ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: НИЙСЛЭЛ

2017 оны 1 сарын 28

 

 

НИТХ сар бүр агаарын бохирдлын асуудлаар хуралдана

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн  долоодугаар хуралдаанаар агаарын бохирдлын асуудлыг хөндөж, нийслэл хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, оршин суугч бүр хохирч байна. Энэ аюулыг гэтлэн давахын тулд нийслэлчүүд бид нийтээрээ хариуцлага хүлээх цаг ирлээ. Зөвхөн төр засаг биш, хэн нэгэн хүн биш, хамтын хүчээр утаатай тэмцэх хэрэгтэй болж байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар хотоос авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ нь тогтвортой биш, байнга өөрчлөгдөж байснаас үр нөлөө нь хангалтгүй байгааг бид өдөр тутамдаа мэдэрч байна. Үүнээс бид сургамж авах учиртай. Өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах асуудлыг олон өнцгөөс харж, нухацтай хэлэлцэн, агаарыг цэнгэгжүүлж, орчны бохирдлыг бууруулах, иргэдээ хамгаалах талаар онцгой горимын хугацаанд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээгээ тодорхойльё” гэлээ. Тэрбээр мөн хотын утааны асуудлыг зун, өвөл гэлгүй НИТХ сар бүр хэлэлцэж, үр дүнг ярилцаж байхыг онцлов.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд танилцууллаа. Хотын дарга өнгөрсөн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад төрөөс хичнээн төгрөг зарцуулсан болоод үр дүнгийн талаар эхэнд нь дурьдав. Тэрбээр “2007-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улс, нийслэлийн төсвөөс 119 тэрбум 779 сая төгрөг, олон улсын зээл, тусламжаас 87 тэрбум 185 сая трөгрөг буюу нийт 206 тэрбум 964 сая төгрөг зарцуулсан. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдвал “Байгальд халгүй түлшний үйлдвэрлэлийг дэмжих төсөл”, “Нүүрс” хөтөлбөр гээд нэрлэж болно. “Нүүрс” хөтөлбөрийг онцолж хэлэхэд, Багануурын нүүрсийг түлшинд ашиглаж, тоосонцор болон хүхрийн агууламжийг бууруулах зорилготой байсан ч түүхий нүүрсний хэрэглээг бууруулах биш эсэргээр нэмэгдүүлсэн юм. Эдгээр төсөл дунд хэрэгжилт нь сайн төсөл ч бий, үр дүнгүй төсөл хөтөлбөр ч байна” хэмээн ярилаа.

С.Батболд: Өнөөдрөөс эхлэн нэг ч эх, хүүхдийг эмнэлгийн шалан дээр хэвтүүлэхгүй

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой“ ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр  нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулан өглөө. Есөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон төрөх эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэх болон нөөц 285 ор, нярайн шарлалтыг эмчлэх  шарлагын 25, амьсгалын 1 аппарат өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд эхлээд “Амгалан” амаржих газарт очиж, тоног төхөөрөмж гардуулав. Тус амаржих газарт өвчтөний 4 ор, шарлагын 7 аппарат хүлээлгэн өгч, үйл ажиллагаатай нь танилцлаа. Хотын дарга хэлэхдээ “Юун түрүүнд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан “Оюу толгой” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье. Хүлээлгэн өгч байгаа нөөц ор нь нийслэлд амьсгалын цочмог халдварт өвчний дэгдэлтийн идэвхтэй үе  зэрэг иргэд олноор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, эмнэлгийн ачааллыг огцом нэмэгдүүлдэг нөхцөлд  иргэдэд ая тухтай үйлчлэхэд их хувь нэмэр оруулна.

“Өнөөдрөөс эхлэн орны хүртээмжгүйгээс нэг ч эх, хүүхдийг эмнэлгийн шалан дээр хэвтүүлэхгүй” гэдгийг онцлов. “Амгалан” амаржих газрын тухайд 150 ор бүхий хүчин чадалтай, ашиглалтад ороод  2 жил болж байгаа учраас эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд нүүр улайхааргүй болсон ч  ид ачааллын үед орны хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Өнөөдрөөс  200  ор бүхий хүчин чадалтай болж байна гэдгийг эмнэлгийн дарга хэллээ.

.

