ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 2 сарын 04

Энэ долоо хоногт НИЙСЛЭЛД болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 

Нийслэлийн удирдлагууд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан, үр хүүхэд, төрөл төрөгсөд, түүх судлаачид  Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ойн хүрээнд Тусгаар тогтнолын ордонд СТА, Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач  О.Баатарын Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн байна. Мөн Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг дэлгэж, Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх зэрэг хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

Нийслэл “Вэйсис” ХХК-тай хамтарч авто зогсоолын шинэ шийдлийг нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү Нидерландын Вант улсын “Вэйсис” ХХК-ийн Зөвлөх зөвлөлийн ерөнхийлөгч Пол Стаартжес нар хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.  Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын авто зам, зогсоол, нийтийн тээврийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи болон шилдэг менежментийн шийдлүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах юм байна. Түүнчлэн  авто зогсоолын шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах үр дүнд хүрэх зорилготой аж.

“Зөвлөх зөвлөл”-ийнхөн ажлын төлөвлөгөөгөө баталлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй НИТХ-ын дэргэдэх “Зөвлөх зөвлөл”-ийн гишүүдтэй 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр  уулзлаа. Уг зөвлөлд 1992 оноос хойш НИТХ-ын даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлага багтсан байна. Өнөөдрийн уулзалтаараа зөвлөлийн даргаа сонгосон юм. “Зөвлөх зөвлөл”-ийг 1996-2000 онд НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Баасанжав даргалахаар болов.

НИТХ-ын дэргэдэх “Зөвлөх зөвлөл” өнөөдрийн хурлаараа энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Тэд энэ онд НИТХ-ын Тэргүүлэгчидтэй уулзаж сургалт зохион байгуулах, тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай асуудлаар зөвлөмж өгөх, гаргасан нийтлэг шийдвэрийг сурталчлах, биелэлтэд хяналт шинжилгээ хийх, Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Төр сүм хийдийн хугацааны тухай хуулийн талаар хэлэлуүүлэг, ярилцлага зохион байгуулж, санал өгөх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж чиглэл өгөх аж. Түүнчлэн “Зөвлөх  зөвлөл” нь “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг ажил хэрэг болгоход ИТХ, түүний Тэргүүлэгчид, хороод, ажлын албаны хүмүүст зөвлөгөө өгөх, зарим ажлыг санаачлан зохион байгуулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц хайхад дэмжлэг үзүүлэх зорилготой юм .

Нутгийн удирдлагын холбоо дүүргүүдийн ИТХ-тай хамтран ажиллана

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын дэргэд НИТХ-ын үе үеийн дарга нараас бүрдсэн Зөвлөх зөвлөл байгуулагдсан билээ. НИТХ-ын дарга Ц.Сандуй 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр  зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзсан юм. Уг уулзалтын дараа Нутгийн удирдлагын холбооны Нийслэлийн салбар зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй Нутгийн удирдлагын холбооны салбар зөвлөлийн дарга нар буюу дүүргийн ИТХ-ын дарга нартай нутгийн удирдлагын холбооны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудын хүрээнд Нийслэл, дүүрэг, хорооны өөрөө удирдах байгууллагын сонгуультан ажилтнуудад хууль эрхийн болон онол арга зүйн мэдээлэл өгөх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, Нутгийн удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахад санамж бичгийн гол зорилго оршиж байна.

Сар шинийн баяртай холбогдуулан хотын дарга захирамж гаргалаа

Сар шинийн баяртай холбогдуулан орон нутгаас хотыг чиглэсэн хөдөлгөөн мөн томоохон зах худалдааны төвүүдийг чиглэсэн хөдөлгөөн эрс ихэсдэг. Улмаар автозамын ачаалал нэмэгдэж, түгжрээ саатал их бий болдог тул нийслэлийн Засаг дарга 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн А/51 дүгээр захирамж гаргалаа. 

Тус захирамжийн дагуу автомашины дугаарын хязгаарлалт болон автозамын хөдөлгөөнд хэрхэн өөрчлөлт оруулсан талаар Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хорооны дарга хурандаа Б.Батболд “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу иргэдэд түргэн шуурхай аюулгүй зорчиулах зорилгоор Замын цагдаагийн албанаас дараах арга хэмжээ авч ажиллана. Амралтын өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 11, 18-ны бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн, хоёрдугаар сарын 12, сарын 19-ний ням гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно. Мөн төвлөрсөн зах, томоохон худалдааны төвүүд рүү чиглэсэн авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах тул иргэд заавал томоохон худалдааны зах, төв рүү зорчихгүй байх, цаг зав, бензин шатахуунаа хэмнэх, ая тух таатай үйлчлүүлэх боломжит нөхцөлийг бүрдүүлж байна.

“Нээлттэй ажлын байр” өдөрлөгөөр 1000 орчим иргэн бүртгүүлжээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Нээлттэй ажлын байр” өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр боллоо.  Өндөр боловсрол, мэргэжил, мэдлэгтэй, эх орныхоо бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуусыг ажлын байранд урьж байгаа юм. Өдөрлөгт залуус идэвхтэй оролцож байгааг нэгдсэн төвийн ажилтнууд хэлж байлаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт очсоноор нийслэлийн харьяа газруудаас санал болгож байгаа ажлын байрны талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой юм.

Залуус www.ulаanbaatar.mn цахим хуудсанд хандан, нээлттэй ажлын байр гэсэн хэсэгт бүртгүүлэх боломжтой юм. Энэхүү цахим бүртгэлийг 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллуулсан. Цахим бүртгэлд  өнөөдөр өдрийн 11 цагийн байдлаар 1000 орчим иргэн бүртгүүлжээ.

Нийслэлийн бүтээн байгуулалтад залуусыг оролцохыг урьж байна

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагыг өндөр чадамж, бүтээлч хандлагатай залуу боловсон хүчнээр сэлбэн бэхжүүлэх, төрийн албанд орох боломжийг нээх, нийслэл хотын хөгжил, бүтээн байгуулалтад тэднийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ажлын байрны нээлтэй өдөрлөг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж байдаг. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг өдөрлөгийн үеэр олон нийтэд танилцуулах юм” хэмээн НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр ярилаа.

Нээлттэй ажлын байрны өдөрлөгийн үеэр харьяа агентлаг, нийслэл болон орон нутгийн өмчит газруудын мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой аж. Нийслэл хотын бүтээн байгуулалтад нэн шаардлагатай нарийн мэргэжлийг эзэмшсэн аль эсхүл одоо эдгээр мэргэжлээр магистрт суралцаж байгаа нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус www.ulaanbaatar.mn албан ёсны цахим хуудас дахь “Нээлттэй ажлын байр” цонхыг дарж анкетаа бөглөн мэдээллийн санд бүртгүүлэх боломжтой юм байна.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг нийслэлчүүдэд танилцуулж, санал авлаа

Нийслэлээс 2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд УИХ-ын зарим гишүүнтэй хамтран санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулах нийслэлчүүдийн саналыг сонслоо. Уулзалтын эхэнд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг иргэдэд танилцууллаа.

“Шинэчилсэн найруулгын төсөл нь 7 хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй. Энэ хууль батлагдан гарвал төрийн албан хаагчид хэзээ, хэн намайг ажлаас халах бол гэх айдасгүй, өөрийн мэдлэг чадвар, туршлагаа үнэлүүлэн мэргэжлийн хувьд ахиж дэвших боломжоор бүрэн хангагдах болно” гэж УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тодотгож байлаа.

Нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх хамтарсан уулзалт боллоо

Монгол Улсад "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх" төслийн төлөвлөлтийн талаар хэлэлцэх уулзалт нийслэлийн төр захиргааны Хангарди ордонд боллоо. Уулзалтыг Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэстэй хамтран  зохион байгуулж байгаа юм. Уг арга хэмжээг нээж нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон дэлхийн банкны суурин төлөөлөгч  нар үг хэллээ.

Уг төслийн зорилго нь Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс төрийн байгууллагад хариуцлага тооцох чадавхыг нэмэгдүүлэх, үр дүн тооцох, албан ёсоор хэлбэржүүлэх, нийгмийн хариуцлагын институцийг бэхжүүлэх арга замуудын тусламжтай Монгол Улсын үндэсний болон орон нутгийн түвшин дэх улсын салбарын нөөц, хөрөнгө оруулалтын удирдлагыг илүү ил тод, хариуцлагатай, үр дүнтэй болгон нийгмийн  хариуцлагыг бэхжүүлэхэд оршино.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40641
0 эможи
keyboard_arrow_up