Э.Болормаа: Энэ онд тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулна

2017 оны 2 сарын 21

“Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалт өчигдөр болж өнгөрсөн. Уулзалтын үеэр Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа “Худалдан авах ажиллагааны ил тод байдал”-ын талаар танилцуулсан юм. Түүний тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

2016-2020 оны Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болоод Нийслэлийн 2017 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд “Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, иргэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах” зорилт батлагдсан. Уг зорилтын хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар хамгийн түрүүнд Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас хамтран 2017 онд хэрэгжүүлж буй төрийн худалдан авалтын нэгдсэн цахим системийг нийслэлд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж дууссан.

Энэхүү системийг хэрэгжүүлснээр тендер сонирхогч www.tender.gov.mn цахим хуудсаар дамжуулан нийслэл хотод төлөвлөгдсөн тендерийн мэдээллийг төрөл, чиглэл, зохион байгуулагч байгууллага, газар зүйн байршил, эдийн засгийн ангилалаар нь шүүн үзэх боломжтой боллоо. Мөн тендерт оролцсон аж ахуйн нэгжүүдийн боловсон хүчний болон санхүүгийн чадавхийн мэдээлэл, тендерийн сонгон шалгаруулалтаар хийж гүйцэтгэсэн ажлын гэрээний бүртгэл уг системийн цахим санд бүртгэгдэж архивлагдах юм. Системийн бас нэг давуу тал нь ерөнхий гэрээний хэсэг бөгөөд төрийн байгууллагуудын байнгын хэрэгцээт бараа, ажил үйлчилгээний нэгдсэн мэдээлэлтэй нээлттэй танилцах, нийлүүлэгч, ажил гүйцэтгэгчээр сонгон шалгаруулалтад оролцох боломжийг бүрдүүлсэн.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар тендер сонгон шалгаруулалтыг уг системээр төлөвлөж, зохион байгуулж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар тус газарт тендерийн материал хүлээн авч байгаа 77 ажил, энэ сард багтан тендер зарлаж материал хүлээн авахаар бэлтгэл хангаж буй 13 ажил байгааг уг системийн төлөвлөгөө хэсгээс үзэж боломжтой байна.

Нийслэлийн засаг дарга буюу Нийслэлийн удирдлагаас худалдан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагаар хэрэгжүүлэх бодлого баримтлаж байна. Үүнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/870 дугаар захирамжаар Нийслэлийн хэмжээнд 2017 онд гадаадын зээл тусламж болон улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт шилжүүлсэн.

Илтгэлийн төгсөлд энэ онд тендер шалгаруулалтыг 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулах ба иймд аж ахуйн нэгж тендерт оролцогчид цахим системийн ашиглалтад анхаарахыг зөвлөлөө. Аж ахуйн нэгжүүд тендерт амжилтгүй оролцсон бол  шалтгааныг тодруул, дүгнэлтийг заавал авч нягталж үзэх, өөрийн саналыг үнэлсэн үнэлгээтэй танилцах эрхтэй гэдгийг ч тэрээр санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41158
0 эможи
keyboard_arrow_up