Нийслэлийн ХУД-ийн нэхмэлийн шар 14 дүгээр байрны суурин дээр барьсан 167 айлын орон сууц НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын суурин дээр барьсан иргэдийн амьдрах ая тухтай, аюулгүй орчныг бүрдүүлсэн дахин нэг шинэ орон сууцны нээлт 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр боллоо.

Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 14 дүгээр байрны суурин дээр “Нутгийн буян групп” ХХК 167 айлын 16 давхар орон сууцны барилга барьжээ. Тус байрны оршин суугчдад өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ХУД-ийн Засаг дарга Алдаржавхлан, ХУД-ийн ИТХ-ын дарга Цэрэн, “Нутгийн буян групп” ХХК-ийн захирал Л.Бат-Орших нар түлхүүрийг нь гардуулан өглөө.

Хан-Уул дүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн гэх тодотголтой байрнууд ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдрах боломжгүй гэсэн  Улсын мэргэжлийн  хяналтын дүгнэлт 2014 онд гарсан байдаг. Ингээд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, 3 дугаар багцад “Нутгийн буян групп” ХХК шалгарсан байна. Тус компани 2015 оны 6 дугаар сараас Нэхмэлийн 14 дүгээр байрны оршин суугчидтай гэрээ байгуулсаны үндсэн дээр орон сууцны барилгын ажлаа эхлүүлж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр эхний ээлжийн 167 айлын 16 давхар орон сууцны барилгыг Улсын комисст хүлээлгэн өгчээ. Дахин төлөвлөлтөд хамрагдсан 45 айл ийнхүү дулаан, тохилог орон сууцанд амьдрах боломж нээгдэж байгаа юм. Мөн дээрх 45 айлаас гадна 122 өрх  ч сар шинийн баярын өмнө шинэ байртай болох боломж давхар олгогдож байна.

Дөрвөн хүний амь аварсан дэслэгчийг тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав

Галын аюулаас гэр бүлийн 4   хүний  амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн  Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярын сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригийг үнэлэн нийслэлийн Засаг дарга “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр шагналаа.

 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Өнөөдөр бид бүхэн нэгэн сайхан үйл явдлын гэрч болж байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр өнгөрсөн 24-ны өдөр 4 хүний амь насыг аварчээ. Мэдээж цагдаагийн алба хаагч нь хүн ардынхаа амар амгалан, аюулгүй байдлын төлөө өдөр шөнөгүй үүрэг гүйцэтгэж байдаг. Тэр дундаа онц байдалд өөрийн мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа гарган эрдэнэт хүний амийг аварна гэдэг маш сайшаалтай хэрэг юм. Залуухан дэслэгчдээ ажлын амжилт хүсье. Цаашид мэргэжилдээ улам чадваржиж, ард иргэдийнхээ авулгүй байдлыг сахин хамгаална гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Бүх түвшинд сахилга хариуцлагыг чанд мөрдөн ажиллахыг анхаарууллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр төр захиргааны Хангарди ордонд дүүргийн Засаг дарга болон төсвийн шууд захирагч нартай гэрээ байгуулж гарын үсэг зурлаа. Нийслэлийн Засаг даргын орлогчид болон нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчтай “Удирдлагын гэрээ”, дүүргийн Засаг дарга нартай “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээ”, төсвийн шууд захирагч болон харьяа байгууллагын удирдлагуудтай “Үр дүнгийн гэрээ” байгуулсан юм. Гэрээг хагас жил болон бүтэн жилээр нь дүгнэх аж. Биелэлтийг хангаж ажиллаагүй дүүрэг, байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцох заалт уг гэрээнд туссан байна.

Гэрээ байгуулах ажиллагааны эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүрэг, байгууллагын удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ “2017 оныг иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгосонтой холбогдуулан бүх түвшинд сахилга хариуцлагыг чанд мөрдөх, төрийн чиг үүргийг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэхэд анхааран ажиллах нь зүйтэй. Гэрээний заалт нэг бүрийн хэрэгжилтийг та бүхэн цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, биелэлтийг тухай бүр нийслэлийн Тамгын газарт танилцуулах хэрэгтэй. 2017 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөнд тусгагдсан  ажлуудыг оны эхний хагаст 80 хувийг нь хэрэгжүүлсэн байхаар гэрээний хавсралт болох байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан байгаа. Төлөвлөгөөний хэрэгжилтийг хугацаанд нь биелүүлэх талаар онцгой анхаарах шаардлагатай” хэмээлээ.

