ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 2 сарын 11

Энэ долоо хоногт НИЙСЛЭЛД болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 

Бизнесийнхэн Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулахад хамтарч ажиллана

Нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулагдсан “Улаанбаатар хотын худалдааны танхим” 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр   гишүүдийнхээ дунд энэ оны анхны уулзалтаа хийлээ. Уулзалтын  энэ удаагийн зочноор  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Батболд  уригдан оролцож, агаарын бохирдлын асуудлыг хөндөж, нийслэлээс хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар нээлттэй ярилцлаа. Танхимын гишүүн байгууллагуудын зүгээс агаарын бохирдлыг бууруулах шийдлүүдийг танилцуулсан юм.

“Улаанбаатар хотын худалдааны танхим“-ын гишүүд нь улсдаа татвараа тогтмол төлдөг, иргэдээ ажлын байраар хангахад онцгой анхаарахын зэрэгцээ  бүтээн байгуулалтад ч  Монгол улсдаа манлайлдаг тэргүүлэгч компаниуд юм. 

Хотын дарга хэлэхдээ “Хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй. Дэлхийн агаарын бохирдол ихтэй бусад хотууд ихэвчлэн хүнд үйлдвэр хөгжүүлсэнтэй холбоотой байдаг бол манай хотынх стандартын шаардлага хангаагүй энгийн зуухны галлагаатай холбоотой байдаг. Тэгэхээр бидэнд шийдэлд хүрэх амархан гэж болно. Бид уламжлалт технологи, амьдрах хэв маягаа өөрчилж чадвал агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж харж байна. Үүнтэй эдийн засгийн, захиргааны зэрэг олон арга замаар тэмцэнэ. Үүнээс гадна бүгд хамтдаа тэмцэх нь чухал. Агаарын бохирдлын гол шалтгаан нь амжиргааны түвшин, ядуурал. Тэгэхээр агаарын бохирдлыг уг үндсээр нь арилгая гэвэл эдийн засгийн өсөлт. Хүн ажилтай, орлоготой болвол амьдрах орчноо сайжруулна. Худалдааны танхимын гишүүд ч энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.” гэлээ.

МҮОНРТ нийслэл хотын тулгамдсан асуудлыг хөндсөн тусгай цаг хөтөлбөртөө тусгана

Нийслэлийн Засаг даргын тамгын газар,  Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг санамж бичигт Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц  өнөөдөр гарын үсэг зурлаа. Санамж  бичгийн агуулга нь Монгол Улсын нийт хүн амын  50 гаруй  хувь нь  ажиллаж, амьдарч байгаа Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг хөндөж, гарц шийдэлийг  иргэдээр нээлттэй хэлэлцүүлж, шийдвэрлэх, нийслэл хотын тамгын газар, харьяа агентлаг, улсын өмчит үйлдвэрийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчилах ажлыг тусгасан байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 8 дугаар хуралдаан Хангарди ордонд 2017 оны 02 дугаар сарын 09-ий өдөр боллоо.  Хуралдаанаар “Аюулгүй хот”, “Нийтийн эдэлбэр газрыг тохижуулахад дагаж мөрдөх журам”, “Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн нэгдсэн стандарт” зэрэг төсөл болон Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээ, Нийслэл дүүргийн хилийн цэсийн зургийг батлах санал, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналын тухай хэлэлцлээ.

Хотын дарга Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтрийг  2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Австрали улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, томоохон хотуудтай эгч дүүсийн харилцаа тогтоох зэрэг асуудлыг ярилцлаа. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын санаачлагаар Улаанбаатарт байгаа Элчин сайдын яамдын хооронд “Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг энэ сарын 11-нд зохион байгуулна. Уг тэмцээнд Австрали-Канадын Элчин сайдын яамнаас хамтарсан баг оролцож байгаад хотын дарга талархлаа илэрхийлж, амжилт хүслээ. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай улсад байнга суух Австралийн хамгийн анхны Элчин сайдтай уулзаж байгаадаа  баяртай байна. Австралийн Элчин сайдын яам нээгдсэнээр хоёр талын эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байгаа” хэмээн онцоллоо.

   

Хотын дарга иргэдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулздаг ээлжит уулзалтаа өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байранд хийв. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнчулуун болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Тэдний тавьсан хүсэлтийг төр засаг хийгээд нийслэлээс зайлшгүй анхаарах ёстой гэдгийг Засаг дарга С.Батболд хэлээд “Та бүхэн НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэстэй хамтран ажиллах гэрээ байгуулаад хэрхэн яаж ажиллахаа тохиролцох хэрэгтэй. Зөвхөн санхүүжилт гэлтгүй зар сурталчилгаа хийх, залуучуудын идэвхийг сайжруулах, төр захиргааны байгууллагуудыг хамруулах зэргээр энэ онд хамтран ажиллах нь зүйтэй” хэмээлээ.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр сунгах захирамж гаргалаа

Нийслэлийн Газрын албанаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших эрхийн хугацааг таван жилээр сунгаж ирсэн. 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 15 жилээр сунгах захирамж гаргалаа. Ингэснээр иргэд, ААН өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаагаа тогтвор суурьшилтай, хөрөнгө оруулалтын зөв бодлого төлөвөлт хийж, төрийн хүнд суртал, хяналт шалгалтын давхардал, дарамтгүйгээр ашиглах боломжоор хангагдаж буй алхам юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн зүгээс газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож буй процесийг нээлттэй, ил тод авилгаас ангид байх “ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ” хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар эзэмшиж байгаа иргэд, ААН байгууллагууд газрын гэрчилгээгээ 3-5 жилээр сунгуулдаг байсан. Үүнийг өнөөдрөөс эхлэн 15 жил болгон сунгаж байна. Улсын хэмжээнд эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед амины орон сууцаа барих гэж буй иргэд, үйлдвэр, оффисоо бүтээн байгуулж буй ААН-үүдийг дэмжих зүй ёсны шаардлага  бий болсон. Цаашдаа Улаанбаатар хот Газрын биржтэй болно. Ингэснээрээ газрыг нээлттэйгээр, илүү зөв менежментэйгээр иргэд, аж ахуй нэгжид олгох, эзэмшүүлэх боломжтой болно гэж үзэж байна” гэдгийг цохон тэмдэглэлээ.

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр  боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн зөвлөгөөн нийт 11 үүрэг даалгавар өгөгдсөн байна. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тусгай төлөвлөгөө батлах тухай” 07/01 дүгээр тогтоолыг баталсан. Тогтоолын дагуу байгууллага бүр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, нийслэлийн дэд хөтөлбөр, Утаагүй хот төслүүдийг боловсруулан ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гарган гамшигт өртсөн айл өрхүүдийн нүүлгэх ажлын төлөвлөгөөний саналыг боловсруулж дээд шатны байгууллагад танилцуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

“Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт Багануур дүүргийн удирдлагууд оролцлоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагтай боллоо. 14 хоног тутамд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт болон дүүргүүдэд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж, тайлагнах юм.

Ингэснээр шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн ил тод байдлыг ханган, төрийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхийг хотын дарга онцоллоо. Ялангуяа төрийн ажлын уялдаа холбоог сайжруулж, дүүргийн мэдээллийн урсгалыг цэгцтэй болгох зорилгоор өнөөдрөөс эхлэн дүүргийн удирдлагууд Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийж эхэлж байна.

Гялгар уутны хэрэглээнээс татгалзахыг уриаллаа

Нийслэлийн Байгаль орчны газар, “ТЕХНОЖ БИТ” ТББ, Финландын ФЛОМ байгууллагын төлөөлөгчийн газартай хамтран олон нийтэд гялгар уутны хор уршигийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Гялгар уутнаас татгалах өдөр” санаачлага өрнүүлж байгаа талаараа 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж мэдэгдлээ. Хэвлэлийн хуралд нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, “ТЕХНОЖ БИТ” ТББ-ын захирал Г.Галаарийдий, НБОГ-ын Төсөл хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Золзаяа болон ТББ-уудын төлөөллүүд оролцов.

“Гялгар уутнаас татгалзах өдөр” санаачилга төслийг Канад сан, Дэлхийн зөн Монгол, Флом олон улсын байгууллагатай хамтран өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс энэ сарын 28 хүртэл хэрэгжүүлж байгаа аж. Төслийн нөлөөллийн ажлыг НЗДТГ, ХУД, СХД, Дундговь, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, их дээд сургуулиуд, супермаркетууд, сайн дурын ажилтан оюутнууд хамтран дэмжиж ажиллаж байгаа гэдгийг оролцогчид хэлж байлаа.  

Олон улсын жишгээр “ГЯЛГАР УУТНААС ТАТГАЛЗАХ ӨДӨР”-ийг санаачлах хөдөлгөөн өрнүүлж  төр, олон нийтэд гялгар уутны хор уршгийг таниулж, зохистой хэрэглээний соёлыг төлөвшүүлэх нөлөөлөл хийснээр байгаль орчин болон хүний эрүүл мэндийг хамгаалах, ногоон хөгжилд бодитой хувь нэмэр оруулах болно гэдгээ албаны хүмүүс хэллээ.

“Гэртээ харих зам” Сонгинохайрхан дүүрэгт үргэлжиллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлд гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор “Сүүдрээс гэрэлд” бодлогын зорилт дэвшүүлсэн билээ. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Нийгмийн халамжийн газраас “Гэртээ харих зам” хөтөлбөрийг дүүргүүдийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын харьяа хэлтэс, албадын удирдлага, албан тушаалтнуудад танилцуулж, сургалт зохион байгуулж байгаа юм.  Энэ удаад Сонгинохайрхан дүүрэгт уг хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөмж, зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.  

Тус хэлэлцүүлгийг нээж нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “ “Гэртээ харих зам” нь нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдаж, НИТХ-аар батлагдсан хөтөлбөр юм.

“Улаанбаатарын өвлийн наадам” өнөөдөр болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам-2017” гэр бүлийн баярыг энэ амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах гэж байна. Өвлийн спортын төрлийг хослуулсан тус наадмын хүрээнд мөсөн шагайн харваа, мөсөн сурын харваа, мөсөн хананы авиралт, уран гулгалт, шүхрийн үзүүлбэр, мөсөн шатар, өвлийн дугуй, 4 дугуйт мотоциклийн парад зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн хамгийн сайхан үндэсний хувцастай оролцогчийг шалгаруулахын зэрэгцээ гэр бүлийн хөгжөөнт болон цасан урлалын тэмцээн явуулна. Түүнчлэн аяллын хувцас, хэрэглэлийн үзэсгэлэн худалдаа гаргах юм байна.

Наадмыг үзэхээр ирсэн иргэд, жуулчид сур, шагай харваж, мөсөн хананд авирч, өвлийн дугуй, нохойтой чарга унан нэг өдрийг зугаатай өнгөрөөх боломжтой юм. Өвлийн наадмын нээлт маргааш 12:00 цагт болно.

“Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баяр болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан наадам зохион байгуулах ажлын хэсэг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хуралдлаа.

Гэр бүлийн баяр энэ амралтын өдрүүдэд буюу 2017 оны 2 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм.

Ирэх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргасан билээ. Уг захирамжаар ирэх амралтын өдрүүд буюу хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцох юм.

Дугаарын хязгаарлалтын хувьд өвлийн цагийн хуваарийн хамрах хүрээн дээр Саппорогийн уулзвараас, Таван шарын уулзварыг оруулжээ. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас зорчин ирж байгаа тээврийн жолооч нар тухайн цаг үеийн бүсчлэлийг анзаарч, цагаа тохируулан замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа. Түүнчлэн Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулжээ. Энэ нь тус худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш чиглэлтэй далангийн уулзвар хүртэл, далангийн уулзвараас хуучнаар “Судалт” төвийн уулзвар хүртэл баруунаас зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40845
0 эможи
keyboard_arrow_up