ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 2 сарын 18

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ НИЙСЛЭЛД БОЛСОН ҮЙЛ ЯВДЛЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА. 

 

УНГАРЫН ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН ЗӨВЛӨХИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Бүгд Найрамдах Унгар улсын Гадаад хэргийн сайдын Эдийн засаг, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөх ноён Балинт Томборыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хотын дарга ирэх сард Будапешт хотын даргын урилгаар тус улсад айлчлахаар төлөвлөж байгаагаа хэлээд Унгарын талтай Сэлбэ голын далан, тохижилтын чиглэлээр хамтарч ажиллах мөн автобус угсрах үйлдвэртэй танилцаж, уг үйлдвэрийг Улаанбаатарт оруулж ирэх боломжийг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Бүгд Найрамдах Унгар улсын нийслэл Будапешт болон Улаанбаатар хотын хамтын ажиллагаа улам идэвхжиж байгаа. Би ирэх сарын эхээр танай улсад албан ёсоор айлчилна. Энэ үеэрээ хэд хэдэн төсөл дээр хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийлнэ. Одоогоор Унгар улсаас манайд

“Биокомбинат” Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газарт хөрөнгө оруулах том төсөл яригдаж байгаа. Энэ нь 2008 оноос эхэлж яригдсан төсөл. Төслийг хэрэгжүүлснээр хотын алслагдсан дүүргийн иргэд ажлын байраар хангагдаж, амьдрах таатай орчин нөхцөл бүрдэнэ. Цаашлаад улс орны эдийн засаг, нийгмийн байдалд эерэгээр нөлөөлөх юм. Тиймээс энэ талд илүү анхаарч ажиллахыг хүсч байна”  гэлээ.

ХОТЫН ДАРГА ЭРХҮҮ МУЖИЙН АМБАН ЗАХИРАГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког энэ долоо хоногт хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Эрхүү хот дахь Ерөнхий консул Л.Амарсанаа, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар болон харьяа агентлагийн дарга нар, ОХУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, тус улсын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн Б.А.Курбатова, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд асан Б.А.Говорин, Эрхүү мужийн Боловсролын сайд В.В.Перегудова болон бусад албаныхан оролцов.

Энэ үеэр хотын дарга ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченко болон бусад албаныхны хийж буй ажлын айлчлалд амжилт хүсээд “ОХУ-ын Эрхүү муж манай улстай олон жилийн түүхэн харилцаатай явж ирсэн. Өнөөгийн энэхүү харилцааны эхлэл өнгөрсөн зууны эхээр тавигдсан түүхтэй.  Одоо ч манай 2 улсын эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагаа уламжлагдан үргэлжилсээр байгаа. 2014 оноос ОХУ-руу визгүй зорчдог болсноор манай улсын иргэд чөлөөтэй зорчиж, аялах боломж бүрдсэн. Бид бүхэн эдийн засаг, нийгэм, зам тээвэр, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм. Цаашид хамтын харилцаа өргөжин, олон жил уламжлагдан үргэлжлэх болно гэдэгт итгэж байна” хэмээсэн юм. 

 

“УЛААНБААТАР-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2017” БИЗНЕС УУЛЗАЛТ ЭНЭ САРЫН 20-НД БОЛНО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд санаачлагаар Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран энэ сарын 20-ны өдөр “Улаанбаатар-хөрөнгө оруулалт 2017” бизнес уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд энэхүү уулзалтын гол зорилго оршиж байгаа ажээ.

Бизнес уулзалтын талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон холбогдох албаны хүмүүс өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. “Энэ жилийн хамгийн гол хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт дэд бүтцийн ажилруу чиглэнэ. Зам, гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууцны салбаруудруу дийлэнх хөрөнгө оруулалт, худалдан авалтын үйл ажилгаанууд зарлагдаж байгаа.  Энэ салбаруудыг бид бизнесийн салбарынхандаа танилцуулах гэж байна. Нийт 65 худалдан авалтын 174 тэрбум төгрөгний худалдан авах ажиллагааг бизнесийн салбарт үйл ажиллагаа эрхлэдэг аж ахуйн нэгж, иргэдэд зарлан танилцуулна. Мөн энэ удаагийн уулзалтын гол онцлог нь ААН-үүдийг алдаа гаргалгүй ажиллахад зөвлөн туслах, үнэн бодит зөв мэдээллээр хангах зорилго чиглэлтэйгээр зохион байгуулж байгаа. Улаанбаатар хотод бизнес эрхлэгчдээ дэмжиж, ямар зөв бодлого барих ёстой вэ гэдэг дээр харилцан ойлголцсон чухал уулзалт болно гэж үзэж байгаа” хэмээн Засаг даргын орлогч П.Баярхүү хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм.