П.Баярхүү: Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд шат дараатай арга хэмжээг авах болно

Нийслэлийн засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Ажлын хэсэгт Нийслэлийн тээврийн газрын орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа, Нийслэлийн тээврийн газрын Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Баярт нар багтсан юм. Ажлын хэсэг нийтийн тээврийн үйлчилгээний компаниудаас томоохонд тооцогддог Автотерминал трейд ХХК, Атибус ХХК, Тэнүүн Огоо ХХК, Сутайн буянт ХХК, Эрдэмтранс ХХК зэрэг байгууллагын нөхцөл байдалтай танилцаж,  удирдлагуудтай уулзан санал солилцлоо.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээвэрт 1167 автобус бүртгэлтэйгээс өдөр тутамдаа  ажлын өдрүүдэд 926 автобус, амралтын өдрүүдэд 664 автобус нийслэлчүүдэд үйлчилж байна. Нийт 20 нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагын 1241 тээврийн хэрэгсэл байснаас энэ сарын 2-ны өдөр нийт 116 автобусыг хугацаа хэтэрсэн, техникийн шаардлага хангахгүй хэмээн үзэж үйлчилгээнээс хассан байна. Нийтийн тээврийн 326352, 323176 гэсэн 24 цагийн санал авах утсаар иргэдээс маш их санал, гомдол ирдэг. Тухайлбал жолоочийн ёс суртахуунгүй байдал, автобусан дотор тамхи татах, жолоо барьж байх үедээ утсаар ярих, бэлэн мөнгөний хайрцаг руу мөнгө хийхэд загнах, мөнгийг дундаас нь авах, автобусны цэвэрлэгээний байдалтай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү уулзалтын үеэр:

Нийслэлд хугацаа нь дууссан, насжилт өндөртэй, хорт утаа ихээр ялгардаг тээврийн хэрэгсэл маш олон байна. Тиймээс нийслэлийн зүгээс үе шаттайгаар солих буюу парк шинэчлэлт хийхээр зорьж байна.  Энэ ажлын хүрээнд Улаанбаатартай ах дүүгийн найрсаг харилцаатай БНСУ-ын Сөүл хотоос 7-8 жил явсан 1000 автобусыг үнэ төлбөргүйгээр нийлүүлэхээр ярьж байна. Монголын талаас зөвхөн гааль, татвараа хариуцах нөхцөлтэйгээр ярьж байна. Ингэхдээ илүү дэвшилтэт цахилгаан болон газын түлш хэрэглэдэг автобус сонгох нь байгаль орчинд ээлтэй шийдэл гэж үзэж байна.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн энэ оны анхдугаар хурал 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр  Улаанбаатар хотын  цагдаагийн  газарт боллоо.

Хуралд НИТХ-ын дарга НГХУСАЗЗ-н дарга Ц.Сандуй, НЗД-ын орлогч, зөвлөлийн гишүүн П.Баярхүү, УБХЦГ-ын дарга, туслах комиссар, зөвлөлийн гишүүн  Ж.Эрдэнэболд, НМХГ-ын дарга, зөвлөлийн гишүүн Л.Эрдэнэчулуун, ШШҮХ-н химийн лабораторийн эрхлэгч Л.Ламчин, УБХЦГ-ын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ү.Хосбаяр, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга, зөвлөлийн гишүүн  О.Чинзориг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга, зөвлөлийн гишүүн Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хурлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар гэмт хэрэг, зам тээврийн ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, 2017 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан юм.

 

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр  хуралдлаа. Хурлаар Налайх дүүрэгт гарсан хонь, ямааны цэцэг өвчний нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Хан-Уул дүүргийн XII хороонд олон тооны мал нохойд бариулсан талаарх мэдээллийг танилцуулж, хэлэлцүүлэв. 

Гоц халдварт цэцэг өвчнийг бусад дүүрэгт зөөвөрлөгдөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай авах, нийслэлийн хэмжээнд өвөлжиж буй бог малыг нэн даруй вакцинжуулах, эрсдэл бүхий нутаг дэвсгэртэй залгаа суурьшиж буй айл өрхүүдэд тандалт хийх, үзлэг зохион байгуулах, иргэдэд цэцэг өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээ мэдээлэл хүргэж, гамшгаас хамгаалах албадын харилцан уялдааг сайжруулж, зохицуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих, ажиллах хүн хүч, тээврийн хэрэгсэл бусад холбогдох зардлыг батлагдсан төсвөөс санхүүжүүлж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж ажиллахыг, дүүргийн залгаа аймаг, сум, дүүргээс гарал үүслийн бичиггүй амьд мал, мах махан бүтээгдэхүүний, түүхий эд нэвтрүүлэхгүй байхыг тус тус холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны анхдугаар хурал боллоо

"Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл"-ийн 2017 оны анхдугаар хурал өнөөдөр Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд боллоо.

Тус хурлыг БХБ-ын сайд Г.Мөнхбаяр удирдан явуулсан бөгөөд энэ удаагийн анхдугаар хуралдаанаар "Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө"-г танилцуулж, "Газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй орчинг бий болгох" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ажлын явцтай танилцсан юм. Анхдугаар хуралд БХБ-ын яамны сайд Г.Мөнхбаяр, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү болон бусад албаны хүмүүс оролцлоо.  

Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийг амжилттай хэрэгжсэн гэж дүгнэв

Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн хоёрдугаар үе шатны эцсийн тайланг баталгаажуулах ёслол 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага Япон улс дахь төв офиссын ахлах зөвлөх ноён Яамада Тайзо нар тайланг дүгнэн хэлэлцэж, баталгаажуулан гарын үсэг зурлаа. Ёслолын ажиллагаанд нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн Япон талын удирдагч Фукаяама Акэо болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка нь олон жилийн өмнөөс манай улстай хамтран ажиллаж ирсэн. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод агаарын бохирдол, ногоон хөгжил рүү чиглэсэн олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Бид агаарын чанарыг судлах, хяналтыг бэхжүүлэх төслийг хоёр үе шаттайгаар амжилттай хэрэгжүүллээ. Улаанбаатар хот утааг хэмжих багаж, тоног төхөөрөмжтэй болсон. Энэ төслийн хүрээнд маш олон чиглэлээр суурин болон явуулын байдлаар агаарын бохирдлын хэмжээг судлаж, тогтоож чаддаг боллоо. Улаанбаатар хотын зүгээс Жайкатай олон чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа” гэлээ.

Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг танилцуулах семинар болж байна

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг танилцуулах семинар 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  Нийслэлийн Иргэний танхимд  болж байна.

Тус арга хэмжээнд НЗД-ын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийслэлийн авто замын хөгжлийн  газрын орлогч  дарга Б.Индра болон ЖАЙКА,  Асахикава хотын төслийн баг болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү гарын авлагыг ЖАЙКА-гийн “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Хүйтэн, сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулжээ.

Семинарт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Монголын Авто замчдын холбоо, Зам, тээврийн хөгжлийн төв, Зам барилгын болон хяналтын зөвлөх үйлчилгээний компаниуд оролцож байгаа юм байна.

“Хүрээ” амаржих газар шинэ барилгатай болохыг хүслээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн амаржих газруудаар явж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.

“Хүрээ” амаржих газар нь СХД-ийн нийт 22 хорооны эхчүүдэд үйлчилдэг байна. Өдөрт дунджаар 10-15 эх амарждаг аж. Ачаалал их, орны хүрэлцээ муугаас өнөөдрийн байдлаар дутуу тээлтийн тасагт л гэхэд 11 орон дээр 28 эх хэвтэн эмчлүүлж байгааг хотын даргад дуулгаад шинэ барилгатай болохыг хүслээ.  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ ”Хотын төвд  байрлалтай, хүн амдаа эмнэлгийн  яаралтай тусламжийг  хагас  жаран хүргэж ирсэн “Хүрээ“ амаржих газрын барилгын шинэчлэлийн асуудалд онцгойлон анхаарна.  Газрын асуудал нь шийдэгдэж, зураг төсөл нь хийгдсэн байгаа нь сайшаалтай. Гадаад, дотоодын зээл тусламжаар  эмнэлгийн барилгын асуудлыг  шийдвэрлэхэд анхааран ажиллана“ гэдгийг хэлсэн юм.   Шинэ зураг төслөөр амаржих газрын барилгыг 6 давхар байхаар тооцож, хүчин чадлын 180 ортой байхаар тусгасан байна. Эмнэлгийн барилга шинэчлэгдэхийг дагаад боловсон хүчин, тоног төхөөрөмж гээд олон

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40438
0 эможи
keyboard_arrow_up