“Насны хишиг”-ийг энэ сарын 25-наас олгохоор болжээ

2017 оны 2 сарын 21

Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баяр, Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Насны хишиг” олгох журам баталсан юм.

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ оны эхний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд насны хишг олгох журмын дагуу санхүүжилтийг бүрэн шийджээ. Гэхдээ санхүүжилт орсон хэдий ч энэ сарын 25-ны өдөр банкуудаар дамжуулан олгох аж.

Хуульд зааснаар 121 мянган ахмадад жилд хоёр удаа "Насны хишиг" олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон байна.

Өнгөрсөн долоо хоногт “Насны хишиг” авах хүсэлтэй ахмадуудын бүртгэлийг хийж эхэлсэн бөгөөд нийт 100 гаруй мянган ахмад хүсэлтээ гаргаад байгаа аж. Тэгвэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас аймаг, дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн байгууллагууд руу ахмадын "Насны хишиг"-ийн санхүүжилтийг шилжүүлжээ.  Ахмадууд “Хаан”, “Төрийн банк”, “Капитал” банкаар дамжуулан “Насны хишиг”-ээ авах боломжтой юм.

“Насны хишиг” олгох журамд насны шалгуур хангасан Монгол Улсын иргэн, эсвэл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий этгээд Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан насны хишгээ авна хэмээн заажээ. Мөн арилжааны банк насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ. Энэхүү мөнгийг авахдаа ахмад настан та доорх журмын дагуу авна. Үүнд:

-Ахмад настан, эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаж өгнө. Насны хишиг авах хүний иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очно.

-Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, насны хишиг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Мөн итгэмжлэгдсэн эдгээдээр дамжуулан авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгоно.

-Гадаадад оршин суугаа иргэний насны хишгийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.

-Арилжааны банк нь ахмад настан бүрт насны хишиг авах нэрийн данс үнэ төлбөргүй нээнэ. Мөн энэ мөнгийг олгохдоо ямар нэг шимтгэл авахгүй.

-“Насны хишиг” авах ахмад настан хүсэлт гаргавал тухайн банкин дахь өөрийн данстай холбож болно. Энэ зохицуулалтыг тухай иргэн өөрөө хүссэн тохиолдолд зохицуулах боломжтой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41135
0 эможи
keyboard_arrow_up