 

ШАР ХАНТААЗТАНУУДЫГ МАНЖУУРТ АЯЛАХ ЭРХЭЭР ШАГНАЛАА

Нийслэлийн гудамж, талбайн өнгө үзэмж, цэвэр цэмцгэр байдлын төлөө цаг тутам ажиллаж, иргэдийн ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж байдаг нийслэлийн зам талбайн үйчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөнийг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгууллаа.  Зөвөлгөөний гол зорилго тохижилт үйлчилгээний байгууллагуудын зам талбайн үйлчлэгчдийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, зам замын байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээний менежментийг сайжруулах, шинэ түвшинд гаргах, тулгамдаж буй асуудлаа тодорхойлж, цаашид баримтлах бодлого чиглэлээ тодорхойлоход оршжээ. .

“Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-ийг нээж нийслэлийн Ерөнхий менежер Т.Гантөмөр  “Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөнийг 4 жилийн дараа ийнхүү зохион байгуулж байна. 2005 онд анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн  зөвлөгөөнөөр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцан, зам талбайн үйлчлэгч болон ТҮК-ны удирдлагуудын санал бодлыг сонсч, 2017-2020 онд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний салбарт баримтлах бодлого чиглэлийг тодорхойлох зөвлөмж гаргана. Мөн ажил үйлсээрээ хамт олноо манлайлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн хөдөлмөрийн сайчуудаа урамшуулах гэж байгаадаа баяртай байна. Хог хаягдлын менежментийн үзүүлэлт нь яах аргагүй гудамж, зам талбайн цэвэр цэмцгэр байдал, байнгын арчилгаа үйлчилгээтэй салшгүй холбоотой. Энэ хариуцлагатай албанд нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд ая тухтай амьдруулахын төлөө ажиллаж байгаа та бүхэнд нийслэл, дүүргийн удирдлагуудын өмнөөс талархал илэрхийлье” хэмээлээ. 

УРЬДЧИЛСАН ДҮГНЭЛТЭЭР ЕСӨН СУРГУУЛЬ, 30 ЦЭЦЭРЛЭГ БАРИХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ГАРЧЭЭ

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ долоо хоногт Азийн хөгжлийн банкны Төсөл хөтөлбөрийн албаны дарга Андерс Петтерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү болон холбогдох албаны хүмүүс байлцсан юм. Нийслэлийн Боловсролын газраас санал болгосны дагуу АХБ-наас өнгөрсөн нэгдүгээр сард барилга, газар, байгаль орчны үнэлгээ хийх мэргэжилтэнгүүд ирж ажиллаад есөн сургууль, 30 цэцэрлэгийн барилга барих ажлыг санхүүжүүлэх боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ. Үүнийг ажил хэрэг болгох талаар уулзалтын үеэр талууд ярилцсан юм.

Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Энэ төслийг нийслэлд хэрэгжинэ гэж найдаж байна. Бид сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулж, цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хэрэгтэй. НЗДТГ, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран энэ төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Төсөл хэрэгжиж эхлэх болбол манай талаас бүхий л боломжоороо дэмжин ажиллах болно” хэмээлээ.

 

ОРГАНИК ХҮНСНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЛДАН ГАРАХ ЖУРМЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран “Органик хүнсний тухай хуулийг” дагалдан гарах журам, аргачлалын төслийн цуврал хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгийн хүрээнд органик газар тариалангийн, мал аж ахуйн, органик хүнсийг боловсруулахад баримлах зарчим зэрэг найман журмыг хэлэлцэх юм.

Органик хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих эрхзүйн таатай орчин бүрдүүлснээр үндэсний үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа органик зарчимд нийцүүлэн сайжруулж болох юм. Мөн орон нутгийн болон экспортын зах зээлд бүтээхдэхүүнээрээ өрсөлдөх, орлогоо нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагатай бизнес эрхлэх зэрэг олон боломж нээгдэнэ. Түүнчлэн хэрэглэгчид баталгаажсан жинхэнэ органик хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж ч бүрдэх юм.

НХХААГ-ын хэлтсийн дарга А.Цэцгээ “Нийслэлийн Засаг дарга 2016-2020 онд органик газар тариалан, мал аж ахуй, органик болон зохицуулах үйлчилгээтэй хүнсний үйлдвэрлэлийг дэмжих талаар нэлээд олон том зорилтуудыг тавин ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газраас энэ онд Органик хүнсний тухай хуулийг баталсан. Үүнтэй холбогдуулж органик хүнсний тухай журам, түүнтэй уялдуулсан хэлэлцүүлгийг явуулж байна” хэмээлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41073
0 эможи
keyboard_arrow_up