасан учраас миний гаргасан захирамжийн  үйлчлэл түдгэлзэж байна. Би шийдвэрээ хууль зүйн үндэстэй гаргасан. Өөрийн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг шүүхийн өмнө нотолж, тайлбарлах болно. Гэхдээ би Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна.  Нийслэлийн засаг даргын хувьд  хуулийн дагуу захирамж гаргасан бөгөөд улс төржсөн шийдвэр гаргаагүй гэдгээ хэлье.“ хэмээлээ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд “Хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл Улаанбаатар хотын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн албаны бэлэн байдлыг хангаж ажилласан. “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээнд 690 цагдаагийн алба хаагч, ХСИС-ийн 515 сонсогч, олон нийтийн цагдаагийн 192 ажилтан, цагдаагийн урамшуулалт 1000 эргүүл ажиллаж, өдөр бүр 920 чиглэлд эргүүл хийж үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд гэмт хэргийн шинжтэй 163 үйлдлийг газар дээр нь илрүүлж таслан зогсоож, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 51 оргодол, сэжигтнийг олж тогтоосон. Дээрэм, булаалт, хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгддэг Баянзүрх, Сүхбаатар Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт нийт 51 цэгт 86  зөөврийн хяналтын камер суурилуулж ажилласнаар гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийн тоо 17-30 хувиар буурсан байна” гэлээ.

НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан Австри улсын Элчин сайдтай уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Австри Улсын Элчин сайд хатагтай Ирене Гине-Райхлтай уулзлаа. Уулзалтын эхэнд хотын даргын орлогч Ж.Батбаясгалан Австри улсын Элчин сайд болон албаны хүмүүсийг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад 2016 оны 12 дугаар сард Австри Улсын Вена хотод айлчлах үеэрээ яригдсан гол ажлуудын талаар дурдлаа.

Тэрбээр хэлэхдээ “Аливаа улс, хотын харилцаа, хамтын ажиллагаа нь жирийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн харилцаанаас эхэлдэг. Тиймээс Вена хотын удирдлагуудтай уулзах үеэрээ аялал жуулчлалын талаар голлон ярилцсан. Мөн ногоон хөгжил, хог хаягдлыг дахин боловсруулах талаар ярилцаж, санал солилцсон. Улаанбаатар хотын хойд хэсэгт байрлах Далан давхарын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох талаар бид тодорхой санал тавьсан юм. Удаан хугацааны туршид байсан, томоохон газар нутгийн эзэлдэг уг оршуулгын газрыг шинэчилж, сайжруулах шаардлага бий.” гэлээ. Үүнээс гадна “1,4 сая хүн амтай Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бас нэг гол асуудал нь шарил хадгалах газар. Тиймээс хотын зүүн, баруун 2 захад олон улсын стандартын дагуу шарил хадгалах газар байгуулах төслийн талаар мөн ярилцсан. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл инновацийн талаар ч санал солилцож, туршлага судаллаа.” хэмээсэн юм.

НИТХ-аас “Иргэдээ сонсъё” аяныг явуулж байна

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тогтоол, шийдвэр, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг иргэддээ танилцуулж, санал, санаачлагыг нь сонсч цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах зорилгоор “Иргэдээ сонсъё” аяныг дүүрэг бүрт явуулж байна. Иргэн та үзэл бодлоо илэрхийлэх, төрөөс явуулж буй үйл ажиллагаатай танилцаж өөрийн санал хүсэлтээ хүргэх эрхтэй. Төр засгийн бодлого шийдвэрт ард түмнийхээ санаа бодлыг нь тусгах нь хэрэгжих боломжийг нь нэмэгдүүлдэг.

Э.Бат-Үүл нар иргэдэд буруу ойлголт өгч байна гэв

Баянзүрх дүүргийн Засаг даргын томилгоотой холбоотой үнэн бодит мэдээлэл хүргэхийн тулд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар, төлөөлөгч Ж.Батсайхан нар хэвлэлийн хурал хийлээ. НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар “Өнгөрсөн жил явагдсан сонгуулийн дараа Баянзүрх дүүргийн зарим тойрогт болсон маргаантай холбоотойгоор Захиргааны хэргийн болон Эрүүгийн хэргийн шүүхэд хандсан байдаг. Сонгуулийн тойргийн хороо зургаан нэр дэвшигчийг шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шийдвэрлэсэн гэх үндэслэлээр Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр явж хэрэгсэхгүй болгосон. Гэвч Эрүүгийн хэргийн шүүхээр тухайн зургаан хүний тав нь мөнгө тараасан гэдэг нь нотлогдож, тогтоогдсон байна. Үүнийг үндэслэн сонгуулийн тойргийн хороо шийдвэр гаргасан байдаг” гэсэн тайлбарыг хийв.

Төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Удирдлагын академийн захирал С.Зүльфикар, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хороодын төрийн албан хаагчид, ажилтнууд болох хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд болон хэсгийн ахлагчдын чадавхийг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах юм. Түүнчлэн иргэдтэй хамгийн ойр, төрийн анхан шатны нэгжид ажиллаж буй албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хүрээ, агуулга, хөтөлбөрийг боловсруулах, хорооны түвшинд боловсруулсан сургалтын хүрээнд үндэслэн нийслэлийн захиргааны байгууллагын бүх түвшинд сургалтын хүрээг боловсруулах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудын чадавхийг урт хугацаанд бэхжүүлэн ажиллах зэрэг асуудлуудыг тус санамж бичигт тусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41535
0 эможи
keyboard_arrow